Шинжлэх ухааны салбарт судалгаа хийж хүн төрөлхтний амьдралд чухал нээлт хийсэн эрдэмтдэд олгодог хамгийн нэр хүндтэй шагналын нэг болох Нобелийн шагналын эзэд өчигдрөөс /10.05/ тодорч эхэллээ. 1901 оноос Нобелийн шагналыг олгож эхэлснээс хойш хамгийн түрүүнд физиологи, анагаах ухааны салбарын шагналтнуудын нэрсийг тодруулдаг уламжлалтай.
Тэгвэл энэ оны физиологи, анагаах ухааны Нобелийн шагналтнаар Уильям Кэмпбeлл /Ирланд/, Сатоши Омура /Япон/ нар “Шимэгч хорхойноос үүдэлтэй халдварт өвчний эсрэг шинэ эмчилгээ” сэдэвт судалгаагаар, түүнчлэн Хятадын эрдэмтэн Юю Ту “Хумхаагийн эсрэг шинэ эмчилгээ” гэсэн судалгаагаараа тус тус тодорсон байна.
Физиологи, анагаах ухааны салбарын энэ жилийн Нобелийн шагналтнуудын хувьд дэлхийн хүн амын бараг гуравны нэг хувь нь амьдарч буй бүс нутагт хамгийн ихээр тохиолддог өвчлөлд судалгаа хийсэн гэж Нобелийн хорооноос мэдээллээ.
Уильям Кэмпбeлл болон Сатоши Омура нарын эрдэм шинжилгээний ажил чимэгч хорхойноос үүдэлтэй халдварт өвчний эсрэг Avermectin гэх шинэ эмийн хөгжилд нөлөөлсөн байна.
“Хумхаагийн эсрэг шинэ эмчилгээ”-ний талаар нээлт хийсэн эрдэмтэн Юю Ту Хятадын уламжлалт анагаах ухааны академид ажилладаг байна. Хумхаа өвчний эмчилгээний талаарх нээлтээ тэрээр 70-аад оны сүүлчээр хийжээ.
Нобелийн шагналтнуудын талаар
Уильям Кэмпбелл
Тэрээр 1930 онд Ирланд улсын Рамелтон гэх тосгонд мэндэлжээ. Ирланд болон АНУ-ын их сургуулиудад суралцан эрдмийн зэрэг хамгаалсан. Харин Кэмпбелл одоо Нью-Жерси мужийн Медисон хот дахь Дрю их сургуульд судлаач, эрдэмтэн хийдэг байна.
Сатоши Омура
Тэрээр 1935 онд Японы Яанамаши мужид мэндэлсэн. Нянгийн гаралтай биологийн идэвхт бодис буюу биоорганик химийн чиглэлээр судалгаа хийдэг. Бичил биетнийг илрүүлэх хэд хэдэн шинэ арга барил болон биологийн идэвхт бодисыг илрүүлэх олон аргыг боловсруулсан байна.
Юю Ту
Юю Ту 1930 онд Бээжин хотноо мэндэлсэн. 1955 онд Бээжин хот дахь Анагаах ухааны их сургуулийн Эм зүйн факультетыг төгссөн. 2000 оноос эхлэн Хятадын уламжлалт анагаах ухааны академийн тэргүүн профессороор ажиллаж байна.
Тэрээр олон жил эм зүй болон Хятадын уламжлалт анагаах ухааны салбарт судалгааны ажил хийж байгаа юм. Тэрээр хумхаа өвчнийг эмчлэх талаар судалгаа хийсэн багийг удирдсан бөгөөд тус баг нь судалгааны ажлын явцад Artemisinin гэх эмийг гарган авсан юм. Энэ эм нь хумхаа халдвар авсан хүмүүсийг эмчлэхэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас санал болгодог эмүүдийг нэг юм.