Бидний оюун санаа бидэнд захирагддаггүй нь нэг талаараа өнөөдрөөсөө аз жаргалыг мэдэрч амьдрахад саад болдог гэдэгтэй санал нийлэх үү? Чи л лав хүүхдээ цэцэрлэгт нь хүргэх гээд, машинтай түгжрээд явж байхдаа толгойн дотроо өнөөдрийн ажлын төлөвлөгөө, тавих ёстой presentation, дараа долоо хоногийн чухал ажил зэргээ бүгдийг нь “холион бантан” хутгачихсан бодож явдаг байх. Эсвэл ээж дээрээ хааяахан нэг очдог мөртлөө, тэгэж очихдоо хүртэл дотроо ирээдүй, болон өнгөрсний тухай хязгааргүй олон бодлууд дундаа төөрч, хамгийн эрхэм хүнтэйгээ өнгөрүүлэх цаг хугацаагаа утга учиргүй зүйлд зарцуулж байгаагаа анзаардаггүй. Өнөөдрөөрөө амьдрана гэж юуг хэлдэг вэ? Чухамдаа, тэр л мөчид бүх анхаарлаа хандуулахыг. Ухаан бодлоо зөвхөн одоо цаг дээр тохируулахыг, өнгөрч байгаа хором секунд бүрт ач холбогдол өгөн утга учиртайгаар “үрэх”-ийг…
Чамд өнөөдрийг, эсвэл маргаашийг утга учиртай болгох 10 алхмыг бэлдлээ. Эдгээрийг бүгдийг нь биелүүлэх ёстой юу? Мэдээж үгүй. Энэ бол зүгээр л бидний чамд өгч буй зүг чиг болохоос биш, чамайг бүрэн дүүрэн өнөөдрөөрөө амьдрахад замчилах төгс газрын зураг биш юм. Тийм газрын зургийг чи өөрөө олох ёстой. Ингэхдээ дээр дурдсан хамгийн чухал зарчмыг л мартахгүй байхад болно.
1. Маргааш гэж өдөр байхгүй юм шиг амьдар.
Оюун санаагаа өөр газар байлгалгүйгээр, яг одоо, тухайн цаг мөчид юу хийж, юу ярьж, хэнтэй байгаадаа анхаарлаа хандуул. Бид аль хэдийн болоод өнгөрсөн зүйлсийг өөрчилж чадахгүй, тиймээс өнгөрсөндөө хүлэгдэх нь биднийг нэг их юманд хүргэхгүй. Бид ирээдүйг зөгнөж чадахгүй, тиймээс тэр талаар санаа зовних нь ч бас л чамд огт тус болохгүй. Үүний оронд, одоо-д анхаарлаа хандуул. Хоол идэж байхдаа түүний амтыг бүрэн дүүрэн мэдэрч, хэн нэгэнтэй утсаар ярьж байхдаа түүний үг бүрт анхаарлаа хандуулж, онигоо уншихдаа ч оюун санаагаа бүрэн чөлөөлж байгаад 100 хувь инээ.
2. Бага зүйл хий.
Төлөвлөгөөний чинь дэвтэрний өнөөдрийн хуудас дүүрэн байна уу? Хийх ёстой зүйлээ хагасаар нь хуваа. Тэр жагсаалтан дээр байгаа бүхнийг чи хийх ёстой биш. Хэд хэдийг нь хасаад, дараа долоо хоног хүртэл хойшлуулчих. Яаралтайд нь биш чухалд нь л анхаарлаа хандуул. Тэгвэл чи бага стресстэнэ. Хэрэв чи хийхээр төлөвлөсөн зүйлсээсээ дөнгөж тал хувийг нь л бүрэн хэрэгжүүлвэл, тэр өдөр чиний хувьд хамаагүй жарагтай өнгөрөх бодно.
3. Хэдэн сарын өмнөөс хийх гээд зориг хүрэхгүй байгаа чухал ажлыг хий.
