Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс “Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх аргачлал”-ыг боловсруулж шүүгч, судлаач, эрдэмтдэд танилцуулан хэлэлцүүлж, шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх нэгдмэл аргачлалыг санал болгох зорилгоор өнөөдөр “Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх аргачлал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
АНУ болон Япон зэрэг эрх зүйн өндөр хөгжилтэй улс орнуудын нэгэн адил шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийж, түүний үндэслэл, ач холбогдлыг судлаачдын дунд шүүмжлэн хэлэлцүүлэх нь Монгол Улсын шүүгчийн ажлыг хариуцлагажуулах, шүүхийн шийдвэрийн чанарыг сайжруулах, эрх зүйн хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэртэй гэж үзэн тус аргачлалыг сайжруулах, цаашид Монгол Улсад эрдэмтэн судлаач, оюутныг нэгдмэл аргачлалаар шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийлгэж байх талаар санал солилцож, хэлэлцүүлсэн байна.
Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх нь дараах ач холбогдолтой. Үүнд:
-Эрх зүйн онол ба хууль тогтоомжийн уялдаа холбоо, хууль хэрэглэх арга зүйг танин мэдэхээс гадна шүүхийн шийдвэр бичих, боловсруулах арга техникт суралцах, шүүхийн шийдвэрийн үндэслэл, агуулгад судлаачийн байр сууринаас үнэлэлт, дүгнэлт өгөхөд дөхөмтэй болно.
-Шүүхийн шийдвэрийн үндэслэл, бичвэр сайжрах, цаашлаад шүүгчийн хариуцлагыг нэмэгдүүлэх нэг шалгарсан арга юм. Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийснээр шүүгчид аливаа асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэжээ гэдгийг гаргаж ирдгээрээ ач холбогдолтой.
-Эрх зүйн тулгамдсан асуудлыг илрүүлэн тогтоож, судалгааны түвшинд гаргаж ирэх ач холбогдолтой.
-Судалгаа, шинжилгээний ажил хийхэд тухайн сэдэвтэй холбоотой шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийснээрээ судалгааны ажил илүү бодитой, үр нөлөөтэй болох юм.
Тус хэлэлцүүлэгт урьд өмнө Монгол Улсын шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийж байсан эрдэмтэд, Монгол Улсын их дээд сургуулиудын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, шүүгчид, шүүхийн захиргааны ажилтан зэрэг нийт 30 гаруй төлөөлөл оролцож, хэлэлцүүлгийг өрнүүлсэн бөгөөд цаашид эрдэмтэн, судлаачид, хуульч, эрх зүйч, оюутныг энэхүү санал болгож байгаа нэгдмэл аргачлалаар Монгол Улсын шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийж байх нь зүйтэй гэж үзэн нэгдмэл аргачлалыг хэлэлцэн баталснаар өндөрлөсөн байна.