Геологи, уул уурхай, үйлдвэрийн сайд асан, Геологийн эрдэс зүйн ухааны доктор Ч.Хурцтай ярилцлаа. Тэрбээр хэсэг эрдэмтдийн хамт төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулаад байгаа юм.
-Төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах баримт бичгийг УИХ-д өргөн барьсан. Энэ баримт бичигт ахмад эрдэмтэдийн санаа бодол ихээхэн туссан гэж ойлгож байгаа. Учир нь та бүхэн ажлын хэсэг гарган ажилсан байгаа?
-Бид анх Монголд геологийн алба байгуулагдсан 1957 оноос хойших ба түүнээс бүр өмнөх түүхэн үетэй геологийн судалгааны өнөө үе гэж тодорхойлоод 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл геологийн судалгааны тулгамдсан асуудлууд юу байна вэ гэдэг эрдэм шинжилгээний үндэслэлтэй дүгнэлт гаргаад, материалаа цэгцлээд дууссан.
Эдгээр материалыг цэгцлэхэд эрдэмтэн Авирмэд асар их ач холбогдолтой оролцсон. Авирмэд эрдэмтэн 200 гаруй орд газрын ТЭЗҮ-ийг боловсруулсан хүн шүү дээ. Тийм учраас эрдэс түүхий эд бий болох нөөц талаас нь биш эрдэс баялгаа яаж ашиглавал зөв бэ, үүнд ямар нөөцийг нөөц гэж авах юм, ТЭЗҮ-ийг яаж боловсруулж үйлдвэрийн түвшинд хийх вэ гэдэг асуудлыг тодруулсан.
Мөн ямар ч том эрдэмтнээс илүү энэ ертөнцийн орд газрууд, эрх зүйн орчин, зэс хайлуулах үйлдвэрийн техник технологийн талаар дэлхийг тойроод үзчихсэн Дамбадаржаа гэдэг хүн бидэнд судалгааны саналаа өгсөн. Тэгэхээр энэ хүний үзсэн харсан зүйл төрийн тогтолцоонд, ялангуяа Чили улсын төрийн тогтолцоонд Чили улсын зэсийн талаар баримталдаг бодлогын талаар гарамгай том бодлого боловсруулсан саналаа бичиж өгсөн.
-Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжөөд 100 гаруй жил болсон ч 100 хувь өөрсдийн гэсэн үйлдвэргүй сууж байна. Энэ нь уул уурхайн талаар төрөөс баримтлах бодлогогүй, байсан ч бодит зүйл байгаагүйтэй холбон тайлбарлах эрдэмтэд олон байдаг?
-Манайхан төрийн бодлого энэ гээд маш олон хуудастай зүйл гаргаад тавьчихаж чадна. Гэхдээ төрийн бодлогыг хуудасны тоогоор тодорхойлдоггүй юм. Төрийн бодлого бага хуудастай ч байж болно. Гэхдээ баримтлах чиг бодлого нь эрдэм шинжилгээний үндэслэлтэй, өнөөгийн улс оронд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхэд хэрхэн ажиллах ёстой вэ гэдгийг л тодорхойлох ёстой.
Би Монголын эрдэс баялгийн салбарт 52 жил ажилласан, эрдэм шинжилгээний ажилд оролцож байсан бүтээн байгуулсан үйлдвэрүүдийн өнөөдрийн цогцолборыг бүгдийг нь санаачлахад идэвх чармайлт гаргасан хүн. Чухамдаа 1980 оноос хойш Бор-Өндөрийн дайтай үйлдвэрийг Монгол Улс өнөө хүртэл байгуулж чадаагүй. Сүүлийн үед улстөр эрдэс баялгийн салбарт хандах нь нэмэгдлээ. Улстөржсөн бодлогын үүднээс талцаж муудсаар байгаад өнөөдөр юу юу ч үгүй сууж байна.
Улстөрийн бодлогыг шинжлэх ухааны үндэстэй гаргаж тавьсан мөртлөө түүнийгээ хэрэгжүүлэхгүй, хоорондоо улсын төсөв, хөрөнгө оруулалтын мөнгийг аль нам хариуцах вэ хэмээн маргалдсаар байгаад ямар ч үйлдвэр байгуулсангүй.
Дэлхийн олон орны үндэстэн дамнасан корпорациудын үйл ажиллагааны талаар гарсан “Эдийн засгийн алуурчид”-аас нь эхлээд тэдний золиос гэх мэт номнууд, даяан дэлхий дээр болж буй өрнөл процесс, XXI зууны эхний хагаст улс орны хөгжлийн талаар гаргасан ном судруудыг уншсан учраас энэ бүгдэд анализ хийж, бодлогоо боловсруулсан.
-Мэдээж төрөөс баримтлах бодлого улс орны эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэх ёстой байх?
-Бидний боловсруулсан бодлого бол бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд ихээхэн анхаарлаа хандуулсан. Өөрөөр хэлбэл манай орны хэт төвлөрөл Улаанбаатар руу хандаж байгаа. Энэ хандлагыг саармагжуулахын тулд том үйлвэрүүдээ улс орны хэмжээнд байгуулж, түүндээ тохирсон нийгэм, эдийн засаг, улс орны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох шаардлагатай байгаа юм. Тийм учраас Монгол орны эрдэс, түүхий эдэд түшиглэсэн хөгжлийн философийн асуудлыг анализ хийсний үндсэн дээрээ энэхүү асуудлыг гаргаж тавьсан.
