Сирийн иргэний дайнаас дүрвэн, Грек рүү явах завинд суун харамсалтайгаар амиа алдсан бяцхан хүү Аланы цогцсыг далайн эргээс олсон байна. Энэхүү сэтгэл сэртхийлгэм дүр зураг интернэтээр тархсан байгаа бөгөөд хүмүүс харамсаж буйгаа илэрхийлжээ. Мөн “олон хүмүүс дайнаас болж дүрвэж амиа алдаж байна” хэмээн бухимдлаа илэрхийлж байгаа ажээ. Бяцхан хүү ээж Рехан, таван настай ах Галип нарын хамт тэрхүү онгоцонд суусан байна. Тэд дүрвэхээсээ өмнө Канад руу нүүх хүсэлт гаргасан ч хүлээж аваагүй бөгөөд ийнхүү харамсалтайгаар амь насаа алдсан байна. Гурван настай хүү Аланы далайн эрэг дээр доошоо харан хэвтэж байгаа зургийг хүмүүс янз бүрээр илэрхийлэн зурсанаа интернэтэд байршуулжээ. Мөн энэ явдлын тухай амиа алдсан Реханы нөхөр болох Абдул Курдигийн эгч Тима Курдин хэвлэлийн хурал хийн гашуудаж байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр тэдний Канад руу нүүх хүсэлтийг нь хүлээж аваагүйгээс болж тэд үхлээ хэмээн нулимсаа барьж ядан ярьжээ.
Ноён Абдул Курдин сэтгүүлчдэд : Миний хүүхдүүд бол энэ дэлхий дээр хамгийн үзэсгэлэнтэй, хөөрхөн хүүхдүүд. Би одоо хайрт гэргий, хүүхдүүдтэйгээ хамт байхыг юу юунаас их хүсэж байна хэмээн ярьсан байна.
А.Уянга