Монгол Улсад прокурорын байгууллага үүсч хөгжсөний 85 жилийн ойн арга хэмжээний хүрээнд УЕПГ-ын Сургалтын төв 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр “Прокурорын байгууллагын түүхэн замнал, үйл ажиллагаа цаашдын хөгжлийн чиг хандлага” сэдэвт онол практикийн бага хурлыг Хууль зүйн үндэсний хүрээлэнд хийлээ.
Онол практикийн бага хурлын ажиллагааг Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн Хууль Цаазын Тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан нээж “Монгол Улсын прокурорын байгууллагын 85 жилийн ажил үйлсийг өнөөдөр бүхэлд нь эргэн харж дүгнэхэд бидэнд ололт, амжилтаас гадна цаашид анхаарах, засаж залруулах шаардлагатай зүйл багагүй байгаа” гэдгийг онцлон тэмдэглэлээ. Хурлаар прокурорын байгууллагын хөгжил, өнөөгийн байдал цаашдын чиг хандлагатай холбоотой асуудлаар 8 илтгэл хэлэлцэж санал шүүмжлэл өрнүүлсэн нь чухал ач холбогдолтой болсон байна.
Онол практикийн бага хурлын ажиллагааг Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор С.Нарангэрэл, Хууль зүйн ухааны доктор, профессор Ж.Бямбаа нар даргалан, хурлын хэлэлцүүлгийг өрнүүлж, прокурорын ажил хөдөлмөртэй холбоотой асуудлаар санал солилцох боломжийг бий болгосон нь шинэ залуу прокурор ажилтнуудад сонирхолтой болж өндөрлөлөө.