Дэлхий дахинд сүүлийн үед урьдын Африктай хаьцаж байсан харьцаагаар биш, XXI зуунд улс орны тэнцвэртэй тэгш хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх зам руу ороод он удаан жилд худалдан авах нийлүүлэлтийн түншлэл хийх бодлогыг хэрэгжүүлж байна. Европын холбоо санаачлаад түүн дотроо Герман улс энэ тал дээр анхны том гэрээг байгуулсан.
-Манай улсын хувьд энэ бодлого хэрхэн хөрсөн дээр буух вэ?
-Технологийг орон нутагт нь байгуулъя. Тухайлбал ган хайлуулах үйлдвэрийг ямар зорилгоор байгуулах вэ, түүнд нь нийцсэн гангийн үйлдвэр байгуулж өгнө.
Энэ чиглэлээр Япон улс стратегийн түншлэл гэдэг төслийг хэрэгжүүлэхийг хүссэн. Энэ ярианы цаад утга нь Япон орон өөрөө өндөр хөгжилтэй орон учраас тэр үйлдвэрийнхээ хүчин чадлыг он удаан жил хадгалахын тулд эрдэс баялгаар баян Монгол мэт улсад технологийг нь байршууулъя, эцсийн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээл дээр худалдаж авъя, харилцан тэгш ажиллая гэсэн чиг хандлагатай байна. Энэ бол эрин зууны хөгжлийн дэлхийн хандлага болохоос биш монголчууд ухаантайдаа боловсруулаад хийж байгаа юм биш. Үүнийг дэлхийн бүх орон XXI зууны хөгжлийн чиг хандлага болгох гэж байгаа учраас л энэ чиглэл рүү орооч ээ, үүнийг манай төр засаг өргөн хүрээтэй хараач ээ гэж л хэлж байгаа юм.
Товчхондоо бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд зохицуулан энэ бодлогыг боловсруулсан. Бид Монгол Улсын хөгжлийн төлөө үг хэлж байгаа болохоос биш төр засгийн бодлоготой тэрсэлдэх гэж юм уу, түүнтэй зөрчилдөх гэж байгаа юм биш. Бидний боловсруулсан бодлого эцсийн үнэн гэж би хэлэхгүй. Гэхдээ бодлогыг нягтлан үзэж, олон салбар шинжлэх ухааны эрдэмтдийн үндэслэлтэй дүгнээсэй.
-Манай улсын үе үеийн төрийн эрх барьж байсан удирдлагууд бүсчилсэн хөгжлийн талаар байнга ярьдаг байсан шүү дээ?
-Тийм ээ. Эрдэс баялгаа ашиглах, улс орон хөгжлийнхөө чиглэлийг тодорхойлохын тулд юуны өмнө улстөрийнхөө чиг бодлогыг зөв сонгох хэрэгтэй. Улстөрийн бодлого нь туйлбартай зөв гарч ирснээр нийгэм, эдийн засгийн бүх бодлого улстөрийн бодлогоо дагаад гарна. Өнөөдөр дэлхийн хөгжлийн системийн дундуур явж байгаад хөгжинө гэвэл ийм юм байхгүй.
Энэ нь улстөрийн бодлогын саармагжилт буюу улстөрийн бодлогогүй болох гол нөхцөл болдог юм. Тийм учраас хөгжлийн философийг боловсруулаад, тэр философийнхоо үндсэн дээр бодлогоо боловсруулж хэрэгжүүлэхийн тулд хуулиа хийх ёстой. Ийм л замаар Монгол Улс төрийн бодлогоо дахин дахин үзэж, дахин дахин хянах ёстой.
-Танай ажлын хэсгийн судалгаагаар Монгол Улсын судлагдаагүй үлдсэн газар нутгийн хэмжээг тогтоосон уу?
-Монгол Улсын газар нутгийн судалж дуусах болоогүй. Газрын гадаргууд илэрсэн ашигт малтмалынхаа 50 хувийг монголчууд олсон бол геологийн судалгаа их сайн явж байна гэж хэлэхсэн.
Харамсалтай нь тийм юм алга. Оюу толгойн орд газрыг нээхдээ манай гавьяат геологич Гарамжав онолын хувьд ийм л орд байх ёстой гэж бусдыг гуйсаар байж эхлүүлсэн. Гэтэл одоо Гарамжавын гавьяаг магтах хүн ховор байна шүү дээ. Зүй ёс нь Гарамжав өнөөдөр Монголд асар хүндтэй геологич байх бүх нөхцөл нь хангагдсан. Монгол хүн “Би дэлхийн хэмжээний орд нээсэн” гэж бахархаж, тэр бахархалдаа хангалттай хөрөнгө эдлэнтэй байх ёстой.
Би энэ үгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр геологийнхоо салбарт төрөөс түлхүү анхаарч үзэх цаг болсон. Геологчдын мэргэжил, чадварыг дээшлүүлэх хэрэгтэй гэдгийг захимаар байна. Монголын газар нутгийг судалж дуусаагүй байна гэдэг бол төр нь геологичдоо харж үзэх зайлшгүй шаадлага тулгарсны шинж.
Үндэсний геологийн төвөө 1990 онд устгаж, 1992 онд хувьчилсан. Хэрвээ ингээгүй бол бид 13 тн экспедици байгууллагатай хэвээрээ л байх байсан. Тиймээс Монголын геологчдын ажиллах талбар барагдах яагаа ч үгүй гэдгийг нэмж хэлье.