Прокурорын байгууллагын 85 жилийн ой өнөөдөр тохиож байна. Прокурорын байгууллагын ойд зориулж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ. Тэрээр Хууль, Шүүхийн салбарт өрнөж буй шинэтгэлийн асуудал, УИХ-аар саяхан батлагдсан Өршөлийн тухай хууль болон авлигатай тэмцэх сэдвээр тодорхой байр сууриа илэрхийлсэн юм.
Энэ үеэрээ тэрбээр өршөөлийн хуульд хориг тавихаа мэдэгдэв.
Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Өршөөлийн хуулийг өөрчилсний цаана аюултай наймаа явагдаж байна. Засгийн газрыг ийм хууль өргөн барихаас аргагүй болтол дарамталж байгаа хүмүүс хэрхэн хуйвалдсаныг, хилийн чанадаас дарамталсныг, зочид буудалд цуглуулсныг мэдэж байна. Өршөөлийн хуулийн эцсийн найруулгыг одоо болтол надад танилцуулаагүй. Тиймээс хууль танилцуулсан өдрөөс хойш хориг тавих тав хоногийн эрх нээгдэнэ. Авлигачдыг өөгшүүлсэн хуулийг Монголын төрийн босгоор алхуулахгүй” гэлээ.
Мөн “Авлигач авсан мөнгөөрөө үйлдвэр босгож байна гэж дуулсан уу. Үгүй, үйлдвэр байгуулдаггүй юм. Тэд намыг, фракцыг, гишүүнийг, хэвлэлийг, цахим сүлжээний аккаунтыг, сэтгүүлчийг, сайдыг худалдаж авдаг.
Үхэхээрээ айлгана, өлсөхөөрөө айлгана. Өнөөдөр нэг албан тушаалтан бариад явахаар даралт ихсэхээрээ айлгана. Эмнэлэгт хэвтэхээрээ айлгана. Тийм л эмзэг эрүүл мэндтэй байсан юм бол битгий тэр ард түмний мөнгөнөөс хулгай хий.
Зарим авлигач салхилах гэж Монголд ирдэг юм байна. Төрийн ордон салхилдаг газар бишээ. Салхилмаар байгаа бол хамсаатнуудаа авчираа. Оргон зайлсан дүүгээ, туслахынхаа ахыг авчираа. Гаргасан зүйлээ авчрах гэж гадны улс руу явж байна. Тэгээд чоно борооноор гэгчээр Өршөөлийн хууль батлагдангуут эх орноо санасан гэх нэрийдлээр монголдоо ирж байна” гэсэн юм.
Эх сурвалж: www.tsenzurgui.mn