Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороонд оршин суугч 75 настай эмэгтэйг хоолойг нь хэрчиж хөнөөсөн аймшигт хэрэг гарсан талаар манай сайт мэдээлсэн. Тэгвэл цагдаагийн алба хаагчид шуурхай ажилласны эцэст гэмт этгээдийг өчигдөр 17.00 цагийн үед баривчлан байцаалтын ажиллагааг эхлүүлжээ. Одоогоор гэмт этгээдийн талаар мэдээлэл өгөх боломжгүй байгаа ч сэжигтэн одоогоор хэргээ хүлээгээд байгаа гэнэ.
Хэргийг эргэн сануулбал, амиа алдсан 75 настай эмээ энэ сарын 16-нд эсэн мэнд байсан ч 17-ны өдрөөс хойш огт харагдаагүй бөгөөд нохой нь гэртээ байнга хуцаад, утас нь холбогдохгүй байжээ. Тиймээс хөршүүд энэ сарын 18-нд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн нь энэ аж. Бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан талийгаач эмээгийн үр хүүхдүүд нь гадаадад амьдардаг учир ганц бие гэртээ амьдардаг байж.
Эх сурвалж: Шуурхай.мн