“Хоёр хар хэрээ зэрэгцэж суугаад нэг нь нөгөөгөө чи надаас илүү хар гэхэд, өнөөх нь үгүй ээ, чи надаас илүү хар гэж бие биенийхээ харыг гайхсан” тухай яриа байдаг. Энэ яриагаар бие биенээсээ ялгарахааргүй адилхан хүмүүсийг ард олон шоглон хэлдэг.
УИХ ээлжит бус чуулганыг зарлан 10 хоног хуралдаалж хэд хэдэн хууль батласны дотор Өршөөлийн тухай хуулийг батласан. Энэ хуулийн хүрээнд авлигачдыг суллахаар болсон нь олон нийтийн дургүйцлийг төрүүлээд байгаа. Өршөөлийн хуулийг санаачлан батлуулах үйл хэрэг МАХН голлох үүрэгтэй оролцсон гэдэг. Ялангуяа МАХН-ын хуульч гишүүд болох О.Баасанхүү өөрийн намын дарга Н.Энхбаяраа хамруулахын тулд илүү зүтгэсэн юм билээ. Түүний энэ үйлдэлд дургүйцэн АН-ын гишүүн Х.Тэмүүжин жиргэжээ. Мэдээж хариуд нь О.Баасанхүү гишүүн дуугүй байсангүй. Товчхондоо тэд сошиал медиагаар өөр хоорондоо муудалцаад авчээ.
Тэдний маргааныг харахад дээр хэлсэнчлэн “хэрээ хэрээнийхээ харыг гайхав” гэдэг үг санаанд ороод байна. АН-ын Өршөөлийн хуулийг батлалцсан. Тэгвэл энэ намын хуульч гишүүний хувьд Х.Тэмүүжин урьд өмнө үгээ хэлж байх нь яасан юм бол. Магадгүй тэр Б.Наранхүү гишүүнийг Сайд болгох албан бичигт гарын үсэг зурахад анхаарлаа хандуулаад Өршөөлийн хуулийг бүрэн уншиж судлаагүй байж мэднэ.
Тэрээр Хууль зүйн сайд байсан, сайд байх хугацаанда эл салбарыг баруунжуулах нэрээр золтой л бүрэн “самарчихаагүй” нэгэн. Х.Тэмүүжинд олон “но” бий. Гэтэл тэрээр “энхийг цагаан тагтаа” шиг зан гаргаж, О.Баасанхүү гишүүнийг үгээр дайрсан байна. О.Баасанхүү гишүүн ч хариуг нь тэр дор нь барьжээ. МАХН-ын дарга Н.Энхбаярын “буянаар” УИХ-ын зөөлөн сэнтийд заларсан О.Баасанхүүг гишүүн Н.Энхбаярын төлөө чадах бүхнээ хийх нь хэн бүхэнд ойлгомжтой. Үүнийг нь Х.Тэмүүжин мэдсээр байж хэргээр “үг өдөх” нь юуны хэрэг вэ? Тэр байн байн сошиал орчинд од болох гэж оролддог, энэ удаа буруу хүнийг “баалсан” бололтой.
Ц.Мөнх