Үйлийн үр ба зургаан ертөнц

Зургаан ертөнц
Бид өөрийн хийсэн үйл, нисваанисынхаа эрхээр таглаатай саванд хийсэн зөгий мэт тэр л савнаасаа гарч чадалгүйгээр буяныхаа эрхээр тэнгэрийн оронд, буяны үрээ бараад нүгэл хилэнцээ даваад ирэхээр доод гурван муу заяанд унаж, атаа хорслын нисваанис арвидсанаар асурид, хармын нисваанисаар бирдэд гэх мэт төрөлд шидэгдсээр энэ орчлон хорвоод хэмжээлшгүй олон галвыг өнгөөрөөсөн байдаг ажгуу. Ингэж олон төрлийг дамжихдаа урьд өөрийн хийсэн үйл, нисваанисын шүтэн барилдлагаараа зургаан зүйлтэй эх, үр, садан, дайсан, нөхөр болон ээлжилж, үүнийгээ үйл түйтгэрээсээ болоод дараагийн төрлөө авахад өмнөх төрөлдөө ямар зовлон эдэлж, хэнтэй садагнаж байснаа санахгүйгээр дахин муу, сайн үйлээ ээлжилж үйлдсээр байдаг хэмээдэг тул энэ орчлонгийн зургаан зүйлийн эргүүлгээс гэтлэн гарах нь бид жинхэнэ амар амгаланг олох цорын ганц зам болох юмсанжээ. Тэгвэл энэ орчлон хорвоо, эргэн эргэн төрж байдаг зургаан зүйлийн амьтан гэж юу болох талаар сударт юу гэж дурдсан байдагийг тайлбарлая:
sixrealmsТэнгэрийн орон
Хүслийн таван эрдмийг төгс эдэлж амьдардгаар нь Хүсэлт орон буюу Амармаг тэнгэрийн орон хэмээсэн. Үүнд Дөрвөн их хааны язгуур, Гучин гурван тэнгэрийн орон, Тэмцлээс хагацсан тэнгэрийн орон, Төгс баясгалант тэнгэрийн орон, Хувилгасанд баясагч тэнгэрийн орон, Бусдын хувилгасанд баясагч тэнгэрийн орон хэмээх зургаан орон багтана.
Хүсэлт тэнгэрийнхэнд өлсөх, ундаасах байх бөгөөд үнэр хийгээд рашаанаар амьдарна. Царайны өнгө нь хөх, шар, цагаан, улаан болоод галбарваасан модноос гарах төгс эдлэлийг эдлэх хэмээсэн. Эд байгаад үр байдаггүй нь Хүсэлт тэнгэрүүд бөгөөд үрээс бусдад шунах хийгээд хаан, боолын ялгавар ч буй. Хүсэлт тэнгэрийнхэн хувилж төрөх хийгээд хүсэл эдлэх цагт дусал гарахгүй, хий гүйнэ. Гучин гурван тэнгэрийн орноос дээш нар, сар байхгүй боловч өдөр, шөнийн томьёо байдаг бөгөөд цагийн эрхээр цэцгийн дэлбээ хумигдах, шувууд өгүүлэл гаргах, нойр хүрэх үеийг шөнө хэмээх ба түүнээс солигдвол өдөр хэмээнэ. Гийгүүлж үйлдэх нь өөрийн биеийн гэрлээр болох болой. Ер тэнгэрүүд хүслийн эрдмийг төгс эдлэх амгалангаасаа үхэн егүүтэхийн цагт үхлийн таван ёрыг үзвээс зовлонг асар эдлэх буй.
Үхлийн таван ёр нь:
– Биеийн өнгө гоо бус болох
– Дэвсгэртээ үл баясах
– Цэцгийн эрихнүүд нь хуучрах
– Хувцсанд хир тогтох
– Биеэс урьд үгүй хөлс гарах эдгээр болой.
Ийн егүүтэхийн цагт буяны үлдэгдэл үгүй болвоос гурван муу заяанд эрх үгүй унах болой. Мөн асури лугаа тэмцэлдэх үест алагдах, таслагдах зовлонг амсах бөгөөд тэргүүн огтлогдвоос үхэн, үлдсэн гишүүн нь таслагдваас дахин төлжин ургах болой. Агуу хүчин төгссөн тэнгэрүүд хямралдваас хүчин буурай тэнгэрийн хөвгүүд өөрийн орноос үлдэн хөөгдөх хийгээд буяны цогц агуу их төгссөн тэнгэрүүдээс буян өчүүхэн тэнгэрийн хөвгүүд айн сүрдсэнээр ихэд сэтгэл хямран үлэмж зовлонг эдлэх буй.
Дүрст тэнгэрийн арван долоон орон:
Хүсэлт тэнгэрээс дээш Эсэруагийн язгуураас Доор үгүй Агнистын орон хүртэлх арван долоон орны тэнгэрүүд нь хүсэл тачаалаас хагацсан боловч дүрсэнд тачаахаас хагацаагүй болохоор Дүрст буюу Өнгөт тэнгэрийн орон хэмээн өгүүлсэн. Дүрст тэнгэрийн орныхон нь дияан хийгээд хуран мэдэл үгүй дияанаар өнө удаан амирлан орших амгаланг олж мэдэрсэн ч машид амирлах хутагтын амгалан, үлэмж үзэхийг олоогүй болохоор дияанд ашдын амгаланг олоогүй болой. Энэ тэнгэрийн орныхон хувцастайгаа төрдөг бөгөөд өөрийн биеийн хэмжээнээс хоёр дахин том хувцас өмсөнө хэмээн номлосон. Дүрст тэнгэрийн оронд өдөр, шөнө байхгүй болохоор тэдгээрийн биеийн хэмжээ хэдэн бээр буй тэр хэмжээний галаваар хэмжигдэх насыг насална.
Дүрсгүй тэнгэрийн орон:
Урьд төрөл алинаас насан юүлж, энд төрөл аваад нэрийн суурь цогц төдий бүтсэнээр өнгө, хэлбэр тэргүүтэн бие үгүй, заах орон үгүй боловч тогтоон барих сэтгэлийн ялгавраар дөрвөн оронд оршихоор номлосон. Дүрс үгүй тэнгэрийн орны тэнгэрүүдэд зовлонгийн зовлон үгүй боловч самадигийн амгалангийн чанарт галавт хэлбэрэлт үгүй оршсон тэд магад машид гэтэлсэн бус тул түүнээс дахин унана. Муу заяаны зовлонгийн давалгаанаас давсан мэт боловч өнө үл оршин, хуран үйлдсэн нь огоот урвах хэмээхийн зовлонгоор хөнөөгдмүй хэмээсэн. Дүрс үгүй тэнгэрийн орныхон биет бус тул биеийн хэмжээ байхгүй. Түүний хувилсан дүрс ч заалт мэтээр бол цаглашгүй болой. Нас нь 20-80 мянган галав байна.
АСУРИЙН ОРОН
Асури нарын орон нь Сүмбэр уулын усны төвшнөөс доошхи хөндийд оршино. Тэр нь Сүмбэр уулын усны төвшнөөс доош 84000 бээр байхаас 11000 бээрийн хэмжээнд хөндий хоосон дөрвөн сууринд асурийн дөрвөн орон оршино. Асури нар хэдий тэнгэр мөн боловч башир хуурмаг ихтэй болоод тэнгэрийн эрдмийг үнэхээр авч оршдоггүй тул “тэнгэр бус” буюу “асури” хэмээн нэрлэсэн. Асуриуд тэнгэрийн цог учралд үл тэсэхийн атаагаар сэтгэл энэлэгдээд тэнгэр лүгээ тэмцэлдвээс биеэ огтчуулах хийгээд хагалуулах тэргүүтэн зовлон олныг амсах ба тэдгээрт билэг төгсөвч тийн боловсролын түйтгэрт мөн тул үнэнийг үзэж чадахгүй хэмээн номлосон.
Тэнгэр, асури нар харилцан тэмцэлдэх үест толгой хийгээд бэлхүүс нь тасарваас үхэх ба үе гишүүн хийгээд хуруу сарвуу нь тасарваас дахин төлжин ургана.
Асури тэдгээрийн биеийн хэмжээ нь хагас гөрөш, насны хэмжээ нь Гучин гурван тэнгэр нарын орныхтой адил буюу 36 сая жил хэмээсэн.
ХҮМҮҮНИЙ ОРОН
Тив бүхэн өөрийн хойд талыг Сүмбэр уул хэмээн үзэх бөгөөд энэ нь наран ургахын эрхийн дагуу юм. Сүмбэр уулыг тойрсон тивүүдийн хэлбэр ямар байна, түүнд орших хүмүүсийн нүүрний хэлбэр тэр лүгээ адил, дөрвөн тивийн дагуул бага тивийн хэлбэр нь гол тив лүгээ адил, хэмжээ нь гол тивийн хагас лугаа адил хэмээн номлосон.
Тив эдгээр бүгд үндсэн алтан дэлхийд шүтсэн Хүмүүний орон болно. Эдгээр бүгдийн гадуур эргэн тойронд нь төмрийн чанарт уулс тогтсон бөгөөд долоон алтан уулын гаднах уул болон төмөр уулны хооронд давст усаар дүүрсэн Гадаад их далай хэмээгч оршино. Дөрвөн тив, бага найман тив хийгээд Сүмбэр уул, нар, сар, алтан уулс хийгээд далайнууд, ойр орчмын төмөр хүрээ уул, хүсэлт орны зургаан тэнгэрүүд эдгээрийг дөрвөн тивт ертөнцийн орон хэмээнэ.
Замбуутив: Сүмбэр уулын урд зүгт гадаад далайн дунд оршино. Хэлбэр нь тэрэг буюу дал мэт, хэмжээ нь гурван талдаа хоёр, хоёр мянган бээр, бага талдаа гурван бээр хагас, эргэн тойрон 6003.5 бээр. Эргэн тойрон усаар хүрээлэгдэж, өөрийн мөн чанар нь хуурай газар оршдогоор нь ийнхүү нэрлэсэн гэх ч замбу бригча модны нэрээр нэрлэсэн гэх нь ч бий. Энэ тивийн баруунд Гөвүүр, зүүнд Өөр гөвүүр хэмээх хоёр бага тив буй. Хүмүүсийн зарим нь маш ядуу, өвчин олон, нас богино байх ба зарим нь дүр сайхан, их баялаг, нас урт байх, зарим нь ямагт нүглийн үйлийг үйлдэн хүчир их муу үйлийг хураана. Зарим нь орчлонгоос уйсан бусад амьтдыг асрах, энэрэх буяны сэтгэл хүчтэй төрөх тэргүүтэн буян, нүгэл хоёрын аль нэгний үүднээс элдэв үйлийг хурааж чаддаг. Иймээс замбуутив үүний хүмүүс үйлээс төрдөг үйлийн газарт алдаршсан.
Мөн гурван санваар гурвуулаа төрдөг, орчлонгийн хотол чуулган бүгдийг бүтээн чаддаг хийгээд тус тус ялган онох билэг хийгээд орчлонгоос уйсах бодь сэтгэл түргэн төрдөг ба буян нүглийн үйлийн үрийг үзэх, номонд боловсорч чаддаг онцлогтой. Товчилвоос, ахуй үйл хийгээд эцсийн тус бүгдийг шүтээнгүйгээр бүтээж чаддаг тул болой. Бусад гурван тивд энэ мэт бус болно. Ер замбуутивийн хүмүүн нүгүүд төрөх, өтлөх, өвдөх тэргүүтэн найман зовлонгоор нэрвэгддэг.
Замбуутивийн хүний насны хэмжээ нь магадлалгүй бөгөөд ерөнхийдөө анх нас цаглашгүй байснаас эцэстээ арван насны хэмжээнд хүрнэ хэмээсэн. Одоо 60-50 насны үедээ буй бөгөөд завсартаа арвижих, хомсдох нь ч олон байна. Зуун нас төгс хүмүүсийн биеийн хэмжээний том нь өөрийн тохойгоор дөрвөн тохой, бага нь гурван тохой хагас болой. Замбуутивийн баруун, зүүнд энэ гол тивийн дагуул болох Гөвүүрт, Өөр гөвүүрт бага тивүүд оршино. Бага тивийн хэлбэр нь гол тивтэйгээ адил дал мэт, хэмжээ нь гол тивийн хагастай адил байна. Хүмүүсийн биеийн хэмжээ нь гол тивийн хүмүүсийн биеийн хагас төдий хэмээсэн хийгээд энэ тив нь үндсэн алтан дэлхийд шүтсэн хүний орон мөн. Хүмүүсийн эдлэх, хэрэглэх, зовлон жаргал бүгд Замбуу тивийн хүмүүн лүгээ адил болой.
