9 сарын 1-ний өдөр бүх хүүхдүүд аав ээжээрээ хөтлүүлэн хичээл сургуульд явж байхад байшингийн буланд бүтэн өдөр самар заран суусан Зулаа охины мэдээллийг манай сайтаас уншаад олон хүмүүс туслахаа илэрхийлсэн байдаг.
Тэгвэл энэ үйл хэрэг эхнээсээ ажил болж өчигдөр Дуучин Б.Болд, Э.Чулуунцэцэг нар “Жаргалтай гэр бүл манайх” шинэ цомгийнхоо нээлтийн өдөрлөгийн үеэр Самар зардаг Зулаа охины гэр бүлд өвлийн давхаргатай гэр бэлэглэсэн бол СХД-ийн Залуучуудын холбоо Зулаа охины гэрийг буулгах айл болон хашааг шийдвэрлэлээ.
СХД-ийн Залуучуудын холбооны Хүмүүнлэг, эрүүл мэндийн байнгын хорооны дарга Д.Хишигбаатар: “Самар зардаг охины талаарх мэдээллийг сайтуудаас олж уншаад сэтгэл нэлээд эмзэглэн, яаж ийгээд энэ охинд туслах юмсан гэсэн сэтгэл төрж байсан. Одоо ингээд туслах сэтгэл маань манай холбооны залуучуудын оролцоотойгоор бодит ажил болж байгаад баяртай байна. Бид Зулаа охины аав, ээжийг ажилд оруулж өгч, охины сургуулийг гэрийнх нь ойролцоо шилжүүлэн ирүүлэх зэрэг олон ажлуудыг хариуцан хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Ямартай ч энэ хэд маань гэрээ бариад авлаа, одоо хийх ажил их байна” гэлээ.
Монголчууд “дэм дэмэндээ, дээс эрчиндээ” гэдэг. Ядарч зүдэрсэн нэгэндээ бид туслаж чаддаг гэдгийн тод жишээ бол Самар зурдаг Зулаа охины гэр бүлд хүргэсэн тусламжийг хэлж болно.
Гэвч бүх асуудал үүгээр дуусахгүй. Хэрвээ та Самар зардаг Зулаа охины гэрийн тавилга болон нүүрс түлээний асуудалд нь сайхан сэтгэлээр туслалцаа үзүүлвэл бид баярлах болно гэдгийг илэрхийлье.
Буян буяны дээд хүмүүнийг баярлуулах байдаг гэдэг дээ.