Архангай аймгийн Цэнхэр сумын иргэд болон тус сумын нутагт олборлолт явуулж буй “Монгол газар” компаний төлөөлөл өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Саяхан хэвлэл мэдээллийн хэрэгслээр Орхон голыг онц их хэмжээний бохирдолтой байна. Үүнд нэр бүхий уул уурхай компаний буруутай гэдэг мэдээлэл цацагдаж байсан. Тэгвэл тус компани болон сумын иргэдийн мэдээлснээр Орхон голыг бохируудж, улаанаар нь эргүүлсэн гэдэг нь худал юм байна. Мөн тус компани нь олборлолт явуулсан нутагтаа жишиг болохуйц хэмжээний нөхөн сэргээлт хийсэн талаар ярьсан юм.
“Монгол газар” компанийн төлөөлөл “Сүүлийн үед ямар нэгэн хөдөлгөөн болон иргэдийн нэрийг барьсан бүлэглэлүүд “Монгол газар” компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх мэдээллийг санаатайгаар тарааж байна. Тэдний хэлээд байгаа шиг зүйл огт байхгүй. Орхон голын хөвөөг дагсан хэдэн зуун иргэд амар жимэр, малаа маллаад амьдарч сууна. Гол мөрөн бохирдсон зүйл байхгүй. Мал, амьтан үхэж үрэгдсэн зүйл алга байна. 10 хүрэхгүй хүний увайгүй үйлдэл нэг нутаг ус болон хэвийн үйл ажиллагаа явуулж буй компани, төр засгийн үйл ажиллагаанд хүртэл саад учруулахуйц хэмжээнд хүрлээ. Тиймээс энэхүү хууль бус увайгүй үйлдлийг таслан зогсоогооч гэж хэвлэлийнхэн болон төр засгаас хүсмээр байна. Бид Засгийн газраас гаргасан хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа” гэв.
Нөхөн сэргээлт хариуцсан туслан гүйцэтгэх аж ахуйн нэгжийн төлөөлөл Д.Батхишиг “Монгол газар”-тай гэрээ хийгээд ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийн ажил нь эхлээгүй байхад Орхон гол шар усны үерт автлаа гэж хэвлэл мэдээллээр яриад байгаа иргэний хөдөлгөөний нэр барьсан хүмүүс олон нийтэд буруу мэдээлэл тарааж байна. Төр засаг маань энэ мэт үйлдлийг нэн даруй таслан зогсоож, холбогдох яам нь анхааралдаа авах шаардлагатай байна” гэв.
“Цэнхэр орхон хөгжил” ТББ-ын тэргүүн Д.Болдбаатар “Манай орон нутаг үйл ажиллагаа явуулж буй “Монгол газар” компани нь нөхөн сэргээлтийг маш богино хугацаанд хийсэн. Хэвлэл мэдээллээр гарч байгаа шиг мал амьтаны биеэр юм туурсан, шар ус урсаад байгаа зүйл байхгүй гэдгийг орон нутгийн төлөөллийнхөө хувиар хэлэх гэж ирлээ” гэлээ.
УИХ-аар 2009 оны долдугаар сард “Урт нэртэй хууль” буюу Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг батлан гаргасан. Уг хуулийн хүрээнд алтны орд газруудын 242 лицензийг бүрэн түдгэлзүүлсэн бөгөөд үүний 69-ийг бүрэн, 36-г хэсэгчлэн цуцалсан. Мөн алтны шороон ордоос бусад 1500 гаруй лиценз бүхий талбайн хил хязгаарыг салбарын яамд тогтоосон билээ.
Хууль хэрэгжиж эхэлснээс хойш цөөнгүй тооны уул уурхайн компаниуд үүдээ барихад хүрсэн. Үүнийхээ хэрээр төсөв орж ирдэг татварын хэмжээ болон ажлын байрны тоо буурсан гэхэд болно. Тэгвэл эдгээр хүчин зүйлсээс хамаараад Их хурал өнгөрсөн намрын чуулганы хаалтын өдөр “Урт нэртэй хуульд” нэмэлт, өөрчлөлт оруулсан юм. Тиймээс алтны олборлолт явуулдаг компаниуд нөхөн сэргээлтээ чанарын өндөр түвшинд хийнэ гэсэн амлалттайгаар үйл ажиллагаа үргэлжлүүлэхээр болсон. Засгийн газрын тушаал өнгөрсөн зургаан сард гарсан бөгөөд компаниуд үйл ажиллагаагаа өнгөрсөн долдугаар сараас хойш явуулах байсан ч зарим нэг популистуудаас болоод одоо болтол үйл ажиллагаагаа эхлүүлж чадахгүй байгаа юм байна. Популистууд гэдэг нь иргэдийн нэр барьсан иргэний хөдөлгөөнийхөн холбогдох компаниас их хэмжээний мөнгө нэхэж, шантаажилдаг. Хэрэв өгөхөөс татгалзвал энэ мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн сувгаар үйл ажиллагааг нь мушгин гуйвуулдаг, гүтгэдэг, дайрч давшилдаг ажээ.
Архангай аймгийн Цэнхэр сумын иргэдийн яриагаар “Монгол газар” компани нь одоогийн байдлаар ямар нэгэн үйл ажиллагаа явуулж эхлээгүй. Тиймээс гол усыг бохирдуулсан зүйл огт байхгүй аж. Тэд тус сумын Орхон багийн нутаг Харгуйтын амнаас Нарийний ам хүртэл 86 га талбайд нөхөн сэргээлт хийжээ. Энэхүү га талбайгаас малчид хадлангаа бэлтгэж байгаа аж. Үүнээс гадна “Монгол газар” компани 65 хүний бүрэлдэхүүнтэй зургаан нөхөрлөлтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж, тусгайлан талбай гаргаж өгсөн нь ч тэдний амьдралд үлэмж тус хүргэсэн байна. Нөхөн сэргээлтээ ном журмын дагуу гүйцэтгэж байгалийг унаган төрхөд нь оруулдаг. Нөгөө талаар нутгийн иргэдтэй хамтран ажиллаж тэдний амьжиргаанд ихээхэн хувь нэмэр оруулсаар ирсэн. Энэ удаад ч бид тэр зарчмаараа ажиллаж байна. Хамгийн наад зах нь малчдын гар дээрээс мах сүү цагаан идээг нь зах зээлийн ханшаар авч, малчдын гар дээр бэлэн мөнгө өгдөг гээд олон зүйлийг хэлж болох аж. Өнөөдрийн хуралд ирсэн орон нутгийн төлөөллүүд “Монгол газар” компанийн үйл ажиллагаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байв. Хамгийн сүүлд гэхэд л тус компани нь оюутны сургалтын төлбөрөөс эхлээд олон зүйлд өглөгийн гараа сунгасан бол энэ жилээс нийгмийн хариуцлагаа далайцтай болгосон аж. Учир нь тэд энэ жил Орхон багийн 270 хүүхдэд сурагчийн дүрэмт хувцас авч өгсөн бол сумын төвд дотуур байрны барилгыг шинэчлэн барихад 1.4 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн тухай ярьлаа.
Г.Бат