Британийн нэрт дуучин Элтон Жон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний нэрийг барьж өөртэй нь утсаар ярьсан эрийг буруутгаж, Оросын удирдлагуудыг энэ асуудалд анхаарлаа хандуулж, хуурамч Путинийг шийтгэхийг хүссэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Тэрбээр инстаграмдаа “Би дэндүү гомдолтой байна. Путинтэй утсаар ярьсан хэмээн ихэд баярлаж явлаа. Гэтэл өөрийгөө хууртагдсан гэдгээ мэдээд сэтгэлээр унасан. Та бүхэн миний гомдлыг тайлж, хуурамч Путинийг хуулийн дагуу шийтгэхийг хүсч байна. Та бүхнээс хичээнгүйлэн гуйж байна. Хууртагдсанаас болж миний нэр хүндэд сөргөөр нөлөөлж, сэтгүүлчид болон олон нийт надаар дайжигнаж эхэллээ” гэж бичжээ.
Ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалахыг Украин, Оросын удирдлагуудад тэрбээр уриалсан байна. Энэ асуудлаар Украины Ерөнхийлөгч Петр Порошенкотой биечлэн уулзсан бол ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй хагас цаг орчим утсаар ярьсан хэмээн өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. Харин маргааш өдөр нь Путиний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Ерөнхийлөгч, дуучин хоёрыг утсаар яриагүй хэмээж “Элтон Жон хууртагдсан бололтой” гэсэн юм.
Эх сурвалж: times.mn