Оросын Зөн билгийн тулааны ялагч зөн билэгтэн Александр Шепс сахиус зүүлтний тухай нэг бус удаа ярьж дурсаж байсан. Заавал ямар нэг нууцлаг ид шидийн тэмдэг, бэлэгдэл бүхий сахиус зүүлт байх шаардлагагүй. Зүгээр ердийн нэгэн гоёл, хайртай зүйлээ сахиус болгон зүүж явж болно. Харих ашиг тусыг нь хүртэхийн тулд хаана юу зүүхийгээ мэддэг байх ёстой. Жирийн нэгэн гоёл чимэглэл ид шидийн хүчтэй болохын тулд хаана ямар гоёл зүүх тухай Александр Шепс танилцуулж байна.
Хүзүүний зүүлт: Хүзүү битүү ороосон зүүлт хүнийг их нийтэч болгон, хэл ярианы хөгжил, ярих чадварыг нэмэгдүүлдэг. Хүмүүстэй хэл үгээ ололцохдоо төвөг бэрхшээлтэй байдаг хүмүүст илүү үр дүнтэй байх болно.
Хүзүүн дэх гинжин зүүлт зүүсэн эзнийхээ сэтгэл санааны байдалд эерэг нөлөөлдөг. Өөрийнхөө сэтгэл санаагаа хянах, жолоодох, биеэ барих чадвар султай хүмүүс зүүхэд илүү их тохиромжтой байна. Гинж тухайн хүндээ аливаа шийдвэр гаргахад нь итгэл төрүүлэхээс гадна бодол санааг эмх цэгцтэй, ухаалаг, хэрсүү болгодог.
Энгэрийн зүүлт: Хайр дуудаж гэр бүлийн доторх харилцааг найрсаг болгон зохицуулдаг. Александр Шепс энгэрийн зүүлт ганц бие хүмүүст хань ижлээ олоход нь ба тогтвортой гэр бүл зохиоход нь их тустай хэмээн батлаж байна. Мөн энгэрт зүүсэн гоёл зүүсэн эзнийхээ зөн совинг хурцалж, далдыг харах авьяасаа илрүүлэхэд тустай.
Гарын бугуйвч: эрт дээр цагаас хамгийн түгээмэл сахиус хэмээн хэрэглэгдсээр иржээ. Хүний бүх биед энергийн эерэг нөлөөг шууд үзүүлдэгээс гадна ахуй амьдралын аливаа бүхэнд ээлтэй гэж үздэг. Баруун гарт зүүсэн бугуйвч эргэн тойрны хүмүүсийн сөрөг нөлөөнөөс хамгаалж, аливаа муу муухайг саармагжуулан сарниулдаг. Александр Шепс бугуйвчаа зүүн гартаа зүүхгүй байхыг сануулж байна. Зүүн гарт зүүгээстэй бугуйвч эзэн үрүүгээ чиглэсэн сөрөг нөлөөг илүү идэвхжүүлдэг гэнэ.
Бөгж: Эрт дээр үеэс хамгийн хүчирхэг сахиус бол бөгж хэмээн үзсээр иржээ. Үнэн зөв шийдвэр гаргахад нөлөөлдөг, аюул ослоос хамгаалж, аз амжилт, мөнгө эд баялаг, хайр сэтгэл дууддаг.
Ээмэг: Чихэнд зүүсэн ээмэг эрүүл мэнд, залуу нас, үзэсгэлэн гоогоо хадгалахад нөлөөлдөг. Ялангуяа ээмэг хэмээх энэхүү гоёл хамгийн нандин эрхэмсэг хүмүүс болох бүсгүйчүүд эмэгтэйчүүдийн байнга зүүж явах ёстой сахиус гэнэ. Ээмэг эмэгтэйлэг энергийг хөгжүүлэхэд, аливаа дутуу дулимаг өө сэвтэй талаа дарж өгөхөд гойд тустай гоёл. Ээмэгний тусламжтайгаар хайр дууддаг ч ёс бий. Ээмэг зүүсэн хүүхнүүд эрчүүдийн нүдэнд өртөхгүй, анхаарал халамжийн нь гадуур өнгөрнө гэж үгүй гэдэг. Бэлгийн сэрэл, дур хүсэл бадруулахын тулд бүсэлхийндээ буюу хүйс орчимдоо ээмэг, унжлага гоёл зүүдэг хэмээн Александр Шепс зөвлөж байна.
Александр Шепс гинжтэй зүүлт маягийн сахиусаа чухамхүү энгэртээ зүүж явдаг юм билээ. Тэрээр “Зөн билгийн тулааны” үед телевизэд өгсөн нэг ярилцлагадаа энэхүү гоёл нь түүнд эрч хүч өгч, тулааны дараа тамир тэнхээг нь сэргээн, далдыг харах чадварыг нь илүү идэвхжүүлдэг гэдэг нууцаа дэлгэсэн юм.
МЭРГЭ ТӨЛӨГ ХИЙЛГЭХ, ТУСЛАМЖ ХҮСЭЖ ХЭНД ХАНДАХ ТУХАЙ
Өнөө үед энэ тэрээр эдгээж анагаадаг, мэргэ төлөг хийдэг, арга засал нь ийм тийм гэх хүмүүс асар нэр хүндтэй болжээ. Ахуй амьдралын хүнд хэцүү нөхцөлд орсон хүмүүсийн бараг л 90% нь тусламж хүсэж хэн нэгэн эмгэн өвгөн, эсвэл зар сурталчилгаагаа хааяагүй өлгөж наасан лам, бөөд ханддаг болжээ гэж Александр Шепс өгүүлж байна. Гэтэл чухам хэнд хандаж тусламж хүсэж болох тухай мэдлэг тун нимгэн байдаг. Ингээд манай уншигчдад хандаж нэлээд ажил хэрэгч зөвлөгөө өгч байна.
Нэгдүгээрт: гудамжны самбар дээрх эсвэл сонин сэтгүүлийн зарын дагуу хэн нэгэнд хандахгүй байх хэрэгтэй. Жинхэнэ хүч чадалтай мэргэ төлөгчдөд өөрийгөө зарлаж сурталчлах хэрэг үгүй. Тэдний тухай яриа ач тусыг нь хүртсэн хүмүүсийн амнаас ам дамжин яригдаж бүгдийг өөрийнхөө зүгт хуйлруулдаг.
Хоёрдугаарт: Чухам өөрт зайлшгүй хэрэгтэй, тусламж хүсэх шаардлагатай байгаа зүйлээ дотроо сайтар бодож тогтоох хэрэгтэй. Хэн нэгнийг олж болох боловч яг чухам ямар асуулт тавихаа өөрөө мэдэхгүй байж болно гэж үү? хэмээн Александр Шепс ярьж сууна. Мэргэ төлөг хийдэг “эмгэн өвгөн“ бүр гэхэд өөр өөрийн тодорхой чиглэлтэй байдаг. Жишээ нь: эмч маарамба, далдыг хардаг, арга засал хийдэг гэх мэтчилэн.
Тухайн цаг мөчид чухам хэнээс ямар тусламж авахыг хүсэж байгаагаа шийдэж тогтоож болох ч хот газрынханд жинхэнэ хэн нэгнийг олж хүрнэ гэдэг тун амаргүй. Жинхэнэ юм мэддэг, чаддаг эмгэд байгалдаа ойрхон энерги эрч хүчний нөөцдөө дөт хөдөө газар, эсвэл өөрийн гэсэн тусгай байр сууцанд амьдардаг. Ийм хүмүүст хандаж ач тусыг нь мэдэх болсон найз нөхөд танилуудаасаа сураглаад үз. Хэрвээ тэднээс ямар нэг сураг чимээ олж мэдэгдэхгүй бол интернетээс хайх хэрэгтэй.
Хэрвээ та хэн нэгний хаягийг олж авсан бол энэхүү үйлчилгээний нь хөлс ямар байдаг тухай асууж мэдээрэй. Хэрвээ та: “хэдийг өгөх нь тухайн хүний сэтгэл мэдсэн хэрэг. Мөнгө төгрөгөнд хэргийн гол нь байдаг юм биш…” гэсэн хариу олж сонссон бол энд асууж нягтлахгүйгээр бүх зүйл ойлгомжтой. Ямар ч тохиолдолд шан харамжийн тухайд нарийлаад байх хэрэггүй. Учир нь энэ бүгдээс хийгдсэн арга заслын амжилт нөлөөлнө. Асар хүчирхэг айхтар хүмүүс өөрийнхөө хүчийг зарж болохгүй гэсэн утгаар танаас мөнгө авахгүй. Иймд шан харамж талархсан сэтгэлийнхээ илэрхийлэл болгон: өндөг, мах, талх, сүү, будаа… эсвэл тансаг алчуур, сав суулга … гэх мэт дуртай сэтгэлд нь нийцэхээр бэлэг байж болох юм.
Хүссэн хүндээ хүрч очихын тулд хичээх хэрэгтэй. Тийм ч амаргүй л байх болов уу? Александра Шепс: хэн нэгэн үрүү хүрч очихын өмнө хар хорын сорьж турших санаа бодолгүй, бүрэн итгэж тусламж хүссэн цэвэр ариун сэтгэлээр өөрийн тань биоэнергийн сөрөг энергийн хэлбэлзлийг мэдрүүлэх боломжтой болгох үүднээс амгалан тайван биеэ сулласан байх ёстой. Нэгэнт л та тэр хүнийг зорьж очсон, жинхэнээсээ тусламж олж авахыг хүсэж байвал юу ч нууж хаах хэрэггүй. Од эрхэс өөрийн тань талд байгаасай хэмээн хүсэж л байгаа бол санаа бодлоо цэгцлээрэй.
ЗҮҮГЭЭР МЭРГЭЛЭХ ТУХАЙ
Хөгшид залуус бүгдээрээ л ямар нэг арга хэрэглээд хувь заяагаа мэргэлээд үзэхийг хүсдэг. Александр Шепс зүү ашиглан мэргэ төлөг хийх аргаасаа уншигчидтай маань хуваалцаж байна. Эрт дээр цагаас зүүгээр мэргэлэх арга их түгээмэл хэрэглэгддэг байсан бөгөөд энэхүү арга нь “акутомантия” хэмээн нэрлэгддэг байжээ. Аливаа төмөрлөг биетийнхээ хувьд зүү нь биоэнергийг дамжуулагч болж, сүвэгчээрээ ид шидийн гайхамшигт урсгалыг нэвтрүүлэн гаргаж байдаг. Зүүг барууны орнуудад ч мэргэ төлөг хийдэг албан ёсны нэг хэрэгсэл гэж үздэг байсан бөгөөд эртний Оросд ч зүүгээр дамжуулж сүнстэй харьцаж холбоо тогтоодог ёслол ч бас байжээ.
Зүүгээр мэргэ хийхийн тулд танд 13 ширхэг хурц үзүүртэй сүлбээр зүү хэрэгтэй болно. Сүлбээр зүүнүүдээ гартаа бариад аль нэгийг нь зориудаар онцлон цэвэрхэн цаасан дээр зүүнүүдээ асгана. Ингээд сэтгэлдээ өмнөө байгаа цаасаа хэвтээгээр нь хоёр, босоо шугамаар гурав буюу нийтэд нь таван хэсэгт хуваана.
Зүүн хэсэгт байрлах зүүнүүд өнгөрсөн үеийн, харин баруун талд байгаа нь ирээдүйн шинж төрхийг өгүүлнэ. Дунд хэсэгт байгаа нь тогтвортой байдал, амар амгалан юм.
