Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл Өршөөлийн хууль батлагдсантай холбогдуулан тус хуулийг хэрэгжүүлэх комисст орж ажиллахаас татгалзаж байгаа талаар мэдэгдэл хийлээ.
МЭДЭГДЭЛ
Монгол улс 1990 оноос хойш 1991, 2000, 2006, 2009 онуудад өршөөл үзүүлэх тухай хууль гарган гэмт хэрэг үйлдсэн иргэдэд засарч хүмүүжих боломж олгосон. Эдгээр хуулиудын хувьд гэмт хэрэг үйлдэж анх удаа хорих ял шийтгүүлсэн ялтнуудад шүүхээс оногдуулсан ялын хугацааг харгалзахгүйгээр эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлж Эрүүгийн хуульд заасан хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн хүмүүсийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож байсан.Эдгээр хуулийн үйлчлэлд хүүхдүүд, хүүхэдтэй эмэгтэйчүүд, хөдөлмөрийн чадвараа алдсан болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, тэтгэвэрийн насны хүмүүс, хүүхэд шууд асран хамгаалах үүрэгтэй хүмүүсийг голчлон хамруулж байсан.
Монгол Улсын Их хурлаас Өршөөл үзүүлэх тухай хуулийг хаалттай хуралдаанаар хэлэлцэн баталсан явдал олон нийтийн анхаарлыг татаж, шүүмжлэл дагуулж байгаа нь зүй ёсных юм.
Эрүүгийн хуульд заасан гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчим, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчимыг зөрчиж хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ба шүүхийн шатанд байгаа албан тушаалтнуудад хамаарал бүхий хэргүүдийг өршөөж, тэдгээр албан тушаалтнуудад ял завших, төрийн эрх мэдэл рүү эргэн санаархах боломж өгсөн хариуцлагагүй хууль батлагдсан гэж үзэж байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасан Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаалт явуулах гэмт хэрэгт өршөөл үзүүлж байгаа нь хуулийн засаглал болон төрийн байгууллагад итгэх итгэлийг эвдсэн, өргөсөн тангарагаа зөрчсөн гэмтнүүдийг өөгшүүлсэн хариуцлагагүй үйлдэл юм.
Энэ үйлдэл нь Авилгалын эсрэг НҮБ-ын конвенцийн 30 дугаар зүйл (Яллах, шүүхийн шийдвэр гаргах, шийтгэл ногдуулах)-ийн 1 дэх хэсэгт “Оролцогч улс бүр энэхүү конвенцийн дагуу тогтоосон гэмт хэрэгт тухайн гэмт хэргийн ноцтой байдлыг харгалзан шийтгэл ногдуулна” гэсэнтэй нийцэхгүй.
Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комисс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл хэлэлцэгдэж бүрэлдэхүүнд нь Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлийг оруулахаар дэмжигдсэн юм байна.
Миний бие Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажилд оролцоход бэлэн байсан бөгөөд анх удаа хэрэг үйлдсэн болон энэрэнгүй ёсны үүднээс өршөөгдөх ёстой хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настан, хөдөлмөрийн чадвараа алдсан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, аж ахуйн үйл ажиллагаа явуулж байхдаа төрийн байгууллага, тэдгээрийн албан тушаалтны хариуцлагагүй үйлдэл ба эс үйлдэл, хуулийн тодорхойгүй байдлаас болж гэмт хэрэгт сэрдэгдэн шалгагдаж байгаа бизнес эрхлэгчдийг өршөөх нь зүйтэй гэдэгтэй санал нэг байна.
Харин энэ ажлыг далимдуулж албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн хүмүүст өршөөл үзүүлэх ёсгүй гэж үзэж байгаа учир ажлын хэсэгт орж ажиллахаас татгалзаж байна гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
–