Рок попын ертөнцөөс телевизийн уран бүтээл рүү “үсэрсэн” дуучин бол Э.Ганболор. Тэрбээр “Шинэ Дэлхий” телевизийн захиралаар томилогдсоноосоо хойш тус телевизэд иж бүрэн шинэчлэл хийхээр ажилдаа ханцуй шамлан оржээ. Юун түрүүнд телевизийн нэрээ “VTV” HD гэж нэрлэн, энгийн боловч агуулгын хувьд өргөн цар хүрээг илэрхийлсэн “Бид Монголдоо хайртай” гэсэн шинэ уриан дор үйл ажиллагаагаа явуулахаар болжээ.
Тус телевиз соён гэгээрүүлэх үндсэн үүргээ гол чиглэлээ болгож, Монгол үндэстнийхээ зан заншил, өв соёл, нүүдэлчин ахуй зэргээ түгээн дэлгэрүүлэх зорилготой олон сонирхолтой хөтөлбөр бэлтгэн хүргэхээр төлөвлөж байгаа аж. Дээрх төлөвлөгөө нь үзэгчдийн таашаалд нийцсэн төдийгүй танин мэдэхүйн онцгой ач холбогдолтой нэвтрүүлэг болно хэмээн салбарын ахмадууд ч ам сайтай байна. Мөн нийгэм, эдийн засгийн болон энтертайнмент чиглэлээр ч цоо шинэ өнгө төрх бүхий нэвтрүүлгүүд бэлтгэн үзэгчдэдээ хүргэхээр бэлтгэлээ базааж байгаа аж. Дашрамд дурьдахад дуучин Э.Ганболор ток шоуны хөтлөгч болохыг мөрөөддөг байсан бөгөөд өдгөө энэ хүслээ биелүүлэн өөрийн гэсэн нэвтрүүлэгтэй болох гэж байгаа гэсэн.
“VTV” HD телевиз нь сүүлийн үеийн өндөр нягтаршилтай дүрсний үзүүлэлт бүхий “Full HD” хэлбэрээр техник, технологийн иж бүрэн шинэчлэлт хийсэн нь дуу дүрсний бүдэгрэлт, сариналт гэдэг асуудлаас аль хэдий “зайгаа барьжээ”. Түүнчлэн өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн нийтлэг жишгээр нэрээ үсгэн товчлолд оруулж, салбартаа шинэ шинэлэг бүхнийг нэврүүлэхээр зорьж байгааг ч дуулгахад таатай байна.Тус телевизийн гүйцэтгэх захирал Э.Ганболор “Бид орчин үеийн телевизүүдийн хөгжлийн чиг хандлага болох, үзэгчдийн маш хурдтай мэдээлэл авах урсгалд тохируулан технологийн хөгжил дэвшлийн давуу талуудийг ашигласан арга барилаар ажиллах болно” хэмээн мэдэгдсэн билээ. Шинэ өнгө төрх, шилдэг бүхнийг үзэгч олондоо толилуулахын тулд телевизийн нэвтрүүлгүүдийн ерөнхий найруулга, гүйцэтгэлийн ажлууд дээр .V. студи, албан ёсны хөгжмийн продюссерээр хөгжмийн зохиолч Б.Чинбат, нүүр царай болох хөтлөгчдийн имиж бүрдүүлэлт дээр “Матрикс” салон, брэнд хөгжүүлэлт дээр “Бид Монгол агуулга” нэгдлийн туршлагатай дизайнер О.Одонболд зэрэг салбар бүрийн шилдгүүдтэй хамтран ажиллахаар болсон нь үзүүштэй, чамбай хөтөлбөрүүд төрөхийн илэрхийлэл болжээ.Э.Ганболор захирал “телевизийнхээ бүхий л хөгжмийн бүтээлүүд дээр Монголын алдартай хөгжмийн зохиолчид, хамтлагуудтай хамтарч ажиллана. Үзэгчдэд маш хурдтай мэдээлэл түгээхийн тулд технологийн хөгжил дэвшлийн давуу талуудыг ашиглана” хэмээн мэдэгдсэн нь аргагүй л “Монголдоо хайртай” сэтгэлгээнийх гэлтэй. Хийж бүтээх үйлсийн төлөө төрсөн юм шиг сэтгэлтэй ажилладаг, салбартаа тэргүүлэгч контент үйлдвэрлэгч болох том зорилгыг өмнөө тавьсан “VTV” HD телевизийн шижигнэсэн залуустаа уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
Эх сурвалж : www.olloo.mn