Одоогоос 25 жилийн тэртээх энэ өдөр Монгол Улсад олон намын төлөөлөлтэй Ардын Их Хурлын анхны чөлөөт сонгуулийн эхний шатны санал хураалт болж байжээ.
Энэ түүхэн өдөр тохиож буйтай холбогдуулан шинэ Үндсэн хуулийг батлалцсан Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн С.Баярцогт, Ардын Их Хурлын депутат асан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Ганболд нар тэр үеийн дурсамжаа хуваалцсан юм.
Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр:
-Энэ өдрүүдэд 1990 онд болсон БНМАУ-ын Ардын Их Хурлын анхны чөлөөт сонгуулийн 25 жилийн ой тохиож байна. Яг энэ өдөр Ардын Их Хурлын сонгуулийн 3 ба түүнээс дээш хүний нэр дэвшсэн тойрогт шалгаруулан сонгох санал хураалт явуулж сонгогчдын 50-иас дээш хувийн санал авсан 2 хүний нэрийг үлдээж байсан юм.
Тэр үед нутаг дэвсгэрийн нэгж болон хөдөлмөрийн хамт олон, нам, олон нийтийн байгууллагын хурлаас Ардын Их Хурлын депутатад нэр дэвшүүлдэг байв. Би тэр үеийн “Комплексимпорт” хангамжийн нэгдлийн хамт олны хурлаас Ардын Их Хурлын сонгуулийн 43 дугаар тойрогт нэр дэвшин 11 хүнтэй өрсөлдөж эхний шатанд доктор Ж.Хайрулла бид хоёр хамгийн олон санал авсан. Ингээд тухайн тойрогт хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчээс Ардын Их Хурлын депутатыг тодруулах хоёр дахь шатны санал хураалт 1990 оны 7 дугаар сарын 29-нд болоход би сонгогчдын 56.4 хувийн санал авч Ардын Их Хурлын депутатаар сонгогдсон юм. Энэ сонгуулиар манай МҮДН-аас нэр дэвшсэн 6 хүн Ардын Их Хурлын депутатаар сонгогдсоноос хоёр нь Улсын Бага Хурлын гишүүн болсон. Энэ сонгуультай хамт улс төрийн намуудын талаар санал хураалт нэг зэрэг явуулахад МҮДН сонгогчдын 5.52 хувийн санал авч байв.
Тэр үед нэр дэвшигч бүр өөрийн мөрийн хөтөлбөртэй сонгуульд оролцож байлаа. Миний хувьд үндэснийхээ өв уламжлалыг сэргээх, хүн төрөлхтний бүтээсэн дэвшилтэт зүйлсээс бүтээлчээр авч хэрэглэх замаар улс орныхоо хөгжин цэцэглэх баталгааг бий болгох, өмчийн олон хэлбэрийг өв тэгш хөгжүүлж, чөлөөт үйлдвэрлэгч бүхий зах зээлийн эдийн засагт шууд шилжих, эдийн засгийн нээлттэй бодлогыг явуулахын зэрэгцээ аль нэг орноос эдийн засгийн хараат байдалд орохоос сэрэмжлэх үүднээс импортын тодорхой нэрийн барааны болон гадаад худалдааны нийт эргэлтэд нэг орны эзлэх хувийн жинг 40-өөс дээшгүй байлгах зарчим баримтлах, хууль зүйт төрийн тогтолцоо бүрдүүлэх зэрэг асуудлыг мөрийн хөтөлбөртөө гол зорилт болгон дэвшүүлж байв.
Ингэж анхны чөлөөт сонгуулиар Ардын Их Хурлын депутатаар сонгогдсон бид Монгол Улсын анхны байнгын ажиллагаатай парламент болох Улсын Бага Хурлыг сонгож байгуулан улмаар шинэ Үндсэн хуулиа батлалцаж улс орондоо ардчилал, зах зээлийн шинэ харилцааны үндэс суурийг тавилцаж байснаа энэ өдөр эргэн дурсахад таатай байна.
