Өчигдөр Улсын Их Хурлын 2015 оны ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын өргөн барьсан “Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Ардчилсан нам Монгол Ардын намын хооронд 2014 оны 12 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг болон Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл “хангалтгүй” гэж дүгнэн, нэн даруй цуцлахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр доор нэр дурдсан хүмүүсийг Монгол Улсын Засгийн газрын гишүүний үүрэгт ажлаас огцруулах саналыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оруулсан юм. Улмаар Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдын; Дуламсүрэнгийн Оюунхоролыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын; Жаргалтулгын Эрдэнэбатыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдын; Дамдины Цогтбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдын;
Намхайн Төмөрхүүг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайдын; Содномын Чинзоригийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөрийн сайдын үүрэгт ажлаас огцруулахыг УИХ-ын гишүүдийн дийлэнхи олонхи нь дэмжлээ.
Одоо тэдний оронд ажиллах 6 сайдыг нөхөн сонгох хэрэгтэй байгаа. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар сайдуудын нэрс нэгэнт гарчээ. Ингэхдээ АН-ын МҮДН-д 1, “Шударга ёс” эвслийн МАХН-д 1, “Шударга ёс” эвслийн МҮАН-д 1, МоАХ-д 2, “Шонхор”-т 1 сайдын суудал оногдож буй аж.
Тодруулбал:
Сангийн сайдад УИХ-ын гишүүн Р.Амаржаргал
Барилга, хот байгуулалтын Сайдад УИХ дахь МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг
Шадар сайдад Монголбанкны дэд Ерөнхийлөгч Э.Батшугар
Байгаль Орчин, Ногоон хөгжил, Аялал Жуулчлалын сайдад УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг
Зам Тээврийн сайдад УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх
Хөдөлмөрийн Сайдад УИХ-ын гишүүн Д.Арвин нарыг нэр дэвшүүлэхээр ярилцаж буй гэнэ. Мөн УИХ-ын гишүүн Г.Батхүү Д.Арвинтай өрсөлдөж буй юм байна. Бас “Шударга ёс” эвсэлд 1 сайдын суудал өгөхөд л хангалттай гэж үзэх хүн АН-ын удирдлагад цөөнгүй байгаа юм. Хэрэв тийм шийдэлд хүрвэл сайдуудын нэрс өөрчлөгдөх аж.
П.Мандах
www.Sonin.mn