Amjilt.com сайт нь анх 2007 онд нээгдэж, нээгдсэн цагаасаа хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд үргэлж шинийг эрэлхийлэгч, Монголын мянга мянга уншигчдын хөтөч сайт болсон билээ.
Гэвч өнгөрсөн онд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газар ардчилсан нийгмийн эрхэм нандин үнэт зүйл болсон хэвлэлийн эрх чөлөөнд эрээ цээргүй халдаж, шударга үнэнийг илчилсэн Amjilt.com сайтын үйл ажиллагааг хууль бусаар хаана, дөрвөн зүг, найман зовхисоос бидэнтэй холбогдож, мэдээ мэдээллийн нэгэн урсгалд нэгдэж байдаг нийт уншигч, харилцагчдадын мэдээлэл авах эрхийг нь хүртэл боомилсон үйлдэл болсон билээ. Тодруулбал:
2014 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Монголын мянга мянга уншигчдын хөтөч болж байсан Amjilt.com сайт “Ерөнхий сайдын “Хаан жимс” амралтын газар Туул гол руу бохироо асгаж байна” гэсэн нэртэй мэдээллийг байршуулан олон нийтэд мэдээллэсэн. Гэвч ийнхүү үнэнийг мэдээллэсний төлөө Харилцаа холбооны зохицуулах хорооноос Amjilt.com сайтыг хууль бусаар хааж удаан хугацааны турш үйл ажиллагааг нь тасалдуулж өдий болтол маш их хохирол учруулсаар байгаа юм.
Тэрээр Amjilt.com сайтад уг мэдээлэл тавигдсанаас хойш “Хаан жимс” амралтын зүгээс ямар нэгэн хэлбэрээр тухайн мэдээлэлтэй холбоотой гомдол ирүүлээгүй байхад Харилцаа холбооны зохицуулах хорооны мэргэжилтэн утсаар ярин энэхүү мэдээллээ залруулах юмуу эсвэл устгахгүй бол танай сайтыг хаана хэмээн сүрдүүлж, ямар ч албан бичиг явуулалгүйгээр шууд хааж, хар жагсаалтад оруулсан.
Харилцаа холбооны зохицуулах хороо шударга бус үйлдэлтэй тэмцэж, үнэнийг мэдээллэсэн хэвлэл мэдээллийн байгууллагыг хамгаалах ёстой байтал харин ч эсгэрээр нь хууль бус үйлдэл гаргасан хүмүүсийг өмгөөлж, үнэнийг нуун дарагдуулах гэсэн нь Монголын хэвлэлийн эрх чөлөөнд бүдүүлгээр халдсан хэрэг юм.
Харин Amjilt.com сайтын зүгээс захиргааны хэргийн шүүхэд хандан гомдол гаргаж, үүний дагуу Харилцаа Холбооны Зохицуулах Хороог хариуцагчаар татсан. Тус сайтын удирдлага, ажилчид олон сарын турш цалинтай, цалингүй тууштай тэмцсэний эцэст Шударга үнэн ялж, Аmjilt.com сайт “Анхан шатны шүүх, дунд шатны шүүх, мөн дээд шатны шүүх” гэсэн гурван шатны шүүхэд шударгаар ялалт байгуулсан. Гэтэл ХХЗХ-ны хууль бус үйлдэл нь илчлэгдэж, гурван шатны шүүхээр буруутай гэдэг нь нотлогдчихоод байхад тэд шүүхийн шийдвэрийг үл тооно өөрсдийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй, өдий болтол Amjilt.com сайтыг нээгээгүй байгаа бөгөөд тус компаний үйл ажиллагааг тасалдуулж, асар их хохирол учруулсаар байна. Үүгээр ч зогсохгүй хууль бус үйлдлээ хүлээн зөвшөөрч, хариуцлага үүрхээс зугтаж буй ХХЗХ дахин зарга үүсгэж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан байна. ХХЗХ эрх баригчдын хууль бус, увайгүй үйлдлийг хөхүүлэн дэмжиж, энэ мэт явцгүй арга хэрэглэн дэмий цаг хожиж, өөрсдийн хууль бус үйлдлээ мартуулан, нууцлахын тулд, үнэнийг илчилсэн Amjilt.com сайтын эрх чөлөөнд хууль бусаар халдаж, компанийн нэр хүнд, үйл ажиллагааг бүтэн жилийн хугацаанд тасалдуулж, асар их хохирол учруулсаар байгаа юм. Энэ байдлаараа ХХЗХ цаашид хичнээн хэвлэлийн эрх чөлөөнд ингэж хууль бусаар халдахыг бид таашгүй. Үүний ар талд хэвлэл мэдээллийн байгууллагыг боомилж устгах гэсэн эрх баригчдын далд санаархал байна уу…Эсвэл ХХЗХ-ны удирдлагууд хуулиа ч дээдлэн сахидаггүй, ийм ичгүүр сонжуургүй, эрх баригчдын авилгалд идэгдсэн хүмүүс үү?
Сэтгүүлчдийн нөр их хөдөлмөрийн үр шимээр оршин тогтнож байдаг мэдээллийн байгууллагыг шударга үнэнийг илчилж, ард түмний дуу хоолой болох эрхэм үүргээ биелүүлснийхэн төлөө хаана үйл ажиллагааг нь тасалдуулж, бүх шатны шүүхээс сайтын үнэн зөвийг хуулиар тогтоочихоод байхад ийнхүү буруугаа хүлээхгүй, Amjilt.com сайтыг нээхгүй тус компанид асар их хэмжээний хохирол учруулж, өдий болтол улайм цайм гүрийж байгаа нь ариун шударга явдал уу?
Шударга үнэний дуу хоолой болж, эрх баригчдын увайгүй үлдлийг бодитоор мэдээллэсэн бид урт удаан хугацааны туршид шантралгүй тэмцэж, тэмцэл бүртээ шударгаар ялалт байгуулж, хуулиар хүртэл ХХЗХ-ны хууль бус үйлдлийг тогтоон, буруутайг нь нотлочихоод байхад өдий хүртэл манай сайтыг нээж, үйл ажиллагааг нь хэвийн болгохгүй, компани болон сэтгүүлч, ажилчдад асар их хэмжээний хохирол учруулсаар байна. Одоо бид яах ёстой вэ. Өлсгөлөн зарлах уу?
Жич: Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн амралтын газар Туул гол руу бохироо асгаж байгаа бусармаг үйлдлийг илчилсэн Amjilt.com сайтын гэрэл зургийг дахин нийтэлж байна.
Amjilt.com сайтад дээр тавигдсан “Ерөнхий сайдын “Хаан жимс” амралтын газар Туул гол руу бохироо асгаж байна” нэртэй нийтлэл
Ерөнхий сайд асаны “Хаан жимс” амралтын газар Туул гол руу бохироо асгаж байгаа зураг нь баримтууд
Amjilt.com сайтын хамт олны хийсэн хэвлэлийн бага хурал
Amjilt.com сайт хаагдсантай холбогдуулан Монголын сайтын холбооноос хийсэн хэвлэлийн бага хурал
Эх сурвалж: www.tsahim.mn