“Өшөө авагч”, “Төмөр хүн” киноны дүрээр алдаршсан жүжигчин Роберт Дауни Америкийн “Forbes” сэтгүүлээс гаргадаг хамгийн өндөр орлоготой жүжигчдийн жагсаалтыг гурав дахь жилдээ тэргүүллээ.
Үүнээс хэдхэн жилийн өмнө боксоффист сүүл мушгиж, найруулагчдад гологдож явсан жүжигчин Роберт Дауни одоо дэлхийн бараг хүн бүхэн “Төмөр хүн” буюу Тони Старкийн дүрээр нь андахгүй болсон.
Тэрбээр 2014 оны зургадугаар сараас хойш “Өшөө авагчид: Альтроны эрин үе” киноны ашиг орлогоос 80 сая орчим долларын орлого олж, “Форбес”-ын хамгийн өндөр цалинтай жүжигчдийн жагсаалтыг гурав дахь жилдээ тэргүүлж байна.
Энэ жагсаалтын хоёрдугаарт Хятадын алдарт жүжигчин Жеки Чан оржээ. Тэрбээр өнгөрсөн онд Америкийн жүжигчин Адриен Броди, Жонн Кусак нартай хамтран түүхэн адал явдалт “Луугийн илд” кинонд тоглон 50 сая долларын ашиг орлого олжээ.
Жагсаалтын удаах байрт монголчууд бидэнд “Халзан асрагч”, “Галзуу хурд” киноны дүрээр танигдсан жүжигчин Вин Дизель багтсан юм. Тэрбээр 47 сая ам.долларын ашигтай ажиллажээ.
Хамгийн өндөр цалинтай жүжигчдийн жагсаалтын эхний аравт Брэдли Купер /41.5 сая доллар/, Адам Сэндлер /41 сая доллар/, Том Круз /40 сая доллар/ нар мөн багтсан байна.
Түүнчлэн энэ жилийн жагсаалтад Энэтхэгийн жүжигчид багтсан нь ихэд сонирхол татаж байна. Тодруулбал Болливудын жүжигчид болох Амитаб Баччан, Салман Хан нар 33 сая ам.долларын ашиг олжээ.
“Forbes” сэтгүүлээс мэдээлж буйгаар жүжигчдийн өнгөрсөн 2014 оны зургаадугаар сарын 1-нээс энэ оны мөн үе хүртэлх ашиг орлогыг тооцсон байна.