Хөвсгөл зүг рүү энэ зун төмөр хүлэгтэй бүхэн жолоо мушгиж байна. Засмал замаар сүнгэнүүлсээр шууд Хатгал орчихож байгааг хэлэх үү. Цэнхэр “далай” руу ойртох тусам хөдөө нүдний гэм машины түгжрээ энэ наадмаар тэнд байдаг л нэг үзэгдэл болов. Хатгал орох хэсэг дээр гэхэд яг нийслэлийн зам шиг их түгжрээ үүссэн нь тавиад удаагүй шинэхэн засмалын буян л даа. Жижиг тэрэгнээс мянган төгрөг авдаг пост гэхэд хэд хэдэн хүн эгнүүлчихсэн мөнгөө хураацгаах нь Хатгалын цоо шинэ дүр зураг байв. Шороон замаар тоос татуулдаг байсан өмнөх жилүүдэд Хатгалд машины түгжрээ үүсдэггүй байлаа. Их халуунаас зугтсан нийслэлийнхэн бараг л тэр чигтээ оччихсон уу гэлтэй, үндэсний их баяр наадмын үеэр цэнгэг Хөвсгөл түмний хөлд дарагдаастай өнжив.
Ян сарьдаг, хөвч тайга, дэлхийд тийм ч олон биш гүн цэнхэр цэнгэг уст нуур, Монголын өөр хаана ч байхгүй цаатан, Мөнх хааны ордны туурь, хэдэн мянганы түүх хүүрнэсэн буган хөшөө, эртний хиргисүүртэй гэж ирээд яривал Хөвсгөл аялал жуулчлалын брэнд байхаар нутаг юм. Дэлхийн арван долоон эртний нуурын нэг, хоёр сая гаруй жилийн настай Хөвсгөлд ганц бид ч биш дэлхийн жуулчид ирэхийг хүсдэг. Засмал замтай болчихсон учраас жуулчнаар дутахын зовлон тэнд алга. Харин засаг нь жуулчнаа тохитой байлгах орчинд анхаараагүй, иргэд нь ирэх жилүүдэд ч аялал жуулчлалаар амь зууна гэсэн сэтгэлээ бэлдээгүй нь илт анзаарагдав.
Дэлхийд ганц монгол наадмаар талын Монголыг зорих гадны жуулчдын тоо эрс өсдөг. Тэр дундаа Монголын Швейцарь гэж гадаад ертөнцөд алдаршсан Хөвсгөлийг зорих жуулчид өчнөөн. Тэгэхээр олонбужиг-насан наадмын өдрүүдэд Монголын аялал жуулчлал хэр хөгжсөн бэ гэдгийг үүргэвч үүрсэн гадныхан сонжиж таарна. Эх орондоо очоод ойр тойрныхондоо Монголын Хөвсгөл нууранд очоорой гэсэн урилга өгөх эсэх нь ч энэ өдрүүдэд шийдэгддэг. Монголчуудын хувьд ч ялгаагүй. Хөлтэй бүхэн Хөвсгөл рүү хөлхсөн энэ жилийн өнгө дараа жил дотоодын аяллын цуваа тийшээ хөврөх эсэхийн шийдэл болно гэдгийг ухаж ядах юмгүй. Энэ утгаар нь Хөвсгөлийг онцлоод байгаа хэрэг.
Энэ жилийн наадмын тухайд Хатгалд хөл тавьсан үеэс л жуулчдын толгойг өвтгөсөн асуудлууд босч ирсэн дээ. Наадмын үеэр тэнд очсон бэлэн мөнгөгүй аялагчид лав багагүй сандарсан. Хатгалын хэмжээнд ХААН банкны ганцхан АТМ-тэй. Өнөөхийнх нь мөнгө дуусчихсан учраас ямар ч авралгүй. Ингээд зогсохгүй, дэлгүүрүүдийнх нь карт уншигч сүлжээгүй учраас ажиллахгүй гацаастай. Зарим нэг азтай худалдан авагч цахим карт уншдаг жижигхэн хар төхөөрөмжийг агаарт өргөх шахам байж худалдан авалт хийж буй дүр зураг тийм ч таатай санагдаагүй. Монголчууд нь ойлгодог юмаа гэхэд гадаадын жуулчдад лав ойлгомгүй дүр зураг. Бэлэн мөнгөнөөс илүү цахим карт ашиглах болсон соёлт ертөнцөд аялал жуулчлалын гол бүсэд нь ийм байдал угтана гэж хэн төсөөлөхөв. Ер нь тэгээд Улаанбаатарчууд ч түрийвчиндээ бэлэн мөнгө түнтийтэл чихэхээс илүү карт шургуулчихаад явдаг болсон цаг.
За тэгээд өргөн хэрэглээний барааны үнэ тэнд Мөрөнгийн төвийн супермаркетаас хэд дахин үнэтэй. Нийслэлтэй жишвэл бүр ярих юм биш. Наад зах нь Мөрөнд 1100 төгрөгөөр зарж байсан цайны хийц Хатгалд 3000 төгрөг байх жишээний. Дараа жил хотоос юмаа бэлдэж ирмээр юм байна гэж хэлэх хүнтэй цөөнгүй таарсан. Угаасаа авахгүй гээд хаачих вэ гэсэн мөнгө бодсон хандлагаар хаданд гарсан үнэ тавиагүй бол тэнд очсон иргэд дараа жил ч Хатгалынханд хөрөнгө оруулалт-хийх нь.гарцаагүй байсан. Махны үнэ гэхэд л янз бүр. Хонины нэг килограмм мах зарим газраа 8000-9000 төгрөг байхад, “далай” руугаа цаашлахтусам үнэтэй. Килограмм махыг 13000 төгрөг гэж зарах газар ч таарсанл Сүү бол бүр ховрын бараа. Уг нь аяллын гол бүс, дээр нь хангалттай жуулчин очиж байгаа, ахиухан мөнгө аваад үлдье гэсэн сэдлээр хандсан , бол ёстой нөгөө “нохойн битүү туурай, ногоон хурганы арьснаас бусад байна аа хө” гээд суух боломж Хатгалд бүрэн бий. Энэ жилийн наадмаар Хөвсгөлд очсон жуулчдын нэлээд нь “далай”-н эрэг дээр хагас өлсгөлөн өнжсөн гэх таагүй мэдээ уг нь гарахгүй өнгөрч болох л байсан.
Жуулчдын ихэнх нь их “далай” руугаа Жанхай даваад цаашилцгаадаг. Тэр зүг рүү байгалийн үзэсгэлэн бол гайхалтай л даа. Азийн цэнгэг уст нууруудаас усны эзлэхүүнээрээ хоёрт жагсдаг, дэлхийн цэнгэгусны 0.4 хувийг өөртеө агуулдаг Монголын хамгийн гүн нуур цаашлах тусам хараа булаан цэнхэртдэг. Тэнгэрийн хаяатай уусан ижилдсэн их цэнхэр усан очсон хэний ч сэтгэлийн утсыг хөндөхөөр ер бусын үзэсгэлэнтэй, сайхан. Харин “далай” дагасан жуулчны баазуудын өнгө алаг цоог. Жуулчдын амрах таатай орчныг дээд зэргээр бүрдүүлж тэр хэмжээгээрээ үнэ хөлсөө хэлээд сууж байгаа газар цөөн ч гэсэн байна. Гэхдээ ихэнхдээ л ижил төрхтэй. Дотор нь өдөр өнгөрөөхөд тохь муутай хэдэн гэр, жижигхэн модон байшин голдуу жуулчны баазууд Хөвсгөлийн эрэг дагаад өчнөөн. Үнэ нь ч нэг хэвийн биш. Тогтмол тарифгүй гэсэн үг. Өглөө босоод ирэхэд жуулчдын байрлах гэрийн хоногийн ханш хэдэн арван мянгай төгрөгөөр нэмэгддэг жишиг тэнд үйлчилж байна. Тэндээ л томдоо орох жуулчны баазад нэг хоног саатахад өмнөх өдөр нь хоногийн 60 мянган төгрөг байсан гэр дараа өдөр нь 80 мянга, цаашлаад 120 мянган төгрөг болчих жишээний. Ганц тэр бааз ч биш бүх л жуулчны газрууд хүн ихтэйг далимдуулан хүссэн үнээ хэлж байсныг энд онцолъё. Жуулчны баазуудын хоолны үнийн тухай ярих юм биш. Улаанбаатарын рестораны үнээс давсан ханшаар багавтар хоол олж идвэл их юм. Захын жуулчны бааз нэг таваг цуйвангаа 12000 төгрөгөөр үнэлсэн байна лээ.
Наадмын өдрүүдэд тэнд бороо орсон учраас гэр, байшин олдохгүй иргэд өчнөөн таарсан. Майхантай. жуулчдыг баазынхаа хашаанд нэг орой хонуулахад 30 мянган төгрөг. Уг нь жуулчны баазууд аймгийнхаа төрийн байгууллагатай гэр, байшингийнхаа хоногийн зардлыг 30 мянган төгрөгөөр гэж гэрээ хийдэг юм билээ. Татвараа бага өгөх гэсэн заль байх л даа. Гэтэл үнэн хэрэгтээ, бодит байдал дээр тохиролцсон ханшаасаа хэд дахин илүүг жуулчдаас аваад сууцгааж байна. Бүр хашаандаа гэрийн ханшаар майхан бариулаад мөнгө хийж байна. Хувийнхаа жуулчны баазад, өөрийнхөө мөнгөөр авсан гэр, барьсан хашаандаа хэнийг хэдээр хонуулах нь эзний мэдэх хэрэг байж болох ч нөгөө талдаа Монголын аялал жуулчлалын гол бүс, жуулчдыг олноор татаж, их мөнгө хийх боломжтой гол газар гэдэг цонхоор харвал ингэж увайгүй загнаж, үйлчилгээний наад захын соёлгүй аашлах нь байж боломгүй хандлага л даа.
Усны мотоциклиор багахан газар хорин минут давхихад л нэг хүний 25000 төгрөг. Гэтэл ердөө ойрхоны, шууд зай нь 200-хан км Байгаль нууранд усан онгоцоор дор хаяж гурван цаг аялна. Байгаль нуурын аль л гоё гэсэн өнцөг тохой бүрд нь очно гэдэг үгээр өгүүлж үл гүйцэм таатай мэдрэмж. Ийм кайф авах өртөг нь мэдээж боломжийн. “Сүхбаатар” хөлөг онгоц энэ жил өмнөхөөсөө ч илүү оочер дугаартай байгаа сурагдуулдсан. Зорчигчид нь дээр доороо орох шахуу пиг яваа гэж Хатгалынхан өөр зуураа сонин болгож ярьцгаах юм билээ. Жуулчдад өгөх мэдрэмж талаас нь харахад далай ээжийн мандал дээрх аялал одоохондоо тийм ч сайхан сэтгэгдэл төрүүлэхээр биш л байна. Уг нь Байгал нуурын далайн аялал шиг сайхан мэдрэмж төрүүлээд буцаавал энэ жил ирсэн хоёр хүн дараа жил хэд дахин үржээдирнэ. Аялал жуулчлал хөгждөг жам, замыг холоос хайх шаардлагагүй. Ердөө л энэ.
Жуулчид ид бужигнасан үеэр мэргэжлийн хяналтын газрын нэг том дарга Хөвсгөлд очиж л дээ. Энэ жилийн наадмаар. Мань эр тэнд очоод толгой сэгсрээд ирж. Аялал жуулчлалын гол бүс хэтэрхий замбараагүй, бодпогорүй, хяналтгүй байна, очиж цэгцэнд нь оруулаарай гэсэн даргын зөвлөмжөөр Хөвсгөлийн мэргэжлийн хяналтынхан Хатгал руу гарсан сураг дуулдсан. Уг нь Хатгал хүртэл саадгүй сүнгэнэх засмал замтай болсон учраас жуулчдын тоо өсөх нь тодорхой. Тиймээс аялагчдын тухтай орчныг бүрдүүлэх тал дээр төр анхнаас нь бодпогоор дэмжих учиртай. Ниргэсэн хойно нь биш өмнө нь. Тэгсэн бол Хөвсгөл энэ жилийн наадмаар ийм өнгөтэй харагдахгүй байлаа. Адаглаад ажиллаж байгаа хэдэн жуулчны бааздаа хяналт тавиад ажилласан бол…
Ц.БААСАНСҮРЭН
Эх сурвалж: www.DNN.MN