Иргэдийн төлөөлөгч Ц.Гэрэл: Иргэдийн төлөөлөгч байнга солигддог биш бэлтгэгдсэн хүн байх нь оновчтой

1438560450_medee0804Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн иргэдийн төлөөлөгч Ц.Гэрэл шүүхэд ирэхдээ хувийн бэлтгэлээ хангаж, хариуцлагатайгаар яаравчилдгаа, мөн иргэдийн төлөөлөгчдийн үүрэг зорилгын талаар саналаа хуваалцсан юм. Тэрбээр энэхүү албандаа нэлээд туршлага хуримтлуулаад зогсохгүй, шүүхээс дуудагдаж байгаа иргэдийн төлөөлөгчдийн хариуцлагыг хөндөж, цаашид хэрхэн бэлтгэж байх тухайд сэтгэл чилээж суудаг хүмүүс байдгийг ч дурьдлаа. Шүүхийн шинэтгэлийн бодит дүр төрхтэй нүүр тулж, шүүхийн олон нийтийн хяналтыг хэрэгжүүлж буй Ц.Гэрэлийн ярианд анхаарал хандуулна уу.

– Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдохоос өмнө та шүүхийн талаар ямар төсөөлөлтэй байв?

– Иргэн хүний хувьд өөрийгөө шүүхийн тухай зохих хэмжээний мэдээлэлтэй, хуулиа мэддэг гэж боддог байсан. Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдож эрүүгийн хэргийн шүүх хуралд сууж эхэлснээс хойш тэрхүү мэдлэгээ хангалттай биш гэдгийг ойлгосон. Шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, гэрч, улсын яллагч гээд олон хүний яриаг нухацтай сонсож дүгнэсний эцэст тухайн хэргийг шийдвэрлэдэг шүүхийн үйл ажиллагааг илүү сайн ойлгож байна. Би иргэдтэйгээ ойр харьцдаг, хорооны хэсгийн ахлагч байсан хүн. Тэгэхэд хуулиа мэдэхгүйгээс хүмүүс янз бүрийн хэрэг төвөгт их холбогддогт хэр хэмжээгээрээ тусалж, зааж зөвлөж байснаас шүүхийн амьдралыг төдийлөн сайн мэддэггүй байж. Иргэдийн төлөөлөгчийн хувьд шүүхийг хүндэтгэж, хурлын дэгийн дагуу хэдийд нь асуултаа тавьж, яаж үгээ хэлэх үү гэдгээ мэддэг туршлагатай иргэдийн төлөөлөгчид бас бий.

– Та шүүхийн үйлчилгээ, шүүгчийн хараат бус байдалд ямар үнэлэмжтэй байна вэ? Сайн болоод саар талуудаас нь дурьдаач гэвэл?

– Би иргэдийн төлөөлөгчөөр 11 сар ажилласны хувьд шүүгчдийг хараат бусаар, шударга ажилладаг гэж дүгнэдэг. Миний оролцсон шүүх хуралд шүүгчид нэг талыг барьсан, таагүй өнгөөр шүүгдэгч болон бусадтай харьцаж байгаагүй. Шүүхийн тухай багц хууль батлагдан гарснаас хойш шүүх мэдээллээ ил тод болгож, иргэдийн шүүхийн талаархи ойлгоц муутай байсныг нь өөрчилж байна гэж хувьдаа үздэг. Шүүгдэгчийн ар гэрт янз бүрийн характертэй хүмүүс байдаг. Үр хүүхэд нь хэргээ хүлээж, гэм буруугаа ухамсарлаж байхад шүүх бүрэлдэхүүн хуралд оролцсон хохирогчдыг доромжлоод гардаг эцэг эх байдаг. Надад үг хэлчих эрх байдаг бол үгээ хэлчихмээр үе ч таардаг. Шүүгчид тэр бүхэнд тэвчиж, талуудтай эрх тэгш боломж олгож шүүх хурлыг дэгийн дагуу явуулж ажилладаг юм билээ.

– Шүүх иргэдийн төлөөлөгчөөс ямар чадвар, ухамсар шаарддаг юм бэ?

– Хуулийн нарийн мэдлэг гэхээсээ илүү дотоод итгэл үнэмшлээрээ оюун ухаан, мэдрэмжийн хүрээнд санал дүгнэлтээ гаргаж өгдөг. Бид шүүх хурлаас өмнө хавтас хэрэгтэй танилцдаг. Иргэдийн төлөөлөгчийн тангарагаа өргөдөг. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тусгай журам байдаг. Үүнд хамгийн наад зах нь хувцаслалтаас эхлээд хувь хүний сахилга бат, тэвчээр их чухал. Шүүх хурал дэгийн дагуу явагдаж байгаа учраас хэдэн цаг, өдөр дамнаж үргэлжлэхэд дураараа гарлаа, орлоо гээд байж болохгүй. Шүүх хуралд оролцогч талуудын нотлох баримт, улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгч, гэрч хохирогчдын мэдүүлгийг анхааралтай сонсоод сууж байхад өөрийн эрхгүй дотоод итгэл үнэмшил төрдөг. Тэр бүхнээс үнэн худал нь ялгардаг гэсэн үг. Миний хувьд саналаа илэрхийлэхдээ ганц буруу үг авиа гаргахвий гэж маш хариуцлагатай ханддаг. Өмнө нь 3 иргэдийн төлөөлөгч хуралд оролцдог байхад хоорондоо бичгээр саналаа солилцож, эцсийн дүгнэлтээ нэгтгэж өгдөг байсан. Одоо бол зөвхөн ганцаараа дотоод итгэлээрээ саналаа өгөх болсон. Энэ нь иргэдийн төлөөлөгчийн үүрэг оролцоог илүү хариуцлагажуулсан учраас нэрсийн жагсаалтаар байнга солигддог биш бэлтгэгдсэн хүн байх нь оновчтой санагддаг.

– Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдож байгаа хүмүүс тэр бүр сэтгэл зүйн бэлтгэлтэй байж чаддаг болов уу?

– Шүүх хуралд тухайн хэргийн төрөл зүйл ангиас шалтгаалаад хүний амь амьдрал, нэр төртэй холбоотой олон асуудал шийдэгдэж байдаг учраас иргэдийн төлөөлөгчийн үүрэг хариуцлага асар өндөр. Тэгэхээр шинээр орж ирж байгаа иргэдийн төлөөлөгчид ганц нэг удаа хуралд суугаад гарахад тэр бүр сайн ойлгох нь учир дутагдалтай. Жишээлбэл, манай найз иргэдийн төлөөлөгчөөр сонгогдчихоод “Би айгаад байна” гэж байгаа юм. Шүүх дуудаж байна гэхэд иргэд айж тэвддэг нь бас олон байна. Зарим үед иргэдийн төлөөлөгч ирдэггүйгээс шүүх хурал хойшилдог нь маш харамсалтай. Тиймээс хуучны ардын төлөөлөгч нэртэй олон жил суусан хүмүүсийн туршлага, идэвх оролцоог бас ашиглах нь зүйтэй. Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдчихоод учраа мэдэхгүй айдаг биш зохих хэмжээний боловсролтой, шүүн таслах ажиллагаан дахь иргэний оролцоогоо өндөр ухамсарладаг хүмүүсийг сонгож байгаасай гэж би хүсч байна. Өнөөдрийн иргэдийн төлөөгчөөр оролцож байгаа хүмүүс ажилтай ажилгүй, олон цагаар үргэлжлэх хуралд тогтож суух, суухгүй олон янзын хүн байгаа. Зарим нь нэг суучихаад цагийн авдаг урамшууллыг нь голоод дэмий юм байна гээд явахвий. Тэтгэвэртээ суучихсан бид мэт нь шүүх хуралд ирэхээ ухамсарладаг, ядаж биеэ бэлдээд, үсээ засуулаад хувийн соёлоо хангаад ирдэг. Олон цагаар үргэлжилсэн шүүх хуралд шүүгчдийн туслахууд цай оруулж ирж өгдөг. Шөнийн 12 хүртэл хуралдаад тарахад шүүхээс унаагаар хүргээд өгчихдөг. Монгол улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргаж байгаа шүүхийг хүндэтгэж, шүүх хурлын иргэдийн төлөөлөгчийн үүргийн дагуу шударгаар саналаа илэрхийлж гарах хүмүүсийг анхаарлаас ангид орхиж болохгүй. Илүү чанаржуулж, бэлтгэн сургаж, мэдээллээр хангаж, байнгын зохион байгуулалтанд оруулахад анхаарал илүү тавих хэрэгтэй. Олон жил шүүхэд иргэдийн төлөөлөгчөөр суусан настай хүмүүс туршлагажсан, түүнийгээ харилцан бие биетэйгээ хуваалцдаг байсан. Хааяа “Чамайг шүүхээс дуудсан уу” гээд сураг ажиг тавьж холбоо барьж байдаг юм. Тэгэхээр иргэдийн төлөөлөгчид бид шүүх яаж байна гэж сэтгэл өвдөх биш оновчтой бодлогоор олон нийтийн хяналтыг шүүхэд оруулаасай гэж би хүсч байна.

– Иргэдийн төлөөлөгчийн насны хувьд та ямар бодолтой явдаг вэ?

Аливааг цэгнэж тунгаахад амьдралын туршлага хэрэгтэй. Магадгүй насны хязгаар байх нь зүйтэй. Ялангуяа 40 хүртэлх насныханд ээдрээ төвөгтэй шүүх хуралд ороод гэм буруутай, гэм буруугүй гэж өөрийгөө өмгөөлж мэтгэлцэж байгаа хүмүүсийн үнэн худлыг ялгаж зааглахад арай л балчирдаж болох юм. Бүр хөгшин хүмүүс бол олон цаг хуралд суувал ядрах байх. Дөчөөс дээш насныхан бол голыг нь олоод онож асуултаа тавьж чаддаг,хэргийг хэд хэдэн талаас нь эргэцүүлж хардаг гэж би боддог. Шүүгдэгчийн ар гэрт янз бүрийн характертэй хүмүүс байдаг. Үр хүүхэд нь хэргээ хүлээж байхад шүүх бүрэлдэхүүн хуралд оролцсон хохирогч, иргэдийн төлөөлөгчдийг доромжлоод гардаг эцэг эх байдаг. Дараагийн хуралд нь арай намдуу болчихсон орж ирж байсан. Хүүхэд нь шүүхийг хүндэл, үгээ онож хэл гэж зөвлөсөн байх л даа. Надад үг хэлчих эрх байдаг бол үгээ хэлчихмээр үе ч таардаг. Шүүгчид тэр бүхэнд тэвчиж ажилладаг юм билээ.

Ярилцсанд баярлалаа.

Ш.Отгонцэцэг

Эх сурвалж: www.judcouncil.mn

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …