Үндэсний статистикийн хороо- Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал (2013 оны эхний хагас жилийн байдлаар)
Макро эдийн засгийн үзүүлэлт
Үйлдвэрлэлийн аргаар тооцсон ДНБ-ий хэмжээ 2012 оны гүйцэтгэлээр, оны үнээр 14012.9 тэрбум төгрөг, 2005 оны зэрэгцүүлэх үнээр 5498.5 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оныхоос оны үнээр 2925.2 тэрбум төг буюу 26.4 хувь, зэрэгцүүлэх үнээр 606.6 тэрбум төг буюу 12.4 хувиар өслөө.
Эцсийн ашиглалтын аргаар тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2012 оны гүйцэтгэлээр 14588.0 тэрбум төг, 2005 оны зэрэгцүүлэх үнээр 5529.3 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оныхоос оны үнээр 3419.8 тэрбум төг буюу 30.6 хувь, зэрэгцүүлэх үнээр 618.8 тэрбум төгрөг буюу 12.6 хувиар өслөө.
Хэрэглээний үнийн улсын индекс (ХҮУИ) 2013 оны 6 дугаар сард өмнөх сарынхаас 0.3 хувиар буурч, оны эхнээс 4.7 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 8.8 хувиар өслөө. Ерөнхий индекс өмнөх сарынхаас буурахад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 0.9 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлшнийх 0.7 хувь, тээврийнх 0.9 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ.
Mөнгөний нийлүүлэлт (M2) 2013 оны 6 дугаар сарын эцэст 8004.0 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 96.2 тэрбум төг буюу 1.2 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 952.8 тэрбум төг буюу 13.5 хувиар өсчээ.
Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 2013 оны 6 дугаар сарын эцэст 835.8 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 4.8 тэрбум төг буюу 0.6 хувиар өсч, өмнөх оны мөн үеийнхээс 55.7 тэрбум төг буюу 6.2 хувиар буурчээ.
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2013 оны 6 дугаар сарын эцэст 8607.7 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 381.3 тэрбум төг буюу 4.6 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 2289.5 тэрбум төг буюу 36.2 хувиар өсчээ.
Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2013 оны 6 дугаар сарын эцэст 149.7 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 3.3 тэрбум төг буюу 2.3 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 97.9 тэрбум төг буюу 2.9 дахин өсчээ.
Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2013 оны 6 дугаар сарын эцэст 316.6 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 1.4 тэрбум төг буюу 0.4 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 8.8 тэрбум төг буюу 2.8 хувиар өссөн байна.
Үнэт цаасны арилжаагаар 2013 оны эхний 6 сард 12.3 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдэж, 22.0 сая ш үнэт цаас арилжигдсан байна. Өмнөх оны мөн үеийнхээс үнэт цаасны гүйлгээ 48.6 тэрбум төг буюу 79.8 хувь, арилжигдсан үнэт цаасны тоо 86.2 сая ш буюу 79.7 хувиар буурчээ.
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2013 оны эхний хагас жилд 2504.9 тэрбум төг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2637.9 тэрбум төг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 133.0 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа.
Улсын нэгдсэн төсвийн урсгал орлого 2504.5 тэрбум төг, урсгал зардал 2353.8 тэрбум төг болж, тэнцвэржүүлсэн урсгал тэнцэл 150.7 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа.
Татварын нийт орлого 66.2 тэрбум төг буюу 3.1 хувиар нэмэгдэхэд бусад татварын орлого 209.9 тэрбум төг буюу 43.4 хувиар буурсан хэдий ч бусад дотоодын бараа, үйлчилгээний татварын орлого 115.0 тэрбум төг буюу 15.6 хувь, орлогын албан татварын орлого 87.5 тэрбум төг буюу 21.9 хувь, нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 71.8 тэрбум төг буюу 22.9 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Татварын бус орлого өмнөх оны мөн үеийнхээс 90.5 тэрбум төг буюу 37.4 хувиар өсөхөд хувьцааны ногдол ашгийн орлого 19.9 тэрбум төг буюу 82.2 хувь, бусад нэр заагдаагүй орлого 4.6 тэрбум төг буюу 14.2 хувиар буурсан хэдий ч торгуулийн орлого 53.0 тэрбум төг буюу 2.8 дахин, газрын тосны орлого 31.4 тэрбум төг буюу 2.0 дахин, төсөвт газрын өөрийн орлого 25.5 тэрбум төг буюу 24.4 хувь, навигацын орлого 4.7 тэрбум буюу 24.5 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2013 оны эхний хагас жилд 2637.9 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 292.2 тэрбум төг буюу 10.0 хувиар буурсан нь бараа, үйлчилгээний зардал 347.4 тэрбум төг буюу 37.1 хувь, зээлийн үйлчилгээний төлбөрийн зардал 37.0 тэрбум төг буюу 67.0 хувиар өссөн хэдий ч хөрөнгийн зардал 353.6 тэрбум төг буюу 58.3 хувь, татаас ба шилжүүлгийн зардал 313.0 тэрбум төг буюу 24.2 хувь, эргэж төлөгдөх цэвэр зээл 10.0 тэрбум төг буюу 24.2 хувиар буурснаас шалтгаалжээ.
Монгол Улс 2013 оны эхний хагас жилд дэлхийн 120 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 5094.5 сая ам.долл, үүнээс экспорт 2023.7 сая ам.долл, импорт 3070.7 сая ам.долларт хүрчээ.
Гадаад худалдааны тэнцэл 2013 оны эхний хагас жилд 1.0 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 13.1 сая ам.долл буюу 1.2 хувиар буурчээ.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 472.0 сая ам.долл буюу 8.5 хувь, үүний дотор импортын хэмжээ 242.5 сая ам.долл буюу 7.3 хувь, экспортын хэмжээ 229.4 сая ам.долл буюу 10.2 хувиар буурчээ.
Экспортын 97.4 хувийг эрдэс бүтээгдэхүүн, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос, түүхий болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, тэдгээрээр хийсэн эдлэл, нэхмэл бүтээгдэхүүн, авто ба агаарын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги эзэлж байна.