Ардын Их Хурлын депутат асан Г.Ганболд:
-1990 оны анхны олон намын тогтолцоотой чөлөөт сонгуулиар залуу үеийнхнээ төлөөлөн Ардын Их Хурлын депутатаар сонгогдож шинэ Үндсэн хуулийг батлалцах хувь тохиосонд би бахархаж явдаг. Тэр үед төрийн бус байгууллагууд сонгуульд нэр дэвшүүлдэг байсан тул би МХЗЭ-ийн байгууллагаа төлөөлөн Сэтгэл мэдрэлийн эмгэг судлалын төвийн ХЗЭ-ийн хорооны бүх гишүүдийн хурлаас Ардын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт нэр дэвшиж өрсөлдсөн. Манай тойрогт 7 хүн нэр дэвшиж 1990 оны 7 дугаар сарын 22-нд болсон сонгуулийн эхний шатны санал хураалтаар Н.Болд гэдэг нэр дэвшигч бид хоёр хамгийн олон санал авч үлдсэн. Ингээд 7 дугаар сарын 29-нд болсон хоёр дахь шатны санал хураалтаар би 4164 хүний санал буюу сонгогчдын 65 хувийн саналаар Ардын Их Хурлын депутатаар сонгогдож байсан юм.
Мөрийн хөтөлбөртөө Ардын Их Хурлын дэргэд залуучуудын асуудал эрхэлсэн хороог депутатуудын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулах асуудлыг санаачилж хэрэгжүүлэх, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1000 гаруй залуу гэр бүл оршин суух, худалдаа, үйлчилгээний иж бүрэн төвтэй залуучуудын орон сууцны цогцолбор бариулах, хүүхэд залуучуудын соёл, хүмүүжлийн асуудалд анхаарч залуучуудын соёл, хүмүүжлийн задгай талбай, хүүхдийн тоглоомын талбайг нийт хороодод байгуулах зэрэг залуу үеийнхэндээ чиглэсэн зорилтуудыг дэвшүүлэн оролцож байснаа санаж байна. Эдгээр зорилтын нэлээд нь биеллээ олж амьдралд хэрэгжиж буйг харахад таатай байдаг юм.
Анхны ардчилсан сонгуулийн үр дүнд Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засагт тууштай шилжиж, дэлхийд үлгэр болохуйц орон болж хөгжихөд өөрийн хувь нэмрийг оруулж явсандаа сэтгэл хангалуун байдаг.
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн С.Баярцогт:
-Монгол Улсын анхны олон намын оролцоотой чөлөөт сонгуулийн эхний шатны санал хураалт болсон түүхэн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ бол монголчууд өөрсдийнхөө түүхэн хувь заяаг тодорхойлох боломж олдсон түүхэн өдрүүдийн нэг яахын аргагүй мөн. Тиймээс цаашдаа энэ өдрийг бүх нийтээр тэмдэглэдэг баярын өдөр болгох нь зүйтэй юм.
Энэ сонгуулиар би залуусаа төлөөлөн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын 288 дугаар тойрогт нэр дэвшин сонгуулийн эхний шатны санал хураалтаар М.Цэвээн-Очирын хамт үлдэж, улмаар хоёр дахь шатанд тойргийн нийт сонгогчдын 56 хувийн санал авч Ардын Их Хурлын депутатаар сонгогдож байв. Энэ сонгуульд эвлэлийн байгууллагаас 30 гаруй залуу нэр дэвшин өрсөлдөж Ардын Их Хурлын депутат болоход хамгийн залуу нь би байсан. Улмаар Д.Балдан-Очир бид хоёр залуусаа төлөөлөн Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байлаа.
Сонгуулийн хуулийн дагуу Ардын Их Хурлын болон орон нутгийн Ардын Хурлын сонгууль нэгэн зэрэг болсон юм. Мөн энэ сонгуультай хамт улс төрийн намуудын талаар санал хураалт нэг зэрэг явагдсан нь сонгуулийн тогтолцооны шинэ хэлбэр байв. Үүний үр дүнд улс төрийн намуудын авсан саналд үндэслэн намуудад мандат хуваарилах замаар Улсын Бага Хурлыг сонгож байгуулсан түүхтэй.
