А гэгч 17 настай охин БНХАУ-ын Бээжин хотод байрлах Монгол Улсын Элчин Сайдын Яамны хорих байранд хоригдож байгаа тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан. Охины ар гэрийнхэн эл явдлыг насанд хүрээгүй хүүхдийг хууль бусаар хил давуулсан, эсвэл биеийг нь үнэлүүлэх зорилгоор авч явсан байж болзошгүй хэмээн үзэж цагдаад хандан эрэн сурвалжлуулаад байсан юм.
Охиныг эх оронд нь авч ирсэн эсэх, хэнтэй ямар зорилгоор хил давсан талаар Гадаад харилцааны яамны Мэдээлэл, гадаад, сурталчилгааны хэлтсийн дарга Д.Энхтайванаас тодруулахад “Охин энэ сарын 8-нд Бээжин дахь Манай элчин сайдын яаманд өөрөө очсон. Хэнтэй, ямар зорилготой хил давж ирсэнийг нь асуухад “ Гэр бүлийнхэнтэйгээ маргалдаад уурандаа хүрээд ирсэн” гэж хэлсэн.
Өөр хүмүүс уруу татаад хуурч авч ирсэн юм байхгүй, ганцаараа ирсэн гээд байсан. Консулын газрынхан охинтой зөвшилцөж эх орондоо буцаж очсон нь дээр гэж зөвлөөд энэ сарын 9-нд харгалзах хүнтэй нь хамт эх оронд нь буцаасан. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байгаа шиг хорих байранд хорьж цагдаж байгаагүй. Консулын байранд тийм хорих газар ч байхгүй. Элчин сайд өөрийнхөө гэрт байлгаж байсан юм байна лээ” гэв.
Уг нь хууль журмандаа насанд хүрээгүй хүнийг (хүүхдийг) харгалзах хүнгүйгээр хилээр нэвтрүүлэх ёсгүй. Гэвч 17 настай жаахан охин ямар замаар БНХАУ-ын хилээр нэвтэрсэн нь хачирхалтай. Үнэхээр гэр бүлийнхэнтэйгээ маргалдаад уурын мунхагаар хил давсан эсвэл хэн нэгний ятгалгаар өөр зорилгоор хил давсан уу. Энэ хэргийн талаар охины ээж Ш-тэй утсаар холбогдож тодрууллаа.
-Охин тань ямар шалтгаанаар хил давж БНХАУ-д очсон тухайгаа таньд хэлсэн үү. Элчин сайдын яаманд өгсөн мэдүүлэгтээ ар гэрийхэнтэйгээ муудалцсан уурандаа хил даваад Бээжинд очсон гэж хэлсэн байх юм?
-Охин минь алга болсон өдрийнхөө өмнө эгчтэйгээ бага зэрэг маргалдсан юм билээ. Тэр уурандаа хил даваад явчихсан гэж консулынханд мэдүүлсэн байсан. Гэхдээ зүгээр л эгчтэйгээ маргалдсаны төлөө хил даваад явах хүүхэд биш л юмсан. Хэнтэй ямар шалтгаанаар явсан тухайгаа надад хэлэхгүй нуугаад л байх юм. Асуухаар ганцаараа явсан гээд л байгаа. Сэтгэл санаа нь хэцүүхэн л байх шиг байна. Одоохондоо нарийн ширийн юм ярихгүй байгаа. Би ч яарч асуумааргүй байна. Цаанаа нэг юм нуугаад байгаа нь тодорхой. Үнэндээ нарийн учрыг нь сайн ойлгохгүй байна. Хэсэг харж байгаад сэтгэл санаа нь тайвширахаар л сайн асуух бодолтой байна.
-Ганцаараа ямар ч зорилгогүй хил даваад явчихсан гэхээр нэг л итгэмээргүй юм. Замын зардлаас авахуулаад мөнгө хэрэгтэй болно шүү дээ. Ер нь биед нь мөнгө байсан юм болов уу?
-Биед нь 100 мянган төгрөг байсан. Би хөдөө явахдаа араас бараа авч явуулаарай гээд 220 мянган төгрөг үлдээгээд явсан юм. Охин маань 120 мянгаар нь бараа авч явуулаад 100 мянган төгрөгтэй үлдсэн юм. Гэхдээ 100 мянган төгрөгөөр Бээжин хүртэл явж чадахгүй шүү дээ.
-Бээжинд очоод хэд хоног хаана байрлаж байсан юм бол. Элчин сайдын яаманд яаж очсон гэж байна?
-Галт тэрэгний буудалд л хоносон гээд байгаа. Сүүлдээ гуравхан юаньтай үлдээд хүмүүсээс цагдаагийн газар хаана байдгийг асууж цагдаа дээр очсон гэсэн. Галт тэрэгний буудал дээр тааралдсан нутаг нэгтнээсээ асуусан шиг байгаа юм. Цагдаагийнхан нь хэл нэвтрэлцэхгүй болохоороо Өвөрмонгол хүнтэй утсаар яриулж байгаад ойлголцсон гэсэн. Тэгээд л консулын газар очсон гэж ярьсан. Намайг юм асуухаар ээжээ би дараа нь таньд ярьж өгье гээд юу ч хэлэхгүй байгаа. Эгчдээ болохоор элчин сайдын яаманд хүн хүргэж өгсөн гэж хэлсэн байна лээ.
-Охины биеийн байдал зүгээр байсан уу. Хүмүүст хууртагдаж дарамтлуулсан зүйл ажиглагдсан уу?
-Одоогоор тийм зүйл ажиглагдаагүй, биеийн байдал нь зүгээр ч нарийн ширийн зүйл ярихгүй байна. Өчигдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагаас дуудаж мэдүүлэг авсан. Олигтой юм ярихгүй болохоор нь ээж нь гарч байя, мэдүүлгээ сандрахгүй өгөөрэй гээд гарч хүлээж байгаад мэдүүлгийг нь өгүүлсэн. Сүүлд нь цагдаатай нь уулзаж асуухад “Гэрийнхэнтэйгээ муудалцаад уурандаа хил даваад явчихсан гэж мэдүүлсэн. Өөр юм ярихгүй байна” гэж хэлсэн.
Ямар нэгэн хохирол байхгүй, гэмт хэргийн шинжтэй зүйл ажиглагдаагүй болохоор хэргийг нь хаах уу гэж асуухаар нь хэргийг нь хаалгачихсан.
-Охиныг хэзээ, хэн эх оронд нь авч ирсэн юм бэ?
-Энэ сарын 11-нд гэртээ ирсэн. Би өөрөө хөдөө байсан болохоор очиж амжаагүй. Замын-Үүдэд амьдардаг найздаа хэлээд Бээжин дахь Консулын газраас охиноо авч ирүүлсэн.