БОНХ-ийн сайд С.Оюун сэтгүүлчидтэй уулзаж, тэдний асуултад хариуллаа

Шинэчлэлийн Засгийн газар ногоон хөгжил, ногоон бодлого, ногоон эдийн засгийг үйл ажиллагааныхаа тэргүүлэх чиглэл болгож, ерөнхий чиг үүргийн Байгаль орчин, ногоон хөгжлийн яамыг байгуулсан. Ногоон хөгжлийн бодлого нь Монгол Улсын хөгжлийн тулгуур бодлого байх болно гэдийг БОНХ-ийн сайд С.Оюун уулзалтын эхэнд хэллээ.

Иргэдийн аюулгүй орчны төлөөх хөрөнгө оруулалтын бодлогыг шинэчлэх, байгалийн нөөц ашиглалт, нөхөн сэргээлт, байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааг шинэ шатанд гаргах нь тус яамны зорилт юм.

Дэлхийн байгаль орчны өдрийг НҮБ-тай хамтран энэ зургадугаар сарын 1-5-нд зохион байгуулна, энэ үеэр “Ногоон хөгжил” үзэл баримтлал, хөтөлбөрөө УИХ-аар хэлэлцүүлэхээр төлөвлөжээ.

Өнгөрсөн 9 дүгээр сард Туул голын сав газрын захиргааг байгуулсан. 2013-2014 онд 28 сав газрын захиргаа байгуулах бэлтгэл ажил хийж байгаа. Үйлдвэрийн зориулалтын ашиглаж байгаа усны төлбөрийг нэмэх судалгааг тус яам хийсэн байна. Ингэхдээ дахин боловсруулалт хийж, саарал ус ашиглах технологи нэвтрүүлбэл хөнгөлөлт үзүүлэх ажээ.

 

Төмөр замын дэр мод үйлдвэрлэх зорилгоор ойгоос мод бэлтгэхийг С.Оюун сайдын тушаалаар 5 жилийн хугацаатай хоригложээ. Мөн эрчим хүчний шонгийн мод бэлтгэхийг зогсоох ажлыг хийж байгаа гэлээ. Ингэснээр жилд 40 мянган шоо метр нойтон мод хэмнэнэ. Модон бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ нийлүүлэлтээсээ гурав дахин их байдаг. Тиймээс модон эдлэлийн импортыг нэмэгдүүлэхийг татвараар дэмжинэ гэж сайд хэллээ.

Ан агнаж төсвийн орлогыг нэмэгдүүлэх нь буруу юм тус яам үзэж байна. Гадаадын анчдад зөвшөөрөл олгож улсын төсөвт ихээхэн хэмжээний хөрөнгө төвлөрүүлж байсан. Тухайлбал, идлэг шонхор шувууны экспортоос жилд гурван тэрбум төгрөгийн ашиг олж байсныг зогсоож идлэг шонхрыг хилээр гаргахыг 5 жилээр хоригложээ. Өнгөрсөн жилүүдэд 50-70 угалз, 300 орчим тэх агнуулах зөвшөөрөл олгодог байсныг 3-10 дахин цөөлсөн байна. Мөн Богдхан уулын Дархан цаазат газар, Горхи Тэрэлж, Хөвсгөлийн байгалийн цогцолбор газарт газар ашиглах зөвшөөрөл олгохыг түр зогсоожээ.

Манай улс 1957 оноос хойш ой модоо тоолоогүй, харин 2014 онд иж бүрэн тооллого хийнэ гэлээ..

Байгалийн нөөц ашигласны татварын орлого орон нутгийн төсөвт энэ жилээс 100 хувь орж байгаа. Мөн ургамал, газар, ойн нөөц ашигласны орлогын 30-85 хувь нь орон нутгийн төсөвт орж байгаль орчныг хамгаалах, нөөцийг нөхөн сэргээхэд зориулагдана гэж С.Оюун сайд хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Дэвид Камерон бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард …