Хубилай хааны түүхэн ордод судалгаа хийж байна

hubilaiИх Юань улсыг үндэслэн байгуулагч, Чингис хааны ач хүү Хубилайн мэндэлсний 800 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн баярыг зөвхөн Монгол Улсад төдийгүй олон улсын хэмжээнд тэмдэглэх уриалгыг гаргаад байгаа юм.

Хубилай хааны байгуулсан Бээжин хот дэлхийд алдартай хот болсон. Мөн Шаньду Шар ордонг Юнескогийн өвд бүртгэсэн. Тэгвэл түүний байгуулсан бас нэгэн томоохон орд Өвөрхангай аймгийн Нарийн тээл суманд байрлаж байна. Хубилай хааны үед “Сүрийг бадруулагч их орд” хэмээн нэрлэгдэж ирсэн энэ газарт өдгөө Шинжлэх ухааны академи /ШУА/ түүх археологийн хүрээлэнгийнхэн судалгаа шинжилгээний ажлаа эхлүүлжээ. Судалгааны багийнхан “Сүрийг бадруулагч их орд”-ыг Бээжин, Шаньду Шар ордоны адил Хубилай хааны түүхийг илтгэх гурав дахь алдартай газар болно хэмээн үзэж байгаа аж.
Ойн хүрээнд Хубилай хаан, Юань гүрний түүхийг өгүүлэх үзэсгэлэн, номын нээлт  гэх мэтчилэн цуврал арга хэмжээг маргаашнаас эхлэн зохиох гэж байна. Маргааш Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ойн ёслолын ажиллагаа, “Хубилай сэцэн хаан-800” үзэсгэлэн, “Хубилай сэцэн хааны тэнгэрт өргөсөн бичиг” номын нээлт, олон улсын хөөмэйн наадам   болох аж.

Зөвхөн Монголоор зогсохгүй олон улсын эрдэмтэд Хубилай хааны үе, Юань гүрний бичиг соёл, төрийн бодлого, цэргийн бодлогын судалгааг хийсээр иржээ. Хамгийн сүүлд л гэхэд Японд энэ судалгааг явуулсан байна. Ийнхүү сүүлийн 50-60 жилийн хугацаанд Хубилай хаан, Юань гүрэнд хийсэн олон улсын эрдэмтдийн судалгааг нэгтгэсэн боть, номыг ч ойн хүрээнд гаргаж байгаа аж.
Хубилай хааныг 1215 оны есдүгээр сарын 23-нд Хархорум хотын ойролцоо мэндэлсэн гэж түүхчид үздэг. Тэрбээр 1271 онд улсын цолыг “Их Юань” хэмээн өөрчилж, Дорно дахин Европийг холбосон худалдааны төвийг цогцлоож, цаасан мөнгө гүйлгээнд гаргаж, “Бичгийн мэргэдийн хүрээлэн”-г байгуулж байсан их хаан юм. Түүний түүхэн гавьяа өвөг эцгийнхээ хэмжээнд хүрэхүйц хэмээн эрдэмтэд үнэлдэг. Хубилай сэцэн хаан арилжаа худалдааг хөхиүлэн дэмжиж чөлөөт бүс байгуулсан нь олон улсын соёлын солилцоо, эдийн засгийн хөгжилд томоохон түлхэц болсон гэж үздэг. Мөн Хубилай хааны үед Монголын улаа өртөөний дүрэм улам төгөлдөржиж, их нийслэл Дайдугаар төв болгосон усан болон хуурай зам хосолсон харилцааны сүлжээ бат бэх болжээ. Үүнийг олон улсын эдийн засгийн эргэлт, соёлын солилцоонд чухал ач холбогдол өгсөн хэмээн үнэлдэг юм. Мөн Хубилай хааныг шинжлэх ухаан, одон орон судлалыг хөгжүүлсэн гэж үздэг байна. Тиймээс ийм түүхэн гавьяатай хааны ойг зөвхөн улсдаа төдийгүй дэлхийд сурталчлан, тэмдэглэх учиртай хэмээн Шинжлэх ухааны академийн судлаач, эрдэмтэд онцолж байсан юм.
Ugluu-logo

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …