Шинэ зүйл зул болж, хуучин нь ул болдогчлон Монгол Улс хаалттай шүүхийн хаалгыг хааж, урьдын түүхэнд үлдээлээ. Хүссэн бүхэн шүүх хуралдааны дүрсийг үзэж, дуу бичлэгтэй нь танилцаж болно. Хуралдаан бүрийг баримтжуулан хадгалж, дэлгэцээр гаргаж байна. Шүүхийн шийдвэрүүд цахим санд дэлгэгдэж, шүүхийн байршил, хуралдааны тов, улсын тэмдэгтийн хураамжид хэчнээн төгрөг төлөхөө ч иргэд гар утаснаасаа мэдэх боломжтой. Үүнтэй зэрэгцэн нээлттэй шүүхийн түүх эхэлж байна. Энэ эхлэлд хоёр долоо хоног дамнан, таван өдөр үргэлжилсэн Л.Гансүх нарыг шүүх хурал онцгойд тооцогдож, тод үсгээр бичигдэх биз ээ.
Шүүх шинэчлэгдэж байна, нээлттэй боллоо гэх яриа араасаа эрс тэс хоёр том чиргүүл дагуулсаар буй. Шинэтгэл хийж байгаа нөхөд сайхан харагдуулах гэж гоё ярина. Дургүй хэсэг нь жигтэйхэн муулж өөчилнө. Олон нийт иймэрхүү мэдээллийн огтлолцол дунд зогсож байгаа. Ерөнхий сайдын зөвлөх асан Л.Гансүх нарын гурван хүнд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хурлыг “Eagle”, “ТВ 9” телевизүүд тав хоногийн турш шууд дамжуулснаар шүүх үнэхээр нээлттэй болсон эсэхэд эргэлзэгсдийн нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэв. Шүүх засаглал үүнээс илүү нээлттэй болох гэж юу байх вэ. Шүүх хуралдааны бүхий л үйл явдлыг эгээ л дотор нь байгаа мэт мэдрэх боломж хүн бүгдэд нээлттэй байлаа.
Өмгөөлөгчдийн хүсэлтээр шүүх хурлыг ийнхүү телевизээр шууд дамжуулсан нь эерэг, сөрөг хоёр талтай харагдав. Илүүц тайлбар, мэдээллийн “шүүлтүүргүйгээр” олон нийт өөрсдийн биеэр шүүх хуралд “оролцох” боломж олгож байгаа нь сайн хэрэг. Харин шүүгдэгсдийн зүгээс олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан шүүхийн шийдвэрт нөлөөлөх давуу тал бий болов. Өмгөөлөгчид нь шүүхийн танхимаас толгой цухуймагц сэтгүүлчдэд мэдээлэл өгч, шүүх хурлын завсарлагыг хэвлэлийн бага хурал болгон ашиглаж, шүүх хурлын шийдвэр хараахан гараагүй байхад хувийн дүгнэлтээ олон нийтэд хүргэж байсан нь шүүгчийн хараат бус байдалд ноцтой халдаж байгааг мэргэжлийн ажиглагчид шүүмжилж байна. Түүнчлэн тэгш бус байдал анхаарал татав. Дурын нэгэн шүүгдэгч асар их хэмжээний мөнгөөр телевизүүдэд эфирийн хөлс төлж чадахгүй нь хэнд ч ойлгомжтой. Шүүгдэгсэд яасан их мөнгөтэй юм, өөрийнх нь биш бол хэний мөнгөөр энэ олон хоног телевизийн сувгуудыг эзэмшиж байна вэ гэдэг асуулт урган гарч л таарна. Телевиз гэдэг бол хормоор хэмжигддэг хөтөлбөртэй, энэ хэрээр асар үнэтэй хэрэгсэл учраас Л.Гансүх нарыг шүүх хурлыг таван өдрийн турш дамжуулж байгаа нь мөнгөний тухай ярихад хүргэлээ. “Eagle”, “ТВ 9” өрөвч, өгөөмөр сэтгэлтэйдээ бус, их хэмжээний мөнгөний урсгалд толгой бөхийснийх биш биз гэсэн эргэлзээ төрсөн тул дуугүй өнгөрөхийг хүссэнгүй. Мөн энд Өршөөл үзүүлэх тухай хуулийн хүчин зүйл ч үйлчилж байгааг үгүйсгэх аргагүй.
