Нэр алдартай болохын цагт жүжигчдийн гишгэсэн мөр, хийсэн үйлдэл, хэлсэн үг төдийгүй ар гэр, ойр дотныхон, хувийн амьдрал нь сэтгүүлч сурвалжлагчдын хараанд ордог. Хүмүүс ч тухайн алдартнаас илүүтэй тэдний хүүхдүүдийн үйл хөдлөлийг сонирхож байдаг нь нууц биш. Ингээд асуудалд орж аав ээжийнхээ чихийг халууцуулж, нүүрийг улайлгасан алдартнуудын хүүхдүүдийг танилцуулж байна.
Марлон Брандо
1990-ээд онд Холливудын хүсэмжит эрчүүдийн нэг асан Марлон Брандогоос илүүтэй шар хэвлэлийн хуудсыг чимсэн мэдээлэл хүүгийнх нь талаар байв. Марлоны хүү Кристиан 1990 онд эгчийнхээ найз залууг хөнөөсөн юм. Эгч Шайенн нь дүүдээ найз залуу нь өөрт нь гар хүрсэн талаар гомдоллосноос болж энэ хэрэг гарчээ. Кристианд эгчийг нь гомдоосон эрийг хашраах өөр арга олдоогүй бололтой, Холливуд дахь эцгийнхээ гэрт өнөөх эрийг буудан хороосон байдаг. Шүүхээс тухайн үед насанд хүрээгүй байсан Кристиан Брандод зургаан жилийн хорих ял оноожээ.
Мартин Шин
Жүжигчин Мартин Шины Чарли хэмээх хүмүүжилгүй хүүгийн талаар бүгд мэднэ. Америкийн цагдаагийнханд тэрээр “Hot Shots!” кинонд бүтээсэн дүрээсээ гадна 1980-аад оноос эхлэн хуримтлагдсан хэргийн протоколуудаараа танил нэгэн. Хамгийн сүүлд буюу 2009 онд эхнэрээ зодсон томоохон дуулианы дараа тэрээр шүүхийн өмнө дуудагдсан бөгөөд энэ нь жүжигчний карьерт нь ч сөргөөр нөлөөлсөн юм.
Ник Нолти
Алдарт жүжигчин Ник Нолтигийн хүү жүжигчин Броули Нолти архинаас хамааралтай нэгэн. Өмнө нь нэлээн хэдэн удаа архидан согтуурч цагдаагийнхны хараанд орж байсан Броули 2009 онд согтуугаар жолоо барьсан хэргээр саатуулагджээ. Номхон далайн эргийн дагуух замаар нэг эгнээнээс нөгөө эгнээ рүү үсчин, бусад зорчигчдод хөдөлгөөнд оролцоход нь саад болж явсан түүнийг Калифорнийн эргүүлийн цагдаа нар зогсоосон байдаг. Машинаасаа унах шахам бууж, арай ядан хөл дээрээ зогсч байсан тэрбээр цагдаагийнханд нэрээ ч хэлж чадахгүй байсан гэдэг.
Майкл Дуглас
Кирк Дугласын ач, Майкл Дугласын хүү Кэмерон удам дамжсан жүжигчдийн карьерийг амжилттай үргэлжлүүлсэн боловч нэр төртэй гэр бүлдээ жинхэнэ хар дарсан зүүд болон хувирсан байна. Тэрээр гурван удаа хар тамхи дамжуулсан хэрэгт сэжиглэгдэн саатуулагдсан юм. Хэрэв тэр машиныхаа тээшинд хар тамхи нууж яваад баригдсан бол бас яая гэхсэн. Ийм зүйлийг Америкт бол нүдээ аниад л өнгөрөөчихдөг болсон цаг. Гэтэл тэр Америкийн баячуудын хороолол болон дээд зэрэглэлийн зочид буудлуудыг атгасан хар тамхи худалдаалдаг томоохон сүлжээтэй холбоотой болж таарсан. Нэг удаагийн баривчилгаан дээр түүнд таван жилийн хорих ял оноосон ч хоригдож байсан камернаас нь хар тамхи олдсноор ялаа нэмүүлсэн байдаг. одоо Кэмерон Дуглас 2018 онд суллагдах ёстой юм. Мэдээж томоотой байх юм бол шүү дээ.
Сибилл Шепард
Кино, телевизийн ододын хүүхдүүд хүний юманд хуруу дүрлээ гэсэн мэдээллийг бид яаж ч тайлбарлаад ойлгоход хэцүү. Магадгүй энэ өвчин байх. Учир нь сэтгэцийн өвчтэй л биш бол юу дутлаа гэж ийм зүйл хийх вэ. 2010 онд Филадельфийн Олон улсын онгоцны буудал дээр зорчигчдын тээшнээс хулгай хийсэн этгээдийг цагдаагийнхан саатуултал жүжигчин Сибилл Шепардын хүү Сайрус байж таарсан юм. Учир мэдэхгүй жаахан хүү эсвэл өсвөр насны жаал андуураад ч юм уу, тоглоод ч юм уу хүний юм авчихлаа гэвэл нэг их гайхаад байх зүйл биш. Гэтэл тэр 23 настай түүнд ийм хэргийн төлөө гартаа гав зүүлгэх ямар хэрэг байна.
Халк Хоган
Ринг болон кино дэлгэцийн од Халк Хоганд төрсөн хоёр хүүхдээ сургаж хүмүүжүүлэх цаг зав хомс байсан бололтой. Эцэг гэсэн нэр зүүн явж байтал нэг л өдөр хүүхдүүд нь өсч томрохын хэрээр түүний чихнээс хонх уях болжээ. 2007 онд Халкын хүү Ник Хоган жолоо барьж яваад аймшигт осол хийж, хамт явсан хүн нь тархиндаа хүнд гэмтэл авсан юм. Хэрэв энэ золгүй тохиолдол байсан бол Ник хэргээс амархан мултарчих байсан байх. Гэтэл тэр согтуугаар машин жолоодсон төдийгүй 17настай байсан нь буруутгах шалтгаан болсон байдаг.
Жеки Чан
Жүжигчин Жеки Чаны 32 настай хүү Жейси Чан эцгээсээ дуулгавартай, хуулиа дээдэлдэг занг нь дуурайгаагүй бололтой. 2015 онд Хятадын цагдаа нар Жейсиг хар тамхи хадгалсан хэрэгт буруутган баривчилсан. Түүний гэрээс 100 гаруй грамм мансууруулах бодис олдсон юм. Гэтэл 2009 онд Хятадын Засгийн газраас эцэг Жеки Чаныг нь эрүүл амьдралын хэв маягт бусдыг уриалан дуудагч, хар тамхины уршгийг олон нийтэд сурталчлах үйлст хүчин зүтгүүлэхээр сонгож байсан нь асуудлыг улам хурцатгасан.
Брюс Уиллис
Нэгэн цагт Холливудын хамгийн төгс хос гэгдэж байсан жүжигчин Брюс Уиллис, Дэми Мур нарын охид бага байхын л олны анхаарлын төвд орох болсон. Харин өсвөр насанд хүрэв үү үгүй юу л эцэг эхийнхээ үгнээс зөрж, дураараа авирлаж эхэлсэн байдаг. Охин Скаут нь хуурамч бичиг баримттай явж байсан хэргээр саатуулагдаж байсан бол бага охин Талулу Белл 20 насандаа хэдэн долоо хоног дараалан үргэлжилсэн зугаа цэнгээнийхээ дараа эмчилгээнд албадан явж байв. Гэр бүл салалтын хор уршиг хүүхдийн хүмүүжилд ингэж л нөлөөлдөг ажээ.
Лоуренс Фишборн
“Матриц”-ын Морфеус гэдгээрээ дэлхий даяар алдаршсан Вачовски Лоуренс Фишборн төрсөн охиныхоо өмнөөс нүүр хийх газаргүй болж байв. Учир нь түүний охин Монтана 19 настайдаа кино урлагт хөл тавьжээ. Өөрөөр хэлбэл порно кинонд тоглосон хэрэг. 2010 онд интернэт болон секс шопуудаар Монтана Фишборнын тоглосон хэд хэдэн порно кино худалдаанд гарсан бөгөөд түүий “жүжигчний” карьер нь хоёр жил гаруй идэвхитэй үргэлжилсэн. Дараа нь цагдаа нар Монтанаг биеэ үнэлэлт болон дээрмийн хэргээр баривчилсан бөгөөд энэ бүхний эцэст Лоуренс Фишборнын охин Хьюстоны хямдхан тайчих клубт бүжиглэдэг болох нь илэрсэн юм. Магадгүй энэ нь нэрд гарах хамгийн хялбар бөгөөд хурдан арга байж мэдэх юм.
Жон Бон Жови
Дуучин, жүжигчин Жон Бон Жовигийн 19 настай охин Стефани хар тамхины тунгаа хэтрүүлснээс болж эгээ л нөгөө ертөнцөд морилчихоогүй. Алтан гартай эмч нарын буянаар эргэн ирсэн түүнийг дахин нэг таагүй явдал хүлээж байсан нь цагдаа нарын хараанд орсон явдал байв. Тэд Стефанигийн гэрээс хар тамхины багагүй нөөц илрүүлсэн бөгөөд шүүх түүнд оноох байсан хорих ялыг албандан эмчилгээ болгон өөрчилж бас нэг аз таарсан. Хэдэн сарын тусгай эмчилгээ, халамж арчилгааны дараа нэрт дуучны охин журамт иргэн болон томоожсон байдаг.
Николас Кейж
Николас Кейжийн хүү Уэстон хуулийнхны хараанд орохоосоо өмнө торны цаана сууж байсан нэгэн. Тэрээр тухайн үед гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэсэн шалтгаанаар баривчлагдаж байсан аж. Гэвч цагдаа нар эхний хэргийг нь тоолгүй орхисон нь ял хүндрэхээс түүнийг аварсан байна. Эс тэгвээс гэртээ их хэмжээний хар тамхи хадгалж байсан дээр нь нэмэгдэх байсан нь лавтай. Эгзэгтэй үед эцэг Николас Кейж нь энэ хэрэгт хөндлөнгийн нөлөө үзүүлж, хүүгээ сэргээн засах эмчилгээнд явуулах шийдвэр гаргуулж чадсан юм. Уэстон ч эцгийнхээ итгэлийг алдаагүй байна.
Роберт Дауни-бага
Бага Роберт Даунигийн хүү Инди хэний хүү вэ гэдгээ харуулсан. Учир нь эцэг нь түүний му зуршлийнх нь үлгэр жишээ. Гэхдээ Роберт Дауни энэ бүхнээ засч, дахиж архитай нөхөорлөлгүйгээр хэрхэн дахин супер од болон мандаж болдгийг ч бас харуулсан нэгэн. Харин хүү нь түүний сайн талыг дуурайгаагүй бололтой. Тиймээс хүү нь цагдаад хар тамхины хэргээр баривчлагдсаны дараа эцэг нь түүнийг албадан эмчилгээнд явуулсан юм. Робертын энэ хүмүүжлийн хатуу арга ч үр дүнгээ өгч эцэг хүү хоёр үлгэр жишээ биеэ авч явах болсон байна.
Уитни Хьюстон
Эцэг хүү Дауни нар өөрсдөд нь тулгарсан асуудлыг нэр төртэйгээр давж гарч чадсан бол нэрт дуучин Уитни Хьюстон болон түүний ганц охин Бобби Кристина нар нүүр тулсан бэрхшээлийнхээ өмнөөс зоригтойгоор сөрөн тэмцэж чадаагүй юм. Тэд хоёул хар тамхины золиос болж, улмаар амиа алдацгаасан. Нэг бус удаа хар тамхи хэрэглэсэн хэргээр цагдаад баригдаж байсан Бобби Кристинагийн өөртөө мансууруулах бодис тарьж байгаа бичлэг нь интернэтэд тавигдснаас хойш олонд ил болсон юм. Ээжийгээ нас барсны дараа бүсгүй өөрийгөө хянаж чадахаа больж, сэтгэлийн гүн хямралд орж, амиа хорлохоор удаа дараа оролдож эхэлсэн нь түүнийг эмнэлгийн орон дээр хагас жил ухаангүй хадсаны эцэст нөгөө ертөнц рүү авч одсон билээ.
Эх сурвалж : caak.mn