УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөж, бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Хаянхярваа нар хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн юм.
УИХ-ын захирамжаар зарлагдсан ээлжит бус чуулганы нээлтэд МАН-ын бүлгийн гишүүд оролцоогүй юм.
Тус намын зүгээс “УИХ-ын дарга өргөн баригдаагүй асуудлаар ээлжит бус чуулган зарласан нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл боллоо” гэж үзсэн учраас чуулганы нээлтэд оролцоогүй гэдгээ тайлбарлав.
МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ:
-“МАН-ын бүлэг өглөөний 08.30 цагаас эхлэн ээлжит бус чуулган тойрсон асуудлаар ярилцлаа. Ер ньтөрийн толгойд улс төрийн нам гарчээ гэдгийг Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлөөс гарсан шийдвэр харуулж байна. УИХ-ын дарга захирамж гаргаж, өргөн баригдаагүй асуудлаар ээлжит бус чуулган зарласан нь ч төрийн толгойд нам гарсны илрэл. Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл МАН-тай байгуулсан гэрээгээ цуцлах шийдвэр гаргахдаа УИХ дахь бүлэгтээ үүрэг өглөө гэж тайлбарласан. Намын байгууллага, удирдлагаас УИХ дахь бүлэгтээ чиглэл өгдөг болохоос үүрэг өгдөггүй. Галт зэвсгийн тухай хуулийг яаралтай хэлэлцэх асуудал биш. Тэр тусмаа ээлжит бус чуулган зарлаж байгаа нөхцөлд улс оронд нэн чухал байгаа асуудлаар хуралдах ёстой. Тэгэхээр УИХ-ын дарга зарим нэг хуулиар халхавчилж, цаанаа засгийн асуудлыг ярилцах ганц зорилготой байх шиг байна.
УИХ-ын дарга захирамж гаргаж, өргөн баригдаагүй асуудлаар ээлжит бус чуулган зарласан нь ч төрийн толгойд нам гарсны илрэл.
МАН-ын бүлэг Эрүүгийн хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг дахин хийх шаардлагатай гэсэн асуудлаар солилцож байна. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг дэмжихгүй гэсэн байр суурьтай байгаа хэвээр” гэсэн юм.
МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхаярваа:
-“Өргөн баригдаагүй асуудлаар УИХ-ын дарга захирамж гаргаж, захирамж гаргахдаа чөлөөлөх, огцруулах асуудлыг хэлэлцэнэ гэсэн нь Үндсэн хууль зөрчиж байна. Тэрчлэн манай намын зүгээс Ерөнхий сайдын бүрэн эрхэд УИХ дарга хууль зөрчин, оролцож байгааг буруутгаж байна. Хууль зөрчсөн ямар ч үйлдлийг манай нам дэмжихгүй. Тиймээс өнөөдрийн ээлжит бус чуулганы нээлтэд оролцоогүй. АН-ын зүгээс МАН сандал суудал, албан тушаалтай зууралдаж байна гэсэн ойлголтыг төрүүлэх болсон. Бид сандал суудалтайгаа зууралдаагүй. Учир нь АН, МАН хоёр засагт хамтрахдаа гэрээ байгуулсан. Уг гэрээнд “Нэг талын биш хоёр талын үндэслэлээр цуцална” гэсэн өгүүлбэр байдаг. Өнөөдөр Галт зэвсгийн тухай хууль гэх мэт цаг үеийн бус асуудлаар ээлжит бус чуулган зарласны гол зорилго нь зургаан сайдыг огцруулах явдал байгаа.
Засгийн газрын зургаан сайдыг огцруулахаас илүү чухал асуудал олон байна. Монгол Улс ган гачигт нийт ургацынхаа 50 хувийг алдлаа. Араас нь бичин жилийн зуд нүүрлэж байна. Эдийн засгийн хямрал гүнзгийрлээ. Энэ бүхнийг ярихаасаа илүү АН улстөржиж байна. Уг нь зургаан сайдын суудлаас илүү цаг үеийн асуудалд анхаарал хандуулж, эдийн засгийн хямралыг яаж тогтворжуулах вэ, гадаадын хөрөнгө оруулалтыг хэрхэн татах вэ гэсэн асуудлаар ээлжит бус чуулган зарласан бол МАН дэмжинэ.
УИХ-ын дарга хууль зөрчиж, дуртай цагтаа дуртай асуудлаа хэлэлцэж, дургүй асуудлаа УИХ-д оруулдаггүй жишиг тогтоож байна. Намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэхээс цааргалж, ирэх оны сонгуульд нөгөө будилаантай хуулиа ашиглах гэж байна” гэлээ.