Хаалттай шүүх түүх болон хоцорч буй энэ өдрүүдэд цахим ертөнц тэр чигтээ Л.Гансүх нарт холбогдох “нүүрсний” хэргээр амьсгалж, гашуун үгээр мэтгэлцэж, шүүн тунгааж, өөр өөрсдийн үзэл бодлыг уралдуулав. Жиргээчдийн дунд цахим цагдаа, цахим шүүх, цахим өмгөөлөгчид, цахим гэрчүүдийн бүхэл бүтэн “арми” ажиллалаа. Шүүх засаглал цахим хэлбэрт шилжсэн мэт дүр төрхийг тэндээс түвэггүй олж харж болохоор байна. Олон жиргээч төлбөр авч, Л.Гансүх нарыг өмөөрч, шүүхийг дайрсан өчлүүдээрээ турхирч байгаа тухай жиргээнүүдтэй ч таарлаа. “Нүүрсний” хэрэг хуультай, өөрийн гэсэн хатуу чанд дэг жаяг бүхий шүүх танхимаас ангижирч, гудамжинд шидэгдэх нь тэр. Дэлхийн зарим улсад шүүх хурлын үйл явцыг зөвхөн гар зургаар дүрслэн үзүүлдэг уламжлалыг өнөө хэр сахисаар буй. Энэ нь шүүхийн шийдвэр гарахаас өмнө үнэн мөн аливаа гадны, магадгүй олон нийтийн, эсвэл эмх замбараагүй гудамж талбайн уур амьсгалд сэвтэхээс болгоомжилдогтой холбоотой болов уу.
Л.Гансүх нарын шүүх хуралд Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өөрийн биеэр оролцсон нь Монголын шүүхийн практикт онцлог үйл явдал болов. Ерөнхий сайдаас огцрохдоо түүний хэлсэн “Албан тушаалыг нь булаахдаа нөхөрлөлөөр нь барьцаалдаг…” гэсэн эшлэл өдгөө цахим ертөнцийг өмөлзүүлэх нь халаг түгж байгаа. “Намайг шийтгэ” гэж Засгийн газрын тэргүүн асан хэлжээ. Найз нөхөдтэй хүн бүрийн сэтгэлийг эзэмдэх сайхан санаа энэ үгэнд бий. Н.Алтанхуяг, Л.Гансүх хоёрын хүн чанар, үнэнч нөхөрлөлийг магтан дуулсан нийтлэлүүд сайтын уншигчдыг уяраасаар. Гэвч Л.Гансүх хууль зөрчсөн эсэхийг шүүх тогтоох уу, найз нөхдөө хайрлах сэтгэл мэдэх үү гэдэг хоёр өөр хэрэг юм. Н.Алтанхуяг шүүх хуралд зүгээр л “Хүүе, наана чинь миний найз…” гээд хар гүйхээрээ яваад оччихоогүй. Түүнтэй туршлагатай хуульчид, пиарчдын баг бүрэлдэхүүн хамтран ажиллаж байгаа нь олон нийтийн зүг явуулж буй мэдээллүүдээс, жиргээчдийн ертөнцөөс бэлхнээ харагдаж байна. Үүний эсрэг талд өндрөө авсан “нүүрсний” хэрэгт албан үүргийн дагуу аудит хийсэн шинжээчдийн дүгнэлтээ мартсан мунгинаа, шүүх хуралд ямар ч бэлтгэлгүй ирсэн назгайрал, түүнчлэн гэрчүүдийн тоомжиргүй хандлага Н.Алтанхуяг нарын дэргэд тун ч өрөвдөлтэй, нөгөө талаар бүтэлгүй бойтог харагдаж байсныг ажиглагчид өгүүллээ. Шинжээчид, гэрчүүдийн арчаагүй байдал нь хэргийн үнэнийг үнэтэй өмгөөлөгч нарт алдах вий гэсэн болгоомжлолыг олон нийтэд төрүүлснийг цахим ертөнцийн уур амьсгалаас ч анзаарч болохоор байна.
Эрх мэдэл, өнгө мөнгөөр аархан хэвлэл мэдээллийг худалдан авч, шүүх хурлыг хүчээр олон нийтийн анхааралд залхтал оруулсан ийм нэгэн явдал болж өнгөрлөө. Хойшид олон давтагдах вий. Будаач, будаач гээд сахлаа будав гэгчээр нээлттэй, нээлттэй гээд гудманд гарах вий, эрхэм хүндэт нээлттэй шүүх “гуай”. Хаалттай шүүх түүх болон үлдэж буй шинэ цагийн эхэнд Л.Гансүхийг шүүсэн энэ хурал туршлага боллоо, цаашид нухацтай бодох асуудал болж хувирлаа. Нээлттэй шүүхтэй эн зэрэгцэн хөгжиж буй “цахим шүүхийн засаглалд” хэрхэн хандах нь ч шинэхнээрээ байна. “Нүүрсний” хэргийн тухайд “цахим шүүхийн” төлбөртэй жиргээчид шийдвэрээ Л.Гансүх нарын талд гаргав. “Албан тушаалыг нь булаахдаа нөхөрлөлөөр нь барьцаалдаг…” явдал буруутаж, жиргээчид анд найзын харилцааг хүндэтгэн үзэж, зөвтгөн өршөөлөө.
Эх сурвалж: “Өнөөдөр” сонин 2015.09.22 №218 /5612/