Өсвөр насныханы дунд тэмбүүгийн өвчлөл ихэсчээ

9ff73c95c3c82ac1eaafd16300bca327НЭМХ-гээс мэдээлж буйгаар манай улсын 15-29 насныхан тэмбүү өвчнөөр өвчлөх нь ихэссэн байна. Тодруулбал, тэмбүү өвчний тархалт сүүлийн гурван жилийн дотор 15-49 насны хүн амын бүх бүлэгт өссөн гэнэ.

2014 онд төрөлхийн тэмбүүгийн 30 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оноос (2013) дөрвөн тохиолдлоор нэмэгдсэн. Мөн онд 2082 жирэмсэн эмэгтэйд хийсэн үзлэгийн дүнгээс үзвэл 476 нь заг хүйтэн, 1357 трихоманиазтай байсан аж.

2014 оны байдлаар зонхилон тохиолдох БЗДХ-аар өвчлөгсдийн 66.4 хувь нь эмэгтэй, 33.6 хувь эрэгтэй байна. Насны ангилалаар авч үзвэл,

  • 0.7 хувь нь 0-4 насны,
  • 0.7 хувь 5-14 насны,
  • 43 хувь нь 15-24 насны,
  • 50.5 хувь нь 25-44 насны,
  • 4.6 хувь нь 45-64 насны,
  • 0.2 хувь нь 65-аас дээш хүмүүс байна.

2014 оны байдлаар тэмбүүгийн өвчлөл (10,000 хүн амд) 15-29 насныхны дунд бусад насны хүн амтай харьцуулахад хамгийн өндөр буюу 33.1 байжээ. Сүүлийн таван жилийн байдлаар тэмбүү өвчний өвчлөл тогтвортой өссөөр байгаа нь хамгийн харамсалтай гэж эмч, мэргэжилтнүүд хэлж байна.

Тэмбүү өвчин гэж юу вэ?

Архаг явцтай, олон эрхтэн системийг гэмтээж, жирэмсэн эхээс урагт дамжин халдварлаж болдог бэлгийн замын халдварыг хэлнэ.

Статистик үзүүлэлт

10,000 хүн амд ногдох тэмбүүгийн өвчлөл Дорнод, Сүхбаатар, Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Хөвсгөл, Орхон аймгуудад улсын дунджаас өндөр байна.

Халдварлах замууд

  • Тэмбүү өвчинтэй хүнтэй хамгаалалтгүйгээр /бэлгэвчгүй/ бэлгийн хавьталд орсон тохиолдолд
  • Халдвартай жирэмсэн эмэгтэйгээс урагт дамжих
  • Халдварлагдсан цус, цусан бүтээгдэхүүн, зүү, тариураар дамжин халдварлах

Тэмбүү өвчнөөр өвчилснөө яаж мэдэх вэ?

Халдвар авснаас хойш дунджаар гурван долоо хоногийн дараа бэлэг эрхтэн дээр эмзэглэлгүй хатуу яр, шархлаа гарна. Энэ үед ойролцоох тунгалагийн булчирхай цочиж томорно. Хатуу яр нь эмзэглэлгүй байдаг ба эмэгтэйчүүдэд нүдэнд ил харагдахгүй газар гарч болох тул энэ шинж тэмдгийг анзаарахгүй өнгөрөөх нь элбэг байдаг. Эмчилгээ хийлгээгүй ч хатуу яр нь аяндаа алга болох ба хэсэг хугацааны дараа өвчний үе шат даамжирч арьс салстаар тархмал тууралт гарах, үс унах, арьс цайх шинж тэмдгүүд илэрнэ. Улмаар өвчин архагшиж халдвар авснаас 3-6 жилийн дараа арьс салстыг гүн гэмтээсэн тууралт гарахаас гадна дотор эрхтэн, мэдрэлийн тогтолцоонд гүнзгий өөрчлөлт гарч, яс, үе мөчийг гэмтээдэг онцлогтой.

Тэмбүү өвчний үед ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй, эрүүл хүн шиг харагдаж болох ч энэ үед цусны шинжилгээгээр халдвартай болох нь тогтоогддог.

ХДХВ/ДОХ

2015 оны долоодугаар сарын 1-ний байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 188 тохиолдол бүртгэгдсэнээс 52 хувийг 20-34 насныхан эзлэж байна. Бүртгэгдсэн тохиолдлуудын 98.4 хувь /n=185/-д ХДХВ-ын халдвар бэлгийн замаар дамжсан нь тогтоогдоод байгаа ба бусад тохиолдлуудын хувьд судалгааны ажил үргэлжлэн хийгдэж байгаа аж. Халдвартай 10 эхээс төрсөн 12 хүүхдийн 11 хүүхдэд (2 эх давтан төрсөн) ХДХВ-ын халдвар хийх шинжилгээг хийж хяналтанд оруулжээ.

эх сурвалж: jirgee.mn

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …