Энэ онд улсын хэмжээгээр 389.3 мянган га-д үр тариа, үүнээс 360.7 мянган га-д буудай, 12.5 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 78.5 мянган га-д тосны ургамал, 19.5 мянган га-д тэжээлийн ургамал, 5.4 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 512.3 мянган га-д тариалалт хийсэн.
Тэгвэл тариалан бүхий аймаг, сумдаас ургацын төлөв байдлын мэдээг авч нэгтгэснээр энэ оны ургацын урьдчилсан баланс дүн гарлаа.
Ургацын урьдчилсан балансаар 265.0 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай, 117.3 мянган тонн төмс, 75.3 мянган тонн хүнсний ногоо, 28.7 мянган тонн тосны ургамал, 53.9 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоогоод байна.
Энэ жилийн хувьд хөрсний угтвар чийг, цаг агаарын төлөв байдалтай уялдуулан улаанбуудайн тариалалтыг 5 дугаар сарын 03-наас 5 дугаар сарын 30-ны хооронд зохион байгуулж, тариалалтын чанарыг соёололтоор хүлээн авсан дүнд 14 аймгийн 336.5 мянган га үр тарианы талбай хамрагдаж, нийт тариалсан талбайн 63.8 % нь соёололтоор чанарын онц, сайн үнэлгээтэй байсан болно.
Гэвч газар тариалангийн бүс нутгаар 5 дугаар сард нийтдээ хүйтэн сэрүүн, хур тунадас багатай байсны дээр 6 дугаар сард өдөр, шөнийн температурын хэлбэлзлэл их, олон хоног үргэлжилсэн аагим халуун болж, хур бороо багатай байснаас гангийн нөхцөл байдал үүссэн.
Ялангуяа таримал ургамлын чийгэнд хамгийн эмзэг үе болох бутлалтаас гол хатгалтын үе буюу 6 дугаар сарын 10-наас 7 дугаар сарын 08-ныг хүртэлх хугацаанд тариалангийн гол бус нутаг болох Сэлэнгэ, Төв, Булган, Дархан-Уул, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгаар агаарын хамгийн их температур 34-38 градус, хөрсөн дээрх хамгийн их температур 60-64 градуст хүрч 18-27 хоног үргэлжилсэн нарны хэт их халалт явагдсан нь таримал ургамлын ургалт, өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөллөө.
Байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр улаанбуудайн 49.9 мянган га талбай ургац алдаж, 32.5 мянган га талбай тэжээлд шилжсэнээр улаанбуудай тариалсан талбайн 77.1 хувийг хурааж, төлөвлөсөн ургацын 53.7 хувийг, хэрэгцээт гурилынхаа 58,2 хувийг хангахуйц хэмжээний буудай авахаар урьдчилсан төлөв гарч байна.
Аж ахуйн нэгж, иргэд урьдчилсан байдлаар 276.6 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэсний 49.5 мянган га талбайг нь дэвшилтэд технологиор боловсруулсан байна. Түүнчлэн дараа оны тариалалтад зориулан 29.4 мянган тонн үр нөөцлөхөөр санал ирүүлээд байна.
Тариалалт, уринш боловсруулалт, ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд нь чанар сайтай явуулах зорилтын хүрээнд дараах ажлуудыг зохион байгуулж хэрэгжүүллээ. Үүнд:
– Тариаланчдад учирч буй санхүүгийн дарамтыг багасгах, төлөвлөсөн хэмжээндээ тариалалтыг хийх боломжийг бүрдүүлэх зорилгоор Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон Онцгой байдлын ерөнхий газраас нийтдээ 7.8 мянган тонн чанар сайтай буудайн үрийг 340 гаруй аж ахуйн нэгж, иргэнд 20-30 хувийн, 2.0 мянган тонн шатахууныг 445 аж ахуйн нэгжид 50 хувийн урьдчилгаатайгаар тус тус зээлээр олгож тариалалтын ажилд дэмжлэг үзүүлэв.
– Түүнчлэн бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, уринш боловсруулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор 138.0 мянган га-д хэрэглэх 25.1 мянган литр ургамал хамгааллын бодисыг 324 аж ахуйн нэгжид, 108.0 мянган га-д хэрэглэх 450.0 мянган литр уриншийн гербицидийг 190 аж ахуйн нэгжид тус тус 30 хувийн урьдчилгаатайгаар зээлээр олгов.
– БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 125-165 морины хүчтэй 132 ширхэг трактор, үр тарианы 51 комбайн нийлүүлэгдэж 20 хувийн урьдчилгаатай зээлээр олгох ажил хэрэгжиж байна.
– Тэг элдэншүүлгийн технологи нэвтрүүлэх төслийг зарлаж, сонгон шалгаруулалт явуулснаар нийт 21 аж ахуйн нэгжид өндөр хүчин чадлын трактор, үр тарианы комбайн үрлэгчийн иж бүрдэл, ургамал хамгааллын бодис цацагчийг худалдан авахад зориулж 7.5 тэрбум төгрөгийн зээлийн дэмжлэг үзүүлэв.
– Бага оврын трактор, түүнд нийцсэн төмс, хүнсний ногооны үрлүүр, үрсэлгээ суулгагч, сийрүүлүүр, хураагчийг 20 хувийн урьдчилгаатай 4 жилийн хугацаатай зээлээр, мөн өрхийн болон хүлэмжийн аж ахуйн зориулалттай иж бүрдэл техникийн үнийг 70-80 хувиар хөнгөлөж 1.6-2.2 сая төгрөгөөр ногоочдод олгох шийдвэрийг гарган хэрэгжилтийг зохион байгууллаа.
– Хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор Швейцар Улсын техник хамтын ажиллагааны нийгэмлэгт төслийн санал хүргүүлж, суурь судалгааг хийснээр 2016 оноос хэрэгжих шийдвэр гаргуулав.
– Төмс, хүнсний ногоо тариалагчдад зориулан 1-3 га талбайг зөөврөөр услах хүчин чадал бүхий намираа усалгааны төхөөрөмжийг 20 хувийн урьдчилгаатай зээлээр олгох ажлыг зохион байгуулав.
– “Чацаргана” хөтөлбөрийн хүрээнд 12 аймаг, нийслэлийн 60 иргэн, аж ахуйн нэгжид 97.8 мянган ширхэг суулгац зээлээр олгов.
– Чингис бондын санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Хүлэмжийн аж ахуй байгуулах” төслийн шаардлага хангасан 4 аж ахуйн нэгжтэй бодлогын гэрээ байгуулснаар 13000 м2 хүлэмж байгуулах ажлыг эхлүүлэв.
– Үр тариа хадгалах 36.0 мянган тоннын багтаамжтай төмөр бетон элеваторыг Дархан-Уул аймагт ашиглалтад оруулснаар ТЭДС-гийн буудай хадгалах хүчин чадлыг 182.0 мянган тоннд хүргэв.
БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр тариалангийн алслагдсан бүс нутгуудад 91.0 мянган тн багтаамжтай элеватор барих ажлын техник эдийн засгийн үндэслэлд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийж байна.
Урьдчилсан балансаар таримлын болц жигд бус, намхан, товчин толгойтой байгаагийн зэрэгцээ 8 дугаар сарын эхэн болон дунд арав хоногт орсон борооны улмаас тариа хэнзлэн ургах, болц удаашрах, улмаар ургац хураалтын ажил сунжирч болзошгүй байгаатай холбоотойгоор ургацыг хягдалгүй хураах технологийн зөвлөмжийг УГТСЭШХ-ийн эрдэмтдийн оролцоотойгоор боловсруулан тариаланчдад хүргэх арга хэмжээг авч байна.
Гурилын баланс
Ургацын урьдчилсан балансаар нийтдээ 252.3 мянган тонн буудай үтрэм дээр бууж цэвэр жингээр 241.4 мянган тонн буудай зарцуулагдах төлөвтэй байна.
Үүнээс 2015 оны тариалалтад зориулан 29.4 мянган тонн үр, улсын үрийн нөөцөд 4.2 мянган тонн, тэжээлд 12.6 мянган тонн, спиртийн үйлдвэрт 9.0 мянган тонныг тус тус зарцуулснаар гурил үйлдвэрлэлд нийтдээ 186.2 мянган тонн буудай нийлүүлэгдэх төлөвтэй байна. Үүн дээр ТЭДС-гийн 27.4 мянган тонн буудайг нэмж тооцвол 213.6 мянган тонн буудайн нөөц бүрдэж байна.
Манай улсын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 320.0 мянган тонн улаанбуудай шаардлагатай бөгөөд балансаас харахад 2015-2016 оны хэрэгцээнд 106.4 мянган тонн буудай дутагдах төлөвтэй байна.