Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа өнөөдөр /2015.07.31/ Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль /АШУҮИС/-д ажиллаж, сэргээн засах эмчилгээний орчин үеийн тоног төхөөрөмж бүхий тасаг хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагаанд оролцлоо.
Бүгд Найрамдах Солонгос Улсын Хараагүйчүүдийн Силоам Төв, Солонгосын тусламжийн нийгэмлэг, Солонгосын олон улсын эрүүл мэндийн тусламжийн сан хамтран АШУҮИС-д сэргээн засах тусламж үйлчилгээний орчин үеийн тоног төхөөрөмж бүхий тасаг байгуулах төсөл хэрэгжүүлсэн бөгөөд энэхүү тасгийг өнөөдөр албан ёсоор нээн, АШУҮИС-д хүлээлгэн өглөө.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа, АШУҮИС-д сэргээн засах тусламж үйлчилгээний орчин үеийн тоног төхөөрөмж бүхий тасаг байгуулж өгч байгаад талархаж байгаагаа илэрхийлээд энэ төслийн хүрээнд монголын сэргээн засалч эмч, мэргэжилтэнд сургалт явуулж, мэдлэг ур чадварыг дээшлүүлсэн нь маш их ач холбогдолтой ажил боллоо хэмээн онцолсон юм.
Мөн тэрээр манай улсын хүн амын 4,8 хувь буюу 120 мянга гаруй иргэд хөгжлийн бэрхшээлтэй гэсэн судалгаа байна. Сүүлийн 10 жилийн судалгаагаар халдварт бус өвчин эмгэг, осол гэмтэл, хавдраар өвчлөгдсийн тоо жилээс жилд ихсэхийн хэрээр хөдөлгөөн, хөдөлмөрийн чадвараа алдаж буй хүний тоо нэмэгдэх хандлагатай байна. Гэвч эдгээр хүмүүст үзүүлэх сэргээн засах тусламж үйлчилгээний чанар, хүртээмж хангалтгүй байгаагаас хүн амын эрүүл мэнд, амьдралын чанарт сөргөөр нөлөөлж байна. Энэ цаг үед та бүхэн АШУҮИС-д орчин үеийн тоног төхөөрөмж бүхий сэргээн засах эмчилгээний жишиг болохуйц тасаг байгуулж өгч байгаа нь манай улсын эрүүл мэндийн салбарт үнэлж баршгүй их тус хүргэлээ гэж хэлэв.
АШУҮИС-д сэргээн засах эмчилгээний орчин үеийн тоног төхөөрөмж бүхий тасаг хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагаанд БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн Чой Донг Ик, БНСУ-ын Хараагүйчүүдийн Силоам төвийн захирал Ким Ми Кионг, Солонгосын олон улсын эрүүл мэндийн тусламжийн сангийн зохицуулагч Лий Юу Ри болон албаны бусад хүмүүс оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.