-“Батзүү”-гийнхэн зарим нөхдийн булхайг дэлгэв-
Дүрэмт хувцасны үйлдвэрлэлд 1996 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа хэрэглэгчдийн итгэлт нөхөр “Батзүү” компани нь хэвлэлийнхэнд хандлаа. Юуны өмнө дурдаж хэлэхэд өнөөдөр төрөөс мөнгө авсан компаниуд худал мэдээлэл цацаж, 78-145 төгрөгөөр чанаргүй дүрэмт хувцас борлуулж байна. Харин тэд 35- 55 мянган төгрөгөөр чанартай дүрэмт хувцас нийлүүлж байгаагаа дурдсан юм.
Тэд хэлэхдээ “өнөөдөр зах зээлийн нийгмийн чөлөөт өрсөлдөөнийг танил талын хүрээгээр хаан боогдуулах. Бизнесийн нэр хүндэд танил талын хүрээ болон хэвлэл мэдээллээр халдах явдал газар авч байна. Энэ нь төр өөрөө хувийн хэвшлийн үйл ажиллагаанд хэтэрхий оролцож, улстөр бизнесийн бүлэглэл их бага хэмжээнд үүссэнийг гэрчилсэн хэрэг” хэмээн юуны өмнө дүгнэж хэлсэн юм.
Учир нь өнгөрөгч долоо хоногт өрсөлдөгч компаниудын шахалтаар Оюуны өмчийн газар “Батзүү” компанийн Дүнжингарав худалдааны төв дээр байх форм борлуулах цэг дээр очиж, үйл ажиллагаагаа зогсоож лангууг буулгах тухай шаардах хуудас авчирч өгчээ. Үүнээс үзвэл Төрийн алба төрлийн хэлхээнд орж, төр өөрөө бизнес бүлэглэлтэй дэндүү их хутгалдсанаа харуулсан хэрэг бөгөөд Төрийн алба бизнес бүлэглэлийн гарт орж, тэдний дохио зангаагаар хөдөлдөг болсныг харуулсан хэрэг хэмээн тэд үзэж байна.
Үнэндээ агуулгаараа бол тэр шаардах хуудсыг лангуун дээр бус “Батзүү” компанид өгөх нь зүйн хэрэг байсан болов уу. Тиймээс өнөөдөр Монгол Улсад танил талгүй авлига хээл хахуулгүй бол бизнес хийхэд туйлын хүнд байгаа хэлсэн. Ингэхдээ бүр энэ салбарт хууль бусаар өрсөлдөж байгаа нөхдийн нэрсийг ч дэлгэсэн юм.
Тухайлбал, БСШУЯ-наас 2013 онд сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор төрөөс нэр бүхий долоон үйлдвэрт 23 тэрбум төгрөг өгсөн ч 14 тэрбум нь хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болсон байна. “Батзүү” компани энэ үйлдвэрлэлийг дэмжих ажиллагаанд хамрагдах гэсэн боловч аанай л танил талын хүрээ, хээл хахуульдаа тулаад чадаагүй байна. Төрөөс танил талдаа мөнгө өгөх ажиллагааг зохион байгуулсан хүмүүсийн тэргүүн магнайд ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Х.Золжаргал, БСШУЯ-ны Бага дунд боловсролын газрын дарга н.Эрдэнэчимэг нар багтаж байна. Харин “Шилмэл загвар”, “Өүлэн Мэнч”, “Төмөр трейд”, “Шүтэн уул”, “Эрд сүлж”, Торгон хийц”, “Бүтээлч үйлс” гэсэн долоон компани тодорч байжээ. Эдгээр компаниудыг шалгуулахаар шүүхэд хандаж улмаар Улсын дээд шүүх буруутайг нь тогтоогоод байна.
Ийнхүү анхан шатны шүүхээр шалгуулж байхдаа дээрх бизнес бүлэглэлийн этгээдүүд шүүх хяналтын байгууллагад нөлөөлөхийг оролдож, худал цуу яриа дэгдээж, хэвлэл мэдээллээр баримтгйү мэдээлэл цацуулж байсныг аанай л дурдсан. Тухайлбал, дээрх компаниуд болон нэр бүхий албаны хүмүүс Монголд даавуу үйлдвэрлэсэн, түүгээрээ дүрэмт хувцас хийсэн мэтээр ард олныг төөрөгдүүлж байсныг ч баримтаар дэлгэлээ. Ингэхийн зэрэгцээ Монголд даавууны үйлдвэр байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн юм. Тэр ч бүү хэл энэ үеэр Батзүү” компанийн захирал хэрвээ Монгол даавуу үйлдвэрлэж байгаа бол би нэг метрыг нь сая төгрөгөөр авъя хэмээв.
Энэ үеэр “Батзүү” компани нь улсаас нэг ч төгрөгний зээл аваагүй. Татварын болон нийгмийн даатгалд өргүй, бидний зүгээс явуулж байгаа ажиллагаатай холбогдуулан олон нийтийн болон Төрийн байгууллагаар зохих ёсны шалгуулж, ямар нэг зөрчилгүй ажилласаар өнөөдөртэй золгосон юм. Нөгөө талаар бидний үйлчлүүлэгчдийн зүгээс өнгөрөгч хугацаанд ямар нэг санал гомдол ирээгүй гэдгийг ч хэлэх нь зүйн хэрэг. Мөн 2013 онд 30 гаруй оёдолчныг өөрийн зардлаар Япон улсад сургаж сертификат олгуулан ажиллуулж байна. Энэ мэтчилэн олон эерэг ажлыг нийгэмд хийсэн болно” хэмээсэн юм.
Ингээд зогсохгүй “Батзүү” компани нь цаашид хөнгөн үйлдвэрийг нэр төртэй хөгжүүлэхэд манай компани хөгжлийн тодорхой бодлогтой, улс орны эдийн засгийн байдалтай уяалдуулж үйлдвэр байгуулах төсөл боловсруулсан. Энэ төслийн хүрээнд баригдах үйлдвэр нь 1000 ажлын байртай байхаар тусгагдсан. Зураг төсөл нь өөрийн хөрөнгөөр хийгдэж бэлэн болсон байгаа. Уг нь бизнес бүлэглэлд 23 тэрбум төгрөг өгч, 14 тэрбумыг нь хаашаа орсныг мэдэхгүй сууж байхаар энэ үйлдвэрт хөрөнгө оруулж дэмжих ёстой байсныг ч дуулгасан юм.
Эх сурвалж: unen.mn