Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл 19 эмэгтэйг цаазалж буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Хэт даврагчид эдгээр эмэгтэйчүүдийг өөрсөдтэй нь гэрлээгүй, дотно харилцаанд ороогүй хэмээн цаазалсан гэдгийг Курдистаны Ардчилсан намын төлөөлөгч Садь Мимусиниги баталсан байна. Эмэгтэйчүүдийг Мосул хотын төвд төмөр торонд хийгээд “Аллахын дайчдыг үл тоогчид, ичгүүртэй амьтад” хэмээн мэдэгджээ. Тэднийг Мосул хотын захын хороололд буудан хороож, цогцсыг нь газарт булсан хэмээн тагнуулчид мэдээлсэн байна. Мөн энэхүү бичлэгийн дараа исламын улсын дайчин Жихади Жумари гэгч мэдэгдэл хийж Ирак болон Сирийн эмэгтэйчүүдийг өөрсдийнх нь өмч, гэр бүл гэж мэдэгджээ. Тэрбээр “Биднээс урвасан бүхэн үхэх болно. Биднийг хүслийг биелүүлсэн бүхэн сайхан амьдрах учиртай. Биднээс зугтааж, муулсан бүхэн дээрх бүсгүйчүүд шиг тархи руугаа буудуулах болно” гэж хэлжээ.
Өнгөрсөн арванхоёрдугаар сард хэт даврагчид Сири, Иракаас хулгайлсан 150 эмэгтэйг хороосон билээ. Эдгээр эмэгтэйчүүд дунд бага насны хүүхдүүд болон жирэмсэн эхчүүд байсан юм. Эмэгтэйчүүдийг хөнөөсөн шалтгаанаа хэт даврагчид “Биднийг хуурсан” гэж тайлбарлажээ. Мөн Иракийн зах дээр бага насны охидуудыг худалддаг сүлжээ бий болсныг НҮБ-ын Эмэгтэйчүүдийн холбооноос мэдээлсэн байна. Өдөрт 40-50 охин зарагдаж, хүсээгүй хүнтэйгээ гэрлэх болжээ.
Эх сурвалж: www.shuud.mn