Монгол Улсад прокурорын байгууллага үүсч хөгжсөний 85 жилийн ой, “Прокурорын албаны өдөр” –ийг тохиолдуулан Улсын Ерөнхий Прокурорын Газрын дэргэдэх “Прокурорын сургалтын төв”-д “Прокурорын Алдрын танхим” шинээр байгууллаа.
1930 оны 4 дүгээр сард хуралдсан БНМАУ-ын 6 дугаар Их Хурлаас гаргасан шийдвэрийн дагуу Улсын Бага Хурлын 1930 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаар тогтоолоор “Улсын прокуроруудаас гүйцэтгэх эрх үүргийн дүрэм”-ийг батлан гаргаснаар Монгол Улсад прокурорын байгууллага үүсч хөгжсөн түүхтэй.
Прокурорын байгууллагын хөгжил дэвшил нь Монгол Улсын хөгжлийн түүхэн үе шаттай салшгүй холбоотойгоор хөгжиж ирсэн бөгөөд Монгол Улсын 1940, 1960, 1992 оны Үндсэн хуулиудаар прокурорын байгууллагын эрх зүйн байдал шинэчлэн тодорхойлогдож, хууль ёсыг бэхжүүлэх хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж ирсэн.
Прокурорын байгууллагын түүх нь прокурорын ахмад үеийнхний хөдөлмөр бүтээл, хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой тул ахмад үеийнхний ажил хөдөлмөрийг алдаршуулах зорилгоор энэ “Прокурорын Алдрын танхим”-ыг байгуулж байгаа ажээ.
“Прокурорын Алдрын танхим”-д тавигдсан үзмэр гэрэл зургууд нь прокурорын байгууллагын түүхийг харуулж байгаагийн зэрэгцээ шинэ залуу прокурор ажилтнуудад байгуллагынхаа түүхийг таниулж ойлгуулах, сургалт явуулахад чухал ач холбогдолтой болсон байна.
Одоо улсын хэмжээнд 510 гаруй прокурор, прокурорын туслах ажилтан 200 гаруй ажилладаг бөгөөд энэхүү “Алдрын танхим” нь прокурорын түүхэн хөгжлийг харуулахын зэрэгцээ бусад орноос ирсэн зочид төлөөлөгчдөд үзүүлж сонирхуулах, цаашид хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ач холбогдолтой болох юм.