Сонгуулийн төв комиссын гишүүд.
Тэр үед Сонгуулийн төв комиссын гишүүнээр ажиллах сайхан боломж, бас нэн хариуцлагатай үүрэг надад оногдсон юм. Сонгуулийн төв комиссыг сансрын нисгэгч Ж.Гүррагчаа баатар ахалж, бүрэлдэхүүнд нь улс төрийн намууд, төрийн бус байгууллага, хамт олны төлөөлөл багтаж байв. Сонгуулийг маш богино хугацаанд шуурхай зохион байгуулж явуулсан. Учир нь 1990 оны 5 дугаар сарын 5-нд Ардын Их Хурлын 11 дэх удаагийн сонгуулийн 9 дүгээр чуулган чуулж,Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хуулийг батлан гаргасан. Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуульд Ардын Их Хурал нь Монголын ард түмний бүрэн эрхийг илэрхийлсэн төрийн эрх барих төлөөлөгчдийн дээд байгууллага, харин Улсын Бага Хурал нь хууль тогтоох, хянан шалгах, зохион байгуулах бүрэн эрх бүхий төрийн эрх барих байнгын дээд байгууллага гэж заасны дагуу Ардын Их Хурлын сонгуулийг нэн яаралтай зохион байгуулах шаардлагатай болсон юм.
Ингэж олон намын оролцоотой анхны чөлөөт сонгууль ямар нэг маргаангүй, шударга болж өнгөрсөн. Энэ сонгуулиар сонгуулийн нэрсийн жагсаалтад 1027.1 мянган сонгогч бүртгэгдсэний 98 хувь нь сонгуульд оролцсон баримт байдаг.
Өнөөдрийн энэ түүхэн өдрийг тохиолдуулан Сонгуулийн төв комиссын гишүүд, тойрог, хэсгийн хорооны бүрэлдэхүүнд ажиллаж байсан гишүүд, Ардын Их Хурлын депутатууддаа сайн сайхны ерөөл дэвшүүлье.
Тодруулга: 1990 оны 7 дугаар сарын 22-нд 3, түүнээс дээш хүний нэр дэвшсэн тойрогт шалгаруулан сонгох санал авч 2 хүний нэрийг үлдээжээ. Сонгуулийн нэрсийн жагсаалтад 1027.1 мянган сонгогч бүртгэгдсэний 98.0 хувь нь сонгуульд оролцсон байна. Улмаар 1990 оны 7 дугаар сарын 29-нд 426 тойрогт санал хураалт явагдаж депутатуудыг сонгожээ.
Сонгуулийн шинэ хуулийн дагуу явагдсан олон намын оролцоотой ардчилсан шинэ сонгуульд Монгол Ардын Хувьсгалт Нам /МАХН/, Монголын Үндэсний Дэвшил Нам /МҮДН/, Монголын Чөлөөт Хөдөлмөрийн Нам /МЧХН/, Монголын Ардчилсан Нам /МоАН/, Монголын Социал Демократ Нам /МСДН/, Монголын Ногоон Нам /МНН/ оролцжээ. Сонгуулийн хуулийн дагуу Ардын Их Хурлын болон орон нутгийн Ардын Хурлын сонгууль нэгэн зэрэг явагдсан байна.
Сонгуулийн тойрог, хэсгийн 9962 комисс байгуулагдан, тэдгээрт 43.4 мянган хүн ажиллаж, сонгуулийг эрхлэн явуулжээ. Нутаг дэвсгэрийн болон хөдөлмөрийн хамт олон, нам, олон нийтийн байгууллагын хурлаас Ардын Их Хурлын 430 тойрогт анх 2413 хүнийг депутатаар сонгохоор нэр дэвшүүлжээ.
Энэ сонгуультай хамт улс төрийн намуудын талаар санал хураалт нэг зэрэг явуулахад сонгогчдын 61.74 хувь нь МАХН-д, 5.95 хувь нь МҮДН-д, 1.22 хувь нь МЧХН-д, 24.3 хувь нь МоАН-д, 5.52 хувь нь МСДН-д, 1.24 хувь нь МНН-д саналаа өгчээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.