Монгол дахь Дэлхийн банкны суурин төлөөлөгч ноён Жеймс Андерсон Дэлхийн банкны Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн асуудал хариуцсан салбарын захирал, мэргэжлийн шинжээч, эдийн засагч, нийгмийн хамгааллын чиглэлээр мэргэшсэн ажилтнуудаа дагуулан тун өргөн бүрэлдэхүүнтэйгээр Хөдөлмөрийн яаманд айлчиллаа. Тэд УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхантай уулзаж, шинэ албан тушаалд томилогдсонд нь баяр хүргэхийн хамт Хөдөлмөрийн яамнаас Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцов.
Уулзалтын эхэнд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан “Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банктай олон чиглэлээр хамтарч ажилласнаар үр өгөөжтэй төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж, үр дүнгээ өгч буйд талархаж байна. Сүүлийн үед уул уурхайн бүтээгдэхүүн, түүхий эдийн үнэ ханш дэлхийн зах зээл дээр унаж байгаа нь манай улсын эдийн засагт нөлөөлж, улмаар ажлын байр хомсдох нэг үзүүлэлт болж буй юм. Тиймээс манай яамны зүгээс танай байгууллагатай тодорхой хэд хэдэн чиглэлд хамтарч ажиллах хүсэлтэй байна. Тухайлбал, хот суурин дахь ажилгүй залуус, өрх толгойлсон эмэгтэйчүүд зэрэг хөдөлмөрийн зах зээлийн харилцаанд оролцох хүсэлтэй ч боломж хомс байгаа хүн амын давхаргад хандсан төсөл хэрэгжүүлэх. Мөн Хөдөлмөрийн хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор хөдөлмөр эрхлэлтийн олон хэв шинжүүдийн зохицуулалтыг шинээр нэвтрүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах, хуулийн хэрэгжилтийг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаа явуулахад туслалцаа дэмжлэг шаардлагатай байгаа” хэмээсэн.
Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсон “Эрхэм сайд таны хэлж буй Хөдөлмөрийн яамнаас санал болгосон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийн талаар бид судалсан. Хэрэгжүүлэх цаг хугацаа, нөхцөл бололцооны хувьд тун боломжтой үе гэж үзэж буй тул танай яамтай хамтарч ажиллахыг хүсч байна.
Манай байгууллагын хувьд ядуурлыг бууруулах, хөгжил цэцэглэлтийг дэмжих замаар олсон ашгаас бүх иргэд хувь хүртдэг байлгахыг зорьдог. Биднийг энэ зорилгоо биелүүлэхэд хөдөлмөрийн асуудал тун чухал. Тиймээс Дэлхийн банкны зүгээс Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөрийн яамтай хамтран хөдөлмөрийн зах зээлд иргэдийн оролцоог дэмжих чиглэлд үйл ажиллагаа явуулахад татгалзах зүйлгүй. Ялангуяа Улаанбаатар хотод улирлын чанартай ажил зонхилж үүнээс шалтгаалан залуучуудын хөдөлмөрийн зах зээл дэх идэвхтэй оролцоо буурч байгаа. Энэ нь эдийн засгийн талаас боломжийг муу ашиглаж байна гэсэн үг. Тийм учраас хэрхэн яаж идэвхжүүлэх вэ гэдгээр тантай санал солилцох хүсэлтэй байна” гэлээ. Мөн Жеймс Андерсон Хөдөлмөрийн сайдад хандан хөдөлмөрийн зах зээлийн бодит байдлыг илүү судлах, зөвлөгөө дүгнэлт гаргуулах, мэдээллийн сан бүрдүүлэх зэргээр мэдлэг бий болгох чиглэлд бүхий л талаар хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн.
Түүнчлэн Дэлхийн банкнаас эрхлэн гаргасан, маргааш нээлтээ хийх гэж буй “Монгол Улс дахь нийгмийн халамжийн тогтолцоо” судалгааны номын дээжийг Г.Баярсайхан сайдад гардууллаа.