Ойрд монголын улс төр бужигнаантай байна. Засгийн газрын 6 сайдыг шинээр томилох асуудал яригдаж байгаатай зэрэгцэн өчигдөр орой Өршөөлийн хууль “ногоон гэрлээр” батлагдлаа. Засаг барьж байгаа АН-д Өршөөлийн хуулийг ингэж батлахаас өөр арга байгаагүй. Учир нь АН, МАН-ын 6 сайдыг “хөөснөөр” тэд хүссэн хүсээгүй “Шударга ёс эвсэл”-тэй хамтран ажиллаж, цаашид засгаа үргэлжлүүлэн авч явах сонголт үлдсэн. Харин МАХН-МҮАН “Шударга ёс эвсэл”-ээс АН-ын эрх баригчидад ганцхан зүйлийг “тулган шаардсан”. Мэдээж энэ бол Өршөөлийн хуулийг яаралтай батлах, улмаар өршөөлийн хуульд хамрагдсан МАХН-ын дарга Н.Энхбаярыг ямар нэг байдлаар АТГ, хууль шүүхийн байгууллага дахин “оролдохгүй” гэх баталгаа.
АН-ын зүгээс “Шударга ёс эвсэл”-ийн энэ хүсэлт, бас тулган шаардалтыг хүлээн зөвшөөрөхөөс өөр үнэндээ арга байгаагүй. Ингээд өчигдөр орой Өршөөлийн хуулийг “нүд ирмэх зуур” баталчихаж байгаа нь тэр.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Өршөөлийн хуулийг батлуулж, намын даргаа ял зэмгүй болгож чадсан МАХН-ынхан эл баярт үйл явдлаа урд шөнөжин тэмдэглэсэн сураг байна. Түүгээр зогсохгүй нэгэнт “өршөөгдсөн” тул Н.Энхбаяр тун удахгүй эх орондоо ирэхээр болсон гэнэ.
Одоо л тэд шинээр томилох сайд нарынхаа асуудалд анхаарлаа хандуулж эхлэнэ.
АН-аас Зам тээврийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Наранхүүг томилох нь бараг эргэлзээгүй биз. Тэрээр өөрийгөө сайдаар томилуулах гарцыг хэдийнэ нээчихсэн гэнэ. Харин Сангийн сайдаар Р.Амаржаргал гишүүнд санал тавьсан ч цаадах нь татгалзсан сурагтай. Иймээс УИХ-ын гишүүн Фортуна Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарын аль нэг нь сайд болох магадлалтай гэнэ. БОНХАЖ-ын сайдын хувьд Л.Эрдэнэчимэг магадлал өндөртэй хүний тоонд зүй ёсоор орж байгаа бол Барилга хот байгуулалтын сайдад МоАХ-оос А.Гансүх нарын нэр яригдаж байгаа ажээ.
Харин “Шударга ёс эвсэл”-ийн хувьд Шадар сайдад Э.Батшугар, Хөдөлмөрийн сайдад О.Баасанхүү гишүүнийг томилуулах асуудалд санал нэгдэж байгаа гэх мэдээлэл байна.
Шинэээр томилох сайдуудын асуудлаар АН, “Шударга ёс эвсэл”-ийнхэн өнөө маргаашдаа зөвшилцөх нэрээр нарийн тохироогоо хийгээд ирэх долоо хоногийн нэгдэх өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар оруулан батлах бололтой.
А.Гал