Хүн амын хүнсний хэрэглээний гол бүтээгдэхүүнд мах, махан, сүү, сүүн бүтээгдэхүүн ордог. Монголчууд бидний нүүдлийн амьдралд тохирсон аж ахуй бол мал аж ахуй. Тиймдээ ч өдгөөг хүртэл бэлчээрийн мал аж ахуй манай улсын гол үйлдвэрлэл байсаар ирсэн. Гэхдээ нийслэл хот өргөжин тэлж, суурьшмал байдалд шилжихийн хэрээр бэлчээрийн мал аж ахуй хоцрогдох, амиа аргацаасан шинжтэй болох хандлагатай байна.
Нийслэл хот 470.4 мянган га нутаг дэвсгэртэй бөгөөд үүнээс 287.7 мянган га нь бэлчээрийн талбай. Сүүлийн жилүүдэд төв рүү чиглэсэн их нүүдлийн нөлөөгөөр нийслэл дэх малын тоо 300 мянган толгойд хүрээд байна. Үүний улмаас бэлчээрийн даац тав дахин хэтэрч хот орчмын бэлчээр ихээр талхлагдаж байгаа аж.
Эдгээр нь нөхөн сэргээх болон эдэлбэрээс чөлөөлөх зэрэг хамгаалалтын арга хэмжээ авахад хүндрэл учруулдаг байна. Тиймээс бэлчээр ашиглалтыг хамгийн оновчтой шийдвэрлэх арга зам нь эрчимжсэн аж ахуй эрхлэлт гэдгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Нийслэлийн эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийн III зөвлөгөөн”-ий үеэр онцолсоон. Үүнтэй ч холбогдох яам, удирдлагууд, аж ахуй эрхлэгчид санал нэгтэй байгаа юм. Ингэхдээ хот дахь бэлчээрийн газар нутгийг бүсчлэн, эрчимжсэн аж ахуйн чиглэлээр хөгжүүлэх явдал юм.
Уламжлалт бэлчээрийн аж ахуй улирлын шинжтэй байдгаараа нийслэлчүүдийн шинэ мах, сүүний хэрэгцээг тэр бүр хангаж чаддаггүй. Харин эрчимжсэн мал аж ахуй нь жилийн дөрвөн улиралд тасралтгүй шинэ бүтээгдэхүүнээр хангаж чадах давуу талтай. Гэвч нийслэл хотод эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд хэд хэдэн хүндрэл гардаг байна. Тухайлбал фермерийн мал маллахад бэлчээрийн маллагааг бодвол өртөг зардал их гардаг, ажиллагаа ихтэй. Гэхдээ давуу тал нь мах, сүүний чиглэлээр дагнаж, жилийн дөрвөн улирлын туршид тасралтгүй ажиллах боломжтой.
Одоогийн байдлаар малчны хотноос сүү болон мах цуглуулахад өртөг их гардаг. Мөн малчдад түүхий эдээ хөргөх, хадгалах, хураах зориулалтын хувийн болон дундын унаа байдаггүйгээс сүү боловсруулдаг томоохон компани, ченжүүдэд хямд үнээр бөөндөхөөс өөр аргагүй болдог байна.
Үүнийг шийдвэрлэх арга зам нь малчид нэгдэн хоршоолол байгуулах юм. Малчид хоршоолол болон нэгдсэнээр нэгдсэн нэг үнээр мах болон сүү зэрэг түүхий эдээ боловсруулах үйлдвэрт нэг үнээр нийлүүлж болохоос гадна нийслэлийн зүгээс ч үйлдвэр байгуулах зардлаар дэмжин ажиллах боломжтой юм. Одоогийн байдлаар сүүний холбооныхон эрчимжсэн аж ахуйн чиглэлээр нэлээд ажлыг төлөвдөөд байгаа аж. Мэдээж тэдний хийсэн эхний алхам нь “Сүүний нэгдсэн холбоо” байгуулсан явдал юм. Одоогийн байдлаар сүүний нэгдсэн холбоо нийслэл хотын бэлчээрийн бүс нутагт сүүгээ нэгтгэн хураадаг “ложистик” сүлжээний системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Хэрвээ энэ сүлжээ системийг амжилттай хэрэгжүүлж чадвал нийслэлчүүд бид 5-7 хоног хадгалах боломжтой органик цэвэр сүү, элгэн таргийг жилийн дөрвөн улиралд хэрэглэх боломжтой болох аж.