Өмнө нь хэлсэнчлэн, бага хий, гэхдээ хамгийн чухлыг сонгож хий. Чухал ажлыг яаж таних вэ? Чиний хэтийн амьдралд сайнаар нөлөөлөх том ажил. Өөрийнхөө хүндэлдэг эмэгтэйгээс эмээгээд уулзаж чадахгүй байсан бол өнөөдөр түүн лүү утасд. Энэ нь ямар ч өдрийг сайхан болгоно.
4. Өөрийнхөө мөрөөдлийн амьдралыг төлөвлө.
Мөрөөдлөө төлөвлөх нь бага зэрэг утгагүй санагдаж магадгүй. Гэхдээ, хэрэв юунд ч хязгаарлалт хориг байхгүй байсан бол чиний амьдрал ямар байх байсан бэ? Том цайзад амьдарч, хувийн онгоцоор явах тухай яриагүй л дээ. Зүгээр л чамайг юу хамгийн их аз жаргалтай болгохыг тодорхойлоход энэ тусална. Яаж эхлэхээ мэдэхгүй байвал, амьдралынхаа хамгийн үнэт 5 зүйлийг жагсааж бич. Тэгээд тэдгээр жагсаасан зүйлсийнхээ хүрээнд өөрийнхөө төгс амьдралыг төсөөл. Тэр үнэт зүйлстэй чинь хамааралгүй, илүүдэл төсөөллүүдийг боломжоороо бол хасах гээд үзээрэй. Төлөвлөж дуусаад, тийм амьдралд хүрэхийн тулд яг өнөөдрөөс юу юу хийж болох тухай бод. Тэдгээр эхний алхмуудаа дараа долоо хоногт хийхээр товлоорой. Хүссэн амьдрал руугаа хүрэхээр урагшилж байгаагаа мэдрэх нь чамд гайхалтай сайхан мэдрэмж өгөх болно.
5. Цэвэрлэ.
Жаахан ч гэсэн орон зайг — жижиг шүүгээ, шүүгээний нүд ч байж болно — чиний амьдралд чухал үүрэг гүйцэтгэдэг жижиг орчин цэвэрхэн байх нь чамайг аз жаргалтай байхад нөлөөлөх болно. Итгэмэрээгүй хэрэг ч гэлээ, ямар нэгэн хэрэггүй эд зүйл, хог буртагаас салах мэдрэмж нь эмэгтэй хүнд өөрийнхөө дотор бөглөрөөд байсан зүйлийг суллаж, сэтгэлээ уужруулахад нөлөөлдөг. Тиймээс л зарим хүмүүс стресст орсон үедээ цэвэрлэгээ хийдэг зуршилтай байдаг биз.
6.Алх.
Алхаж явахад л хүнд хамгийн үнэ цэнэтэй санаанууд төрдөг. Цэвэр агаар, эгц дээрээс ээх нар, эсвэл эгц доороос ханьсах сүүдэр, навчсын сэрчигнэх чимээг сонсонгоо ойрын хэд хоногт болсон сайхан үйл явдлуудыг түүвэрлэн бод. Өчигдөр нь төрөөд удаагүй үеэл дүүгээ анх удаа харсан бол, эсвэл найзынхаа сүй тавьсныг мэдсэн бол тэр тухай бодож инээмсэглэ. Эсвэл уржигдар гудамжинд, эсвэл клаб дотор танилцъя гэж зөндөө гуйсан, чиний сонирходоггүй төрлийн залуугийн тухай хэсэг бодож өөрийгөө тэр үед ямар үзэсгэлэнтэй харагдаж байсныг сана. Тэгээд тархиа цэвэрлэ. Өөдөөсөө ирж буй хүмүүсийг хараад огт шалтгаангүйгээр инээмсэглэ. Тэгвэл тэдний зарим нь чамд хариу инээмсэглэх болно. Энэ үед “Амьдрал ямар ч сайхан юм бэ дээ!” гэж өөрийн эрхгүй бодогдох вий.
7. Гурван чухал төсөл дээр ажилла.
Төлөвлөгөөгөө багасгах өөр нэг арга. Дээр дурдсанчлан хамгийн чухалд тооцож байгаа зүйлсээ л өнөөдрийн төлөвлөгөөндө оруулаад үз. Бүр нарийвчилбал, яг одоогоор чиний санааг зовоож байгаа, эсвэл чамд ач холбогдолтой гуравхан чухал төслийг сонгож аваад тэдгээрт өөрийгөө бүрэн дүүрэн зориулаад үз. Үүнийг маргаашнаас хийгээрэй. Өмнө нь чамд тасралтгүй ажиллаад байгаа хирнээ л, гараас чинь юм гарахгүй байгаа мэт санагддаг байсан бол энэ стратегийг хэрэгжүүлснээр чи хамааагүй бүтээлч болохоо мэдрэх боло. Үр дүн нь үнэхээр үнэлж баршгүй!
8. Өөрийнхөө доторхи “бяцхан шүүмжлэгч”-дээ амралт олго.
Өнөөдрийг учир утгатай болгох маш чухал алхам бол юуг ч шүүмжлэхгүй байх явдал. Ажлынхаа газрын ааш муутай даргыг өнөөдөр ч болов ойлгох гэж хичээ. Тэр үнэндээ маш стресстэй нөхцөлд ажилладаг учраас бухимдахаас аргагүй байдалд хүрдэг ч юм билүү? Өөрийгөө ч бас бүү шүүмжил. Өөрийгөө өрөвдөж хайрла. Ганцхан удаа найзынхаа төрсөн өдөрт явснаасаа болоод даргынхаа өгсөн даалгаврыг хийж чадаагүй байлаа ч өөрийгөө хайрла. Гудамжаар өнгөрсөн хүмүүсийн сайхан талуудыг олж хар.
9. Нар мандах, жаргахын аль нэгийг хар.
Яагаад сэтгэл санаагаа сэргээх зөвлөгөө бүр дээр нар мандах, жаргахын аль нэгийг харах тухай заавал дурдагдсан байдаг вэ? Яагаад гэвэл энэ арга үнэхээр хүнийг дотоод хүнтэйгээ хэсэгхэн зуур ярилцахад, уужрахад, гүн амьсгаа авахад, тайвширахад нөлөөлдөг болоод тэр. Бага багаар уусан алдрах нарны улбар туяа зүрхийг чинь дулаанаар дүүргэнэ. Байгаль гэдэг хэний туурвисан агуу уран зураг юм бол?
10. Хайртай хүнтэйгээ цагийг хамт өнгөрүүл.
Энэ алхмыг маш олон хүн уншчихаад л алгасчихах талтай. Учир нь бидэнд “хайртай хүмүүсдээ цаг зарцуулах” гэдэг үг хэтэрхий танил болчихжээ. Тиймээс л чихнийхээ хажуугаар өнгөрүүлэх гээд байдаг ч, үнэндээ дандаа хэрэгжүүлэх ёстой зүйл бол энэ юм. Зүгээр л чиний дэргэд амьдарч, амьсгалж байгаад нь таларрхмаар хайртай дотны хүмүүстэйгээ цуг энэ өдөр хамт бай. Ээж дээрээ хамгийн сүүлд хэзээ очсон бэ? Дуртай амттаныг нь, эсвэл сүүг нь бариад өнөөдөр орой оч. Амьдралын утга учирын талаар бид маш холоос эрж хайдаг. Гэтэл амьдралын утга учир хайрлах, хайрлуулах гэсэн хоёрхон зүйл дээр л тогтож байдаг. Энгийн хирнээ чухал санаа юм шүү.
Эх сурвалж: everyday.mn