Дөрөвхөн настай бяцхан охиноо хэрцгийгээр зодож хөнөөсөн хэрэгт сэжиглэгдээд буй Т.Цогт, Г.Маралмаа нарт холбогдох хэрэг өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна.
Юу юугүй төрөх дөхсөн шүүгдэгч Г.Маралмаа шүүх хуралдааны үеэр ухаан алдан унаснаар шүүх хурал түр завсарлаад байгаа талаар эх сурвалж шуурхай мэдээллээ.
4 настай охины үхэлд буруутгагдан шүүгдэж буй хойт эх Г.Маралмаа тун удахгүй буюу энэ сарын 20-ны үеэр төрөх хугацаа нь болох аж.
Өмнө нь тэрбээр мөн л шүүх хуралдааны үеэр ухаан алдаж унасан, өмгөөлөгч нь ирээгүй, хүндэтгэн үзэх гэхчлэн олон удаагийн шалтгаанаар шүүх хурал хойшлогсоор өнөөг хүрсэн юм.
Шүүхээс түүнд 23 жилийн ял төлөвлөсөн гэдгээ мэдэгдсэн.
Тэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.11, 91.2.12, 91.2.15, 100.1-д зааснаар буруутгагдан яллагдагчаар татагдаад байгаа. Шүүх хурлын эхэнд Г.Маралмаа биеийн байдал тааруу байгаа тул хойшлуулах хүсэлт тавьсан бөгөөд шүүх хүсэлтийг хангаагүй. Харин шүүх хурлын явцад Г.Маралмаа ухаан алдаж унасан бөгөөд үүний улмаас шүүх хурал завсарлаад байна. Хэрвээ Г.Маралмаа, Т.Цогт нарын гэм буруутай нь тогтоогдвол өршөөлийн хуульд хамрагдахгүй. Харин Г.Маралмаа шүүх хуралдааны үеэр амаржих юм бол ялыг тодорхой хугацаагаар хойшлуулах эрх зүйн зохицуулалттай. Харин ял хойшлуулах эсэхийг шүүгч шийдэх юм. Шүүх хуралдааны талаар бид эргэн мэдээлэх болно.
Г.Туяа