Ус бол чандмань эрдэнэ гэдэг. Энэ ч утгаараа дэлхий ертөнц хийгээд хүн төрөлхтнийг тэтгэхээс гадна та бидний гоо сайханг ч гэсэн аварна.
Хүн болгон арьсаа мөсөөр арчих нь сайн гэдгийг мэддэг ч чухам юу юунд тустайг нь тэр болгон мэддэггүй. Тиймээс та бүхэндээ мөсний ашигтай арван хэрэглээг сонирхуулъя.
Арьс чангалж, чийглэг булбарай болгоно
Хэрэв та хуурай арьстай бол долоо хоногт хоёр, харин тослог арьстай бол өнжөөд нэг удаа мөсөөр арчиж байгаарай. Мөсөө жүрж, нимбэгний шүүс, ногоон цайны ханд зэрэг өөрийн арьсны онцлогт тохирсон нэмэлтийг хийж хөлдөөхөөс гадна нүцгэн гараараа битгий бариарай. Ингэх нь хурууны өндөгний хялгасан судсыг гэмтээх эрсдэлтэй байдаг. Мөсөөр тогтмол арчиж хэвших нь унжсан арьсыг чангалж арьсыг өөгүй толигор болгож өгдөг. Хэрвээ таны арьс наранд түлэгдчихсэн бол зуун настын шүүс нэмж хөлдөөсөн мөсөөр арчаарай.
Нүх агшааж, батга арилгана
Та бидний арьс цаанаасаа нүхлэг бүтэцтэй учраас нүхжилтийг бүрмөсөн арилгана гэж байдаггүй. Тиймээс хэтэрхий томруулчихгүй байхад л анхаарч арьсаа сайн цэвэрлэж, зөв арчлах хэрэгтэй юм. Мөсийг хамгийн хялбар аргаар нүхжилтээс салгах шидтэй аргын нэг гэж үздэг. Мөсөөр арчих нь арьсны нүхжилтийг багасгахаас гадна батгашсан хэсэгт тань бохир орохоос хамгаална. Мөн түүнчлэн батганаас үлдсэн сорвийг арилгаж улайлт, хавдартай батгыг хэт томорч сэдрэхээс сэргийлж өгдөг.
Цусны эргэлтийг сайжруулна
Мөсөн жин нь цусны эргэлтийг сайжруулдаг. Тогтмол нүүрээ арчих нь судас томорч зангирахаас болон нүүрийг улайж хавагнахаас хамгаалдаг. Цусны эргэлт сайжирснаар төрөлхийн толигор гоёмсог бас цэвэр тунгалаг арьстай болгоно. Мөсөө буцламгай халуун усанд дүрээд аваарай. Ингэснээр мөсний хурц хэсэг арилж мөлгөр болдог.
Нүдний бүлцэнг арилгаж, хар хүрээг арилгана
Нүдээ мөсөн жингээр арчсанаар мэлмийг тань амрааж алжаалыг нь тайлахаас гадна бүлцэнг нь арилгаж өгдөг. Мөн түүнчлэн нойр дутуугаас эсвэл ядарснаас болж үүсдэг хар толбыг ч гэсэн багасгаж өгнө. Ингэхдээ мөсөө сарнайн ус болон өргөст хэмхийн шүүс нэмж хөлдөөгөөрэй.
Будагны тогтоц, шингэцийг сайжруулна
Нүүрээ будахаас өмнөх 15 минутыг мөсөөр арчихад зориулахыг зөвлөж байна. Ингэж мөсөн жин тавьсанаар будагны тогтоц болон шингэц мэдэгдэхүйц сайжирдаг ажээ.
Хатсан хүнсийг зөөллөж бас чийглэж өгнө
Богино долгионы зууханд хоол хүнсийг байнга халаах нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Гэвч зайлшгүй тохиолдолд ашиглах л хэрэгтэй болдог. Ялангуяа будаа халаах тохиолдолд хатчихсан гарч ирдэг нь нууц биш. Тиймээс халаахынхаа өмнө нэг дөрвөлжин мөс хийчихэд зөөлөн бас чийглэг болдог гэнэ.
Сексийн амьдралд тань амт нэмнэ
Сексийн амьдралыг амттай болгох олон арга бий. Тэдгээрийн нэг нь мөс юм. Яг л дэлгэцнээ амилсан Их Британий зохиолч E.L. James – ийн Fifty Shades of Grey кинон дээрх шиг. Мөсөн наадгай нь хосуудыг секст өдөөж хамгийн романтик, хамгийн халуухан таашаалыг өгөх нь лавтай.
Өвдөлт намдаана
Мөсийг эртнээс хөлдөөх эмчилгээ буюу криотерапия, өөхөн давхаргыг хайлуулах буюу криолиполиз зэрэг эмчилгээнд эртнээс ашиглаж иржээ. Мөсөн жин нь аливаа өвчнийг намдаахаас гадна улайлт, үрэвслийг дарж өгдөг. Хэрэв та хөмсгөө зулгааж засдаг бол өмнө нь мөсөөр жин тавиарай. Тэгвэл улайлт, арьсны унжилт, нүхжилтийг багасгаж өгнө.
Үрчлээ үүсэхээс сэргийлж тэнийлгэнэ
Мөсөн жин нь арьсанд үрчлээ үүсэхээс сэргийлж арьсыг чангалж өгдөг бол нэгэнт үрчлээтсэн үрчгэр хувцасны үрчлээг тэнийлгэж ч чадна. Ингэхийн тулд хувцасныхаа үрчгэр хэсэгт мөсөн жингээ хэсэг тавьсаныхаа дараа индүүгээр дарахад л хангалттай.
Анхаарахад илүүдэхгүй зарим зүйлс
Мөсөөр хэт ойр ойрхон эсвэл 10 минутаас удаан арчиж болохгүй. Мөн түүнчлэн шанааныхаа хэсгийг байнга арчиж болдоггүй. Тэгвэл мэдрэлийн судсыг гэмтээж таталт өгдөг учраас мэдрэлийн эмч нарын зүгээс аль болох бага давтамжтай хэрэглэхийг зөвлөдөг.
Мөсөндөө өөрийн арьсны онцлогт тохирсон нэмэлтийг тухайлбал ногоон цай, нимбэг, жүрж, оливын тос, амин дэм Е зэрэг эрдсийг нэмж болно. Тодруулбал зөгийн бал болон оливын тос нэмж хөлдөөвөл зөгийн бал нь арьсны гүний бохирдлыг цэвэрлэж өгдөг бол оливын тос нь арьсыг чийглэж батганы сорвийг арилгадаг. Тэгвэл зөгийн бал болон нимбэгний шүүстэй мөс нь гүний бохирдлыг цэвэрлэж, батга гарахаас сэргийлдэг байна.
Мөн түүнчлэн мөсөө нэг удаагийн цаасан аяганд хийж хөлдөөвөл дараа нь аягыг нь бага багаар урж жингээ тавихад хялбар болдог.
Эх сурвалж: www.bunny.mn