Босоо шугаманд байгаа зүүнүүдийг авч үзье: зүүн дээшээ, зүүн доошоо, баруун дээшээ, баруун доошоо гэх мэтчилэн. Мэргэлэх явцад цаасны дээд хэсэгт унасан зүү үүссэн нөхцөл байдлыг та өөрөө удирдан жолоодно, харин доод хэсэгт нь унасан бол та хэн нэгэнд захирагдах дагаж дууриахыг өгүүлнэ. Гэтэл таны зүү бусдын дунд ч яг алтан дундаж гэх төв хэсэгт унасан бол энэ он их ажил төвөг удах ч нэлээд тогтвортой байдалтай болж өнгөрнө гэсэн үг. Зүүний сүвэгчтэй тал нь хаашаа харж унасан байхаас нэлээд зүйл хамааралтай. Гэтэл баруун дээр бол? Энэ нь амьдралд өөрчлөлт энэ жил биш, харин дараа жил өөрөөс тань үл хамааран бодит учир шалтгааны улмаас гарч болзошгүй гэнэ.
Харин зүүн хэсэгт байгаа зүүнүүдийн байрлал хэрвээ амьдралд тань өөрчлөлт гарч сэтгэл санааг тань түгшээх хэдий ч та нэлээд хичээсний хүчинд засаж залруулах магадлалтайг өгүүлнэ. Түүнээс гадна таны зүүнд бусад зүүнүүд хэрхэн яаж харж байгаад анхаарлаа хандуулаарай. Хэрвээ сүлбээр зүүний эргүүлэгтэй тал таны зүг хараагүй бол таны ойр дотны хэн нэгэн танд ямар ч төвөг учруулахгүй. Магадгүй таатай гэнэтийн зүйл ч тохиож болох юм. Харин аливаа нэг мурий байрлалтай зүүнээс болгоомжлох хэрэгтэй. Магадгүй тэр зүү танаас аль болох хол байвал их сайн юмсан. Гэхдээ зүү зүүн тийшээ хазайсан бол тун саяхан болж өнгөрсөн таагүй явдлыг, баруун тийшээ бол мөдхөн, ирэх онд болзошгүйг сануулж буй хэрэг юм.
Зүүгээр мэргэ хийх хоёр дахь арга: Та хоёр зүүг ямар нэг тосоор тослоод гүн ёроолтой тавганд ус хийгээд усны гадаргуун дээр зүүгээ тавина. Нэг зүү таныг өөрийг тань, нөгөө зүү нь таны мэргэлэхийг хүссэн хүнийг бэлэгдэнэ. Ингээд юу болсныг анхааралтай хараарай.
-Хэрвээ гадаргуун дээрх хоёр зүү хоорондоо нийлсэн бол та хоёр гэр бүл болох магадлалтай
-Хоёр зүү хоорондоо бүр наалдсан бол агуу үерхэл нөхөрлөл, эсвэл ажил хэргийн амжилттай хамтын ажиллагаа байж болох юм.
-Түүнийг төлөөлөх зүү живсэн бол энэ хүнтэй харилцаагаа цаашид үргэлжлүүлэх шаардлагагүй.
-Харин таны өөрийн зүү живсэн бол таны эрхэлж буй үйл ажиллагаа үндсээрээ өөрчлөгдөнө.
Мэргэ төлөг хийх арга тус бүрд янз бүрээр л ханддаг. Хэн нэгэн нь итгэж байхад зарим нь огт үл ойшоодог. Итгэх эсэхээс үл хамааран ид шидийн аливаа үйлдэл хэн нэгний сонирхлыг татахгүй байна гэж үгүй. Ялангуяа залуу болон ер бусын хачин жигтэй сонирхолтой хүмүүсийн хүрээнд илүү их түгээмэл байна. Ямар ч насны хүн өөрийнхөө амьдрал ахуйд санаа зовнин ирээдүйнхээ тухай олж мэдэх, боломжийнхоо хэрээр нөлөөлж засаж залруулах хүсэлтэй байдаг юм.
ГЭРТ БАЙГАА ХУУЧИН ЭД ЮМС ЮУГААРАА ЯМАР АЮУЛТАЙ ТУХАЙ
Зөн билэгч Александр Шепс аливаа хүний эрүүл мэнд, сэтгэл санаа амжилттай байх эсэх нь амьдарч буй газар орон, байр сууцнаас нь ихээхэн хамааралтай гэж үздэг. Тавилга, гал тогооны хэрэгсэл гээд бүх эд зүйл ямар нэг хэмжээгээр энерги ялгаруулан эзэндээ нөлөөлж байдаг. Өөрийнхөө гэрт атлаа сөрөг муу хүчний нөлөөнд хэрхэн яаж орохгүй байх тухай Александр Шепс ийнхүү өгүүлж байна. Ноцтой өвчин эмгэг, ажил дээрх аливаа таагүй асуудал, сэтгэл санааны хямрал, азгүй явдал, бүтэлгүй хайр зэрэг сөрөг энерги асар ихээр хуримтлагдсан өөрийнх нь гэр орноос үүдэлтэй байж болох юм. Ийм сөрөг энерги ялгууруулж буй эх үүсвэр нь хуучин хэрэггүй эд зүйл байдаг. Жишээ нь: халцарч хуучирсан сав суулга, эвдэрч хуучирсан тавилга, аль эрт ажиллахаа больсон гэр ахуйн цахилгаан хэрэгсэл гэх мэтчилэн юу ч байж болох юм. Гэр орноо сөрөг энергээс цэвэрлэхийн тулд хэрэггүй хуучин эд зүйлээс гэр орноо чөлөөлөн тав тухтай орон зай, уур амьсгал бүрдүүлэх хэрэгтэй. Хуучин фото зураг ч сөрөг энерги ялгаруулж байж болох юм. Нас барсан төрөл төрөгсөд болон найз нөхдийнхөө зургийг ил хадгалахгүй байхыг Александр Шепс сануулж байна. Чухам ийм зурагнуудаас үхлийн энерги нойр тавгүйтүүлэх, хувийн амьдралд элдэв таагүй явдлууд гарах, өвчин үүсгэх зэрэг гэмтэй гэнэ.
Ялангуяа удам дамжсан гоёл чимэглэл онцгой аюултай энерги агуулж байдаг. Тэрээр зүүж явсан эзнийхээ энергийг хадгалж, тэр өнгөрсөн хүний сэтгэл зүрхний нэгээхэн хэсэг нь болж байдаг тул хэдий буянтай сайхан сэтгэлтэй сайн хүний эд зүйл байсан ч ялгаагүй ээлтэй биш гэж анхааруулж байна. Энэхүү гоёл чимэглэлийг зүүснээр хүн өөртөө таагүй явдал, элдэв сөрөг мууг өөртөө дуудаж байдаг. Энэ мэт өвлөж ирсэн зүйлээ гэр бүлийн нандин шүтээн хэмээн үздэг бол байнга зүүхгүй байхыг хичээх хэрэгтэй. Хуучны эд зүйлээс хуримтлагдсан мэдээллийг нь арилгаж ариусгах арга байдаг. Тухайн эд зүйлийг давстай усанд цаг хэртэй байлгах, давсаар үрж, сайтар арчих зэрэг арга хэрэглэж болох юм. Дараа нь урсгал усаар угааж цэвэрлээд лаа асааж галаар ариусгаарай. Эдгээр үйлдлийн дараа хуучин эд зүйл сөрөг энергээсээ бүрэн сална.
Александр Шепс нэг бус удаа хүмүүсийг гэр орных нь сөрөг энергээс салгаж явсан туршлагатай. Учир шалтгаан нь олон янз ч хамгийн үр дүнтэй арга бол гэр орноосоо хуучин хэрэггүй эд зүйлсийг гаргаж хаях, цэвэрлэгээ хийх явдал юм. Аль эрт хэрэг болохоо больсон, магадгүй тааламжгүй дурсамжтай эд зүйлийг хадгалах хэрэггүй. Зөвхөн ингэж л орон гэртээ сайн сайхан бүрдүүлж, халуун дулаан уур амьсгал тав тух бүрдүүлж чадна.
Ugluu.mn