С.Удвал нэрээ татах уу

udval dddd Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль албан ёсоор эхлэх хуулийн хугацаа дөхөж, өрсөлдөгчид энэ сарын 22-нд нэр дэвшигчийн мандатаа Сонгуулийн ерөнхий хорооноос хүлээн авна. Энэ удаагийн сонгуульд АН-аас одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МАН-аас УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, МАХН-аас Эрүүл мэндийн сайд Н.Удвал нар өрсөлдөхөөр намууд нь дотороо шийдвэрээ гаргасан.

Гэтэл зарим хэвлэлээр Н.Удвалыг нэрээ татах нь гэсэн шуум гараад байгаа юм.

МАН-ын зүгээс түүнийг санал хуваалцах хүн гэж тооцож, түүний нэрийг татуулахаар ярьж эхэлсэн гэж байгаа ч энэ нь боломжгүй хувилбар гэж зарим төрийн байгууллага мэдэгдсэн. Н.Удвалыг өрсөлдүүлэх нь АН-ын нэр дэвшигчид ашигтай гэж тооцсон тул, түүнийг нэрээ татах боломжгүй гэсэн мэдээллийг ч АН-ын угшилтай хэвлэлийнхэн цацаж эхлээд байна.  Н.Удвал нэрээ татах уу, үгүй юу гэдэг мэдээлэл, улс төр сонирхогчидын анхааралд орж, хууль эрх зүйн талаар боломжтой, боломжгүй гэсэн эсрэг тэсрэг байр суурь гарч буй юм.

Харин энэ асуудалд УИХ-ын гишүүн, “Сонгогчидын боловсрол төв”-ийн тэргүүн Р.Бурмаа бодитой тайлбар хийжээ. Түүний тайлбарласнаар СЕХ-ноос нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулснаас хойш тухайн нам нэр дэвшигчийг эргүүлэн татах, нэр дэвшигч өөрөө нэрээ татахыг хуулиар хориглосон юм байна. Харин СЕХ-ноос мандатаа аваагүй тохиолдолд энэ сарын 22-ноос өмнө нэрээ татах боломж байгаа ажээ.

Р.Бурмаа “Нэр дэвшигчид тавдугаар сарын 22-ны дотор нэрээ татах боломжтой. СЕХ нь намуудаас ирүүлсэн нэр дэвшигчийн бичиг баримттай танилцаад хуулийн дагуу бүх зүйл ном журмаараа байвал 22-нд нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах юм. Үүнээс хойш нэр дэвшигч нэрээ татах, нам нь ч мөн эргүүлэн татах боломжгүй” гэсэн тайлбар өгөөд байна.

Үүнээс үзэхэд Н.Удвалын хувьд энэ сарын 22 хүртэл нэрээ татах боломж байгаа аж. МАН-ын зүгээс түүний нэрийг татуулахын тулд, яриа хэлэлцээр хийх гэж чармайж байгаа ч үр дүнд хүрэхгүй байгаа гэнэ. МАХН-ын нэр дэвшигчийг АН-тай тохиролцож, сонгуульд ялах зорилгоор бус намын дарга Н.Энхбаярыг хорихоос суллах тохироо хийж нэр дэвшлээ гэсэн “хар пиар” ч явж эхлээд байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх анхны эмэгтэй нэр дэвшигчээр тодроод буй түүний хувьд нэрээ татахгүй, намынх нь зүгээс бололцоотой бүхнийг хийж ажиллахаа намын дэд дарга  Д.Тэрбишдагва мэдэгдсэнээс үзэхэд нэрээ татна гэсэн мэдээлэл жижигхэн “бор шувуу” төдийхөн зүйл болов уу гэсэн дүгнэлтэнд хүргэж буй юм.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Дэвид Камерон бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард …