Дорно дахины анагаах ухаан түүний дотор монгол эмнэлэгт хүүхдийн чихний судсаар өвчнийг оношлох ба чихэн дээрх био идэвхт цэгийг илж цочироон элдэв өвчнийг эмчлэх, сэргийлэх өвөрмөц аргатай.Өглөө, орой болон ядарсан үед тогтмол илэх нь биеийн үйл ажиллагааг сэргээж сэргэлэн цовоо болгох, элдэв өвчнөөс сэргийлэх ач холбогдолтой.
Чих нь хүний үр хөврөлийн хэлбэртэй бөгөөд чихний гэдэс нь үр хөврөлийн толгойн хэсэг болно. Чихний дэлбээн дээр мэдрэл, бүх дотор эрхтэнтэй холбоотой био идэвхт цэг байх бөгөөд ямар нэгэн эрхтэн өвчилсөн үед энэхүү цэгийн идэвх нэмэгдэж, эдгэрсэн үед буурдаг. Чихийг илэх үед эдгээр дотор эрхтэний үйл ажиллагааг эрчимжүүлэн сэргээнэ.
Чихийг илэхдээ эхлээд чихний гэдсийг эрхий ба долоовор хуруугаар хавчиж илэх бөгөөд дараа нь чихний дэлбээний захаар дээшлүүлэн дэлбээний мушгиа хэсэг хүртэл долоовор хуруугаар чихний дэлбээний дотор хэсгийг, эрхий хуруугаар гадна хэсгийг халуун оргитол илж үрнэ.
Гарын хурууг янз бүрийн чиглэлд хөдөлгөж долоовор хуруугаар чихний сэртэнг ургаш хойш 10 удаа хөдөлгө. Дараа нь хоёр гарын алгаар чихний дэлбээг толгойд нь нийлүүлэн шахах ба дэлбээг урагш хойш нь 10-20 удаа хөдөлгөж илнэ.
Чихний иллэгийг 6-8 удаагийн гүнзгий амьсгалах дасгалтай хослон хийхэд ядаргааг арилгаж ажиллах чадварыг сэргээнэ.