Дорнод аймаг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

9X1A2686-2200x800Дорнод аймгийн Засаг даргын захирамжаар тус аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2015 оны 09 дүгээр сарын 15-18–ны өдрүүдэд бүх аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгуулж байна.

Сургуулийн нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо. ОБЕГ-ын штабын дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нар  нээлтийн ажиллагаанд оролцож сургуулийн явцтай танилцлаа. Сургуулийн удирдагчаар ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр ажиллаж байна.

ОХУ-тай 470, БНХАУ-тай 1200 км нутгаар хиллэдэг, өргөн уудам нутаг дэвсгэрийг хамарсан тал хээрийн бүс нутагтай Дорнод аймгийн хувьд  ой, хээрийн түймрийн эрсдэл өндөр бүхий аймаг.

2015 оны эхний 9 сарын байдлаар 43 удаагийн ой, хээрийн түймэр гарсны 70 гаруй хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй нь тогтоогдож, 109,3 мянган га ой, 4,8 мянган га хээрийн талбай шатжээ.

 Түүнчлэн хүн амын өсөлт, хотжилт, барилга байгууламж, зам харилцаа хөгжихийн хирээр автозам, техникийн холбогдолтой осол, усны осол, хүчтэй салхи шуурга, малын халдварт өвчин ихэвчлэн тохиолдож байгаа нь гамшгаас хамгаалахад чиглэсэн дадлага сургуулилтыг шат дараалан тогтмол зохион байгуулж, иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг, чадвар олгох шаардлагатай байгаа талаар сургуулийг зохион байгуулагчид онцолж байна.

Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн зорилго нь болзошгүй томоохон гамшгийн үед удирдах бүрэлдэхүүний зөв, оновчтой шийдвэр, харилцан хамтын ажиллагаа,  хоорондын уялдаа холбоог сайжруулах, гамшгийн үед аймгийн нутаг дэвсгэрийг аймаг өөрийн нөөц, хүн, хүчний бололцоогоор авран хамгаалах, сэргээн босгох боломж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх, гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөг турших, гамшгийн нөхцөл үүссэн үед хариу арга хэмжээ авах чадварыг эзэмшүүлэх, хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэхэд чиглэгдэж байгаа юм.

Тус сургуульд аймгийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдлага, сумдын засаг дарга нар нийт 100  гаруй удирдах бүрэлдэхүүн хамрагдаж байна.

Дадлага сургуулийн үеэр өгөгдсөн цагийн байдлын дагуу бүлгээр ажиллах, гамшгийн үед тухайн аймаг, орон нутаг т тулгамдаж болзошгүй асуудлыг өөрсдөөр нь тодорхойлуулах юм.

“2015 оны 09 дүгээр сарын 16-ны 20 цаг 09 минутад Дорнод аймгийн Баян-Уул сумаас хойд зүгт 28 км-ын зайд 5,2 магнитудын, 09 дүгээр сарын 17-ны 09 цаг 35 минутад Хэрлэн сумаас зүүн зүгт 20 километр газар 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж барилга байгууламж, сургууль цэцэрлэг, орон сууц олноороо нурж, иргэд өртөн, эмх замбараагүй байдал үүсч, цахилгаан эрчим хүч саатан нөхцөл байдал хүндэрсэн” тул хариу арга хэмжээг яаралтай авах, шийдвэр гарган хэрэгжүүлэх сургуулийн цагийн байдлын дагуу ажиллаж байна.

 Орон нутгийн засаг захиргаа, удирдлагаас ч Гамшгаас хамгаалах команд штабын сургуульд өндөр ач холбогдол өгөн оролцож байна.

Аймгийн гамшигтай тэмцэх чадавхийг бэхжүүлэх, Онцгой байдлын байгууллагын техник тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулахад анхаарч, орон нутгийн төсвөөс  сүүлийн 5  жилийн хугацаанд 470  гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ.

Баян-Уул суманд аврах, гал унтраах анги байгуулна

Дорнод аймагт голлон тохиолддог ой, хээрийн түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан хойд бүс нутаг буюу Баян-Уул суманд Аврах, гал унтраах 53  дугаар ангийн байгуулах  Засгийн газрын 80 дугаар тогтоол саяхан батлагдсан. Тус тогтоолын дагуу 4 дүгээр зэрэглэлийн 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй аврах, гал унтраах ангийг байгуулахаар болжээ.

Аймгийн Онцгой байдлын газраас ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх бодлогын баримт бичгийг боловсруулан гаргаснаар сумдын хэмжээнд жил бүрийн төсөвтөө ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зардлыг тусгуулах, зарцуулах эрхийг тусгаж өгсөн байна.

Мөн аймгийн хэмжээнд фургон автомашинтай байгууллага, аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг гаргаж  ой, хээрийн түймрийн үеэр дайчлагддаг байхаар зохицуулалтыг хийсэн нь ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хийсэн томоохон ажлын нэг болжээ.

9X1A2387

9X1A2502

9X1A2568

9X1A2662

Эх сурвалж: ОБЕГ

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …