Ням гаригийн орой бүр амьсгал даран хүлээлгэдэг болсон Авьяаслаг Монголчууд Шоу тав дахь долоо хоногийнхоо нүүрийг үзлээ. Энэ удаагийн дугаар үзэгчдийг уйлан дуулуулж, инээн баясгаж, бахархуулан бадруулсан үдэш байлаа.
Агуу хайрын эзэд
Шүүгч Баяраагийн хэлснээр өнөө үед өнгө мөнгө хардаг болсон энэ цаг үед нэгэн гэр бүл Монголын үзэгчдийг бишрүүлж чадлаа. Энэ бол Т.Пүрэвбаатарын гэр бүл юм. Сэтгэлээсээ урсан гарах аялгуу эгшгээ лимбэний дуу хуураар хөглөж чадсан Т.Пүрэвбаатарын гэр бүл сонгодог хайр дурлалын түүхийг хол хаяхаар агуу замыг туулсан байна. Гэр бүлд нь аз жаргалыг ерөөе.
Аав нь сайн бүжигчин үү?
Сургуулийнхаа урлагийн үзлэгт орохын тулд анхны гараагаа эхэлж байсан залуу Авьяаслаг Монголчууд шоуны тайзан дээрээс үзэгчдийг бишрүүлж, шүүгч Рокит Бэй-г тайзан дээр гаргаж чадлаа. Тэр бол 24 настай бүжигчин залуу Т.Саруултөгс юм. Эрч хүч, өөртөө итгэх итгэл, шийдэмгий зоримог байдлаараа бусаддаа үлгэр дууриалал болсон авьяаслаг залууг хайртай эхнэр хүүхэд нь дэмжихээр иржээ. 3 жилийн өмнө аавыгаа алдаж байсан түүнд эцгийнх нь үргэлжлэл болсон хөөрхөн хүү заяаж, тэрбээр өөрөө эцэг хэмээх хариуцлагатай нэрийг зүүснээр амьдрал нь тэр чигээрээ өөрчлөгдсөн хэмээн ярьсан.
Монголд цорын ганц тэнцвэртэй нугараач охин
Өчигдөр орой Авьяаслаг Монголчууд шоуны тайзан дээр гэрэл цацруулан инээмсэглэсээр гарч ирсэн бас нэгэн авьяастан бол тэнцвэртэй нугараач Э.Нарангарав байлаа. Аавыгаа үгүйлсэн сэтгэлээр нулимс цийлэгнүүлэн ярьж, ээжийнхээ ачыг хариулж сайхан амьдруулах том мөрөөдөлтэй энэ охины ирээдүй гэрэлтэй байна. Хэвлүүхэн яриатай энэ охин, Монголд ганцхан хийж чаддаг тэнцвэртэй нугаралтыг үзүүлсэн нь шүүгчид үзэгчдийг ч гайхшруулж байсан юм.
Эгдүүтэй бяцхан “ботгон тэшээ”-д
Дөрөвхөн настай бяцхан гишүүнтэй “Ботгохон” хамтлагийн 24 хүүхэд Өмнөговь аймгаас багштайгаа хамт ирж, өөрсдийн үзүүлбэрээ үзүүлсэн нь өчигдөр оройны гол оролцогчдын нэг байлаа. Оролцогчид, шүүгчид, үзэгчид бүгдийг уйлуулсан энэ бяцхан ботгонууд авьяаслаг Монголчуудын тайзыг хөгжөөлөө.
Г.Эрдэм