МАН-ын зургаан сайдын орны хүмүүсийг томилох үйл явц улс төрийн хүрээнд хүчтэй өрнөж байна. МАН-ыг жийсэн АН одоо “Шударга ёс” эвсэл, бие даагчидтай хамтрахаар болоод байгаа. Үүнээс өөр сонголт тэдэнд байхгүй. Бие даагчид, ИЗНН-тай хамтарч Засгийн газар байгуулж болох хувилбар байгаа ч “Шударга ёс” эвсэл МАН-тай нийлж улс төрийн дийлдэхгүй шоу хийж мэдэх учраас араа бодохгүй бол болохгүй.
Тиймээс эрх баригч АН “Шударга ёс” эвсэлтэй хамтарч Засгийн газраа байгуулахаар болсноо албан бусаар мэдэгдсэн. Тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар өчигдөр хэвлэлд ярилцлага өгөхдөө “Манай бүлэг сайд нарын асуудлаар ярилцаагүй байна. “Шударга ёс” эвслийн бүлгийн шийдвэрийг хүлээж байна” гэж хэлсэн.
Тэгвэл нөгөө “Шударга ёс” эвсэл нь 4 сайд 6 дэд сайдын суудал нэхсэн гэж Төрийн ордон дахь эх сурвалж мэдээлэв. Үүнээс болж АН дотор том “зодоон” болж байгаа сурагтай. Өчигдөр АН-ын гишүүд бүлгийн даргынхаа өрөөнд цуглаж сайд нарын асуудлаар ярилцжээ. Ингэхдээ “Шударга ёс” эвслийнхэний нэхсэн дөрвөн сайдын асуудлыг нилээн нухацтай хэлэлцсэн байна. Энэ үеэр АН-ын ихэнх гишүүд уурлаж “ “Шударга ёс” эвсэл даварч байна. Тэд нар одоо юу юм бэ” гэх үгийг чулуудсан гэнэ.
Харин “Шударга ёс” эвслийнхэн АН-ынханд хандан “Дөрвөн сайдын суудлыг өгвөл өг. Үгүй бол өөрсдөө учраа ол” гэжээ. Тэд дөрвөн сайдын суудлыг авахгүй бол Засгийн газарт хамтрахгүй гэж дотроо хатуу тохиролцсон байна. Цаашлаад нөгөө дөрвөн сайддаа О.Баасанхүү, Н.Батцэрэг, Э.Батшугар гэсэн хүмүүсийг тодруулаад байгаа гэнэ. Сайд болох үлдсэн нэг хүнээ тэд тохирч чадахгүй байгаа сурагтай. МАХН-ынхан ойрноос Төрийн ордонд бөөн, бөөнөөрөө явцгааж нэгнийхээ өрөөнд цуглах болсон нь үүнтэй холбоотой байж мэдэх юм.
Харин гацаанд ороод буй АН-ынхан “Шударга ёс” эвсэлд нэхээд байгаа дөрвөн сайдын суудлыг нь өгөхөөс өөр аргагүй болоод байна. Учир нь тэдэнд өөр сонголт байхгүй.
АН-ынхан МАН-ыг зайлуулж ирэх сонгуульд “Шударга ёс” эвсэлтэй хамтарч оролцоно гэсэн алсын хараатай том зүйл мөрөөдөж явтал нөгөөдүүл нь өөрсдөөс нь илүү том зүйл тооцоолчихсон явсан нь ингэж ил болов. МАН-ыг Засгийн газраас хөөхөд оролцсон гэх Н.Энхбаяр анхнаасаа үүнийг олоод харчихсан байсан нь тодорхой. Харин АН-ынхан л өөрсдийнхөө ухсан нүхэнд уналаа. Тэд Засгийн газарт олон суудлыг эзэлнэ гэж тооцоолж байсан ч нөгөө “шударга” гарууд нь эргүүлээд өөрсдийг нь ар нуруугаар нь өчиггүй тавьж буй нь энэ.
Уурандаа шатсан АН-ынхан одоо ямар үйлдэл хийх нь олны анхаарлын төвд байна. Тэд дөрвөн сайдын суудлаа “Шударга ёс” эвсэлд, бас нэгийг нь бие даагчдад үлдсэн нэгийг нь өөрсдөө аваад салах уу эсвэл ИЗНН-ыг урих уу гэдэг нь удахгүй тодорхой болох биз. “Шударга ёс” эвслээс өөр сонголт хийвэл одоо байгаагаас ч дор зүйл болж мэдэх учраас тэд үлдсэн нэгийгээ л түших болов уу.
“Шударга ёс” эвсэл гэдэг бүлэг МАН-аар ч АН-аар ч тоглосон өдрүүд сонирхолтойгоор үргэлжилж байна.
Т.Хулан
24tsag.mn