Манай улс 1990 онд АИХ-ын депутатуудаас Улсын Бага хурлын гишүүдийг сонгож байсан цаг саяхан мэт боловч 25 жилийн ойтойгоо золгож байна. Улсын Бага хурлын гишүүд Ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсныхаа дараа бүрэн бүрэлдэхүүнээрээ “Бидний хийх ёстой ажил дууслаа” хэмээн огцорч байсан түүхтэй. Үүний дараа УИХ-ын анхдугаар сонгууль болсон байдаг. 1992-1996 оны УИХ нь Монголын парламентын хөгжлийн түүхийг эхлүүлсэн гэж үздэг. 1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуулиар “төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурал байна” гэж заагаад “Монгол Улсын хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална” хэмээн баталгаажуулсны дагуу манай улс нэг танхимтай парламентын тогтолцоонд шилжсэн юм.
Бүрэлдэхүүний хувьд 76 гишүүнтэй байхаар заасан байдаг. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл энэ бүрэлдэхүүнээр явсаар ирсэн билээ. УИХ-ыг сонгох сонгууль сонгуулийн можаритар системээр, 2-4 мандат бүхий томсгосон 26 тойрогт болж МАХН 70, Монголын ардчилсан нам, Монголын үндэсний дэвшлийн нам, Ногооны намын “Ардчилсан холбоо” эвсэл дөрөв, МСДН нэг, бие даан нэр дэвшигч нэг суудал авсан тухай баримт өдгөө Сонгуулийн Ерөнхий хорооны архивт хадгалагдан үлджээ. Анхны сонгуулиар МАХН өнөөгийн МАН нь парламентад үнэмлэхүй олонхи болж байлаа. Энэ удаагийн сонгуульд Ардчилсан хүчин нийтдээ таван суудал авснаас С.Зориг, Да.Ганболд, Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, Р.Гончигдорж нарын лидерүүдэд сонгогчид итгэл хүлээлгэн төр түшилцүүлж байсан.
1992-1996 оны УИХ нь өөрийн бүрэн эрхийн хугацаанд нийт 137 хууль шинээр баталж, 142 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Түүнчлэн олон улсын 40 гэрээг соёрхон баталж 46 хууль хүчингүй болгожээ. Эл парламент нэг чухал хууль баталсан нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль байв. Ингэснээр 1993 оны зургадугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүх нийтийн анхдугаар сонгууль явуулахаар товлосон тогтоол батлагдаж Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөр Пунсалмаагийн Очирбат сонгогдож байсныг манайхан мэднэ.
1990 оноос хойш Монгол Улс зах зээлийн харилцаанд шилжиж шинэ нийгмийг бүтээн байгуулахаар хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж байсан цаг. Тэр утгаараа анхны парламент зах зээлийн эдийн засгийн харилцааны тулгуур хуулиудыг баталсан нь Улсын төсвийн тухай, Нягтлан бодох бүртгэл, Татварын багц хууль, Онцгой албан татвар, Гаалийн болон Гаалийн тарифын тухай, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиуд байсан.
Түүнчлэн Хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр хийх өмч хувьчлал дуусч, үнэт цаасны хоёр дахь зах зээлийг нээж ажиллуулсан нь шинэ нийгмийн эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэх томоохон түлхэц болсон ажээ. Эрүүл мэндийн даатгалын тухай шинэ хууль, Нийгмийн даатгалын тухай, Дархлалын олдмол хомсдол өвчнөөс сэргийлэх тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Усны тухай, Батлан хамгаалах тухай, Төрийн болон Байгууллагын, Хувь хүний нууцын тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Шүүх эрх мэдэл, хууль хяналтын байгууллагуудын тухай хуулиуд тус тус батлан гаргасан байна. 1992-1996 оны УИХ нь бүтцийн хувьд 10 байнгын хороотой үйл ажиллагаагаа явуулж ирсэн юм. Тухайлбал, Байгаль орчныг хамгаалах байнгын хорооны даргаар Ч.Хурц, М.Мэндбилэг нар ажилласан байна. Харин Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байнгын хороог Ж.Батсуурь, Б.Дэмбэрэл, Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хороог Д.Лүндээжанцан, Дотоод асуудлын байнгын хороог С.Чулуунбаатар, Төсөв, санхүү, мөнгө, зээлийн бодлогын байнгын хороог А.Базархүү нар тэргүүлж байсан юм. Д.Дашцэдэн, А.Болат нар Хурал, захиргааны байнгын хороог даргалж байсан бол Хууль зүйн байнгын хорооны даргаар С.Төмөр, өдгөөгийн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж даргалж байжээ. Хүн ам зүй, эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хангамжийн байнгын хороог Г.Зуунай, Д.Мөнхөө нар дөрвөн жилийн хугацаанд удирдсан бол Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны асуудлыг Ж.Норовсамбуу, Н.Баяртсайхан нар хариуцаж байлаа. Гол байнгын хорооны нэг болох Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн бодлогын байнгын хороог Г.Цэдэндагва даргалж байсан түүхтэй. Гэсэн ч УИХ бүтцээ боловсронгуй болгох хүрээнд Байнгын хороодын тоог цөөрүүлж Нийгмийн бодлогын, Төрийн байгуулалтын, Төсөв, санхүү, мөнгө, зээлийн бодлогын, Хууль зүйн, Хөдөөгийн бодлого, байгаль орчны, Эдийн засгийн бодлогын гэсэн зургаан байнгын хороотойгоор үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.
Э.Энх
“Өдрийн сонин” 2015.08.08