Бобби Кристиниа Брауны хөрөнгийг хамгаалагчдын нэг нь бүсгүйн үхэлд найз залуу Ник Гордоныг буруутган, түүний эсрэг 10 сая долларын зарга үүсгэжээ. Хьюстоны өргөмөл хүү, Брауны найз залуу Ник Гордон Браунтай Атлантагийн Рөүзвэлл дэх байшинд нь хамт амьдарч байсан юм.
Баасан гарагт шүүхэд ирсэн гомдолд, Гордоныг нэгдүгээр сарын 31-нд Браунтай муудалцсаны дараа зодож, улмаар “хортой коктейль” уулгасан гэж буруутгажээ. Ухаан балартсаных нь дараа Гордон түүнийг хүйтэн устай ваннд нүүрийг нь доош харуулж тавьсан нь Брауны тархи гэмтэхэд хүргэсэн гэж Брауны асран халамжлагчдын нэг нь сэжиглэж байгаа аж.
Уитни Хьюстон, Бобби Браун нарын ганц охин нэгдүгээр сард эмнэлэгт ухаангүй ирсэн бөгөөд өнгөрсөн сард 22 насандаа таалал төгссөн. Энэ зарга “гүжир гүтгэлэг” хэмээн Гордоны хуулийн баг мэдэгджээ. Брауныг эмнэлэгт авчрах үед хүзүү нь хөхөрсөн байсан гэж түүний найз бүсгүй ярьсан юм. Энэ гэмтэл нь түүнд хиймэл амьсгаа хийх үеэр үүссэн гэж Гордон хэлжээ.
Гордоныг Брауны хэвтэж байсан эмнэлэг рүү нэвтрэхийг хориглосон бөгөөд тэрээр оршуулгын ёслолд оролцоогүй юм. Түүнчлэн Гордоныг Брауны банкны данс руу хууль бусаар нэвтэрч их хэмжээний мөнгө авсан гэж Брауны асран халамжлагч зарга үүсгэсэн байна. Мөн Гордон түүний байшинд олон ширхэг камер суурилуулж, бүсгүйг хянадаг байсан гэж зарга үүсгэгч гомдолдоо дурьджээ.
А.Дэлгэрмаа
Эх сурвалж: www.eagle.mn