Үлэмж биетийн тив: Сүмбэр уулын зүүнд энэ тив орших ба түүний хэлбэр нь тал саран мэт, хавтгай тал нь Сүмбэр уулыг харж байрлах бөгөөд хэмжээ нь гурван талдаа хоёр, хоёр мянган бээр, бага тал нь 350 бээр, эргэн тойрон 6350 бээр буй. Тив түүнд төрсөн хүмүүсийн бие бусдаас их том тул Үлэмж биет хэмээсэн. Үлэмж биет тивийн баруунд биет, зүүнд Их биет хэмээх хоёр бага тив буй.
Энэ тивийн төгс эдлэл цаглашгүй бөгөөд хүмүүс нь сайхан дүрстэй, насан урт, ихэд баялаг амьдарна. Тэдгээрт сахил төрөх төдий байвч авч орхихыг ялган онох билгүүн муу тул орчлонгоос уйсах ба бодь сэтгэл хүчтэй, хатуу төрөх тэргүүтэн дээдийн зам нугууд сэтгэлд нь төрөхөд бэрх болой. Арвай будаа, мах, гурил бүгдийг эдлэх хийгээд эд таваарын арилжааг үйлдэн, тухайлан үйлдсэн өмчийг эзэмшин элдэв үйл, эд бүхэнд шунах ч буй. Мөн сэтгэл хямрах болоод бэр өгч авах, хаан, харцын ялгавартай. Бие нь өлсч ундаасах, халж хөрөхийн зовлонтой хийгээд өвөл, зун, хавар, намрын улирал ээлжлэх болой.
Биеийн хэмжээ нь зуун нас төгс Замбуутивийн хүмүүсийн тохойгоор найман тохой буй. Харин өөрсдийн тохойгоор гурван тохой хагас бөгөөд бага тивийн хүмүүсийн биеийн хэмжээ нь тэдгээрийн биеийн хагас, хагас лугаа хэмээсэн. Насны хэмжээ 250 жил байна.
Үхэр эдлэгч тив: Сүмбэр уулын баруунд орших бөгөөд хэлбэр нь дугариг бөгөөд эргэн тойрны хэмжээ нь долоон мянган бээр хагас буй. Түүний хөндлөнгийн хэмжээ хоёр мянган бээр хагас байна. Тив түүнд голлон үхэр хийгээд их эрдэнийг төгс эдэлдэг тул Үхэр эдлэгч хэмээн нэрлэсэн. Баруун болон зүүнд нь тус тус Төгс хөдөлгөөнт, Дээд замд одогч бага тивүүд оршино.
Энэ тивийнхэн төгс эдлэл элбэг болоод хүмүүс нь сайхан дүрст, насан урт, баялаг ихээр амьдарна. Тэдгээрт сахил төрөх төдий боловч ялгаж салгах билгийн хүч бага болохоор орчлонгоос хүчтэй уйсах ба бодь сэтгэл ч хүчтэй хатуу төрөх нь бэрх. Мөн дээдийн замууд ч сэтгэлд нь төрөхөд бэрх байна.
Арвай буудай, гурил, мах, боорцог идэх хийгээд ган, зуд, айх хийгээд амрах сэтгэл ээлжлэх, эд хийгээд эрдэнэсийн худалдаа наймаа ч үйлдэх бөгөөд тухайлан үйлдсэн ба эс үйлдсэн өмч, сууц бүгд буй. Бэр авах, өгөх хийгээд өвөл, хавар, зун, намрын улирал ээлжлэх хийгээд хаан, харц, боолын ялгавартай, эцэг эхээс үр тариа хүртэл бүхэнд шунах болой.
Биеийн хэмжээ нь зуун нас төгс Замбуутивийн хүмүүний тохойгоор арван зургаан тохой буй. Харин өөрсдийн тохойгоор гурван тохой хагас төдий хэмжээтэй хэмээсэн. Насны хэмжээ 500 жил байна.
Яруу бус дуут тив: Сүмбэр уулын хойд зүгт орших ба хэлбэр нь дөрвөлжин, хэмжээ нь тал бүртээ хоёр, хоёр мянган бээр, эргэн тойрондоо нийлээд 8000 бээр тэгш оршино. Тэнд төрсөн амьтан тэдгээрийг үхэхээс долоо хоногийн өмнө “Чи үхнэ” хэмээх муухай дуу огторгуйгаас сонсогдох вишази хэмээх чөтгөрийн хэлээр өгүүлдэг тул Яруу бус дуут хэмээн нэрлэгдсэн. Баруун, зүүнд тус тус Муухай дуут, Муухай дуутын нөхөр хэмээх бага тивүүд оршино.
Энэ тивийнхэн төгс эдлэл хийгээд дүрс нь тэнгэр лүгээ адил бөгөөд харилцан хямрал тэмцэлгүй, нүгэл, буян алиныг нь ч эдэлдэггүй болохоор үхээд дээшээ одох тэргүүтэн буяны үрийг мөн чанараар эдлэх боловч шүтээн бие түүнд орчлонгоос уйсах бэлгэ чанар төрдөггүй тул хутагтын мөрийг шинээр олохгүй бөгөөд буяны ёсны сахил ч төрөхгүй болой. Хүмүүсийн царайны өнгө нь бүгд цагаан хийгээд зөвхөн үр, будаа иднэ. Ган, зуд үгүй ба амгалан хийгээд айх сэтгэл ээлжлэх нь үгүй, эд хийгээд үр тариа, алт мөнгөний худалдаа ч үгүй бөгөөд тухайлж үйлдсэн өмч байхгүй болой. Мөн бэр авч, өгөх нь байхгүй, халж, хөрөхийн зовлон үгүй, хаан, боол, харцын ялгавар ч байхгүй. Энэ тивийнхэн бүхэнд шунах нь үгүй бөгөөд үр будаа байгаад эд байдаггүй болой.
Биеийн хэмжээ нь зуун нас төгс Замбуутивийн хүмүүний тохойгоор гучин хоёр тохой буй. Харин өөрсдийн тохойгоор гурван тохой хагас болой. Бага тивийн хүмүүсийн биеийн хэмжээ нь гол тивийн хүмүүсийн биеийн хагас, хагас төгс хэмээсэн. Насны хэмжээ 1000 жил байна.
АДГУУСНЫ ОРОН
Адгуусанд өгүүлж баршгүй олон зүйл язгуур байх боловч тархмал хийгээд живэнги орших хоёр язгуурт хураан ангилна. Тархмал язгуур нь хүний болон хүсэлт тэнгэрийн оронд ч байна, живэнги орших нь их зонхи гадаад их далайд орших бөгөөд түүний хав харанхуй ёроол хязгаарт ч цогцлон овоорсон мэт оршмуй. Их хүчит адгууснууд өчүүхнээ барьж идэх, тэнгэр, хүмүүний эдлэлд хэрэглэгдэх тэргүүтэн өөрийн эрх үгүй, бусдын эрхэнд баригдсанаар алагдах, занчуулах ба хорлогдон зовно. Бас бус харанхуй орон хийгээд усанд төрөөд тэндээ өтөлж, үхэх хийгээд хүнд үүргээр зүдрэх, тариаланд эдлэгдэх, үс ноосоо хяргуулах, туугдах ба алагдах ёс адил үгүй олон зүйлээр нэрвэгдэх буй. Маш өлсөх, ундаасах, даарахаар нэрвэгдэх, гөрөөчин тэргүүтэнд элдэв үүднээс хөнөөгдсөнөөр тэдгээрт цаг үргэлжид аюул ер тасрахгүй болой.
Адгуусны насны хэмжээний урт нь нэгэн завсрын галавт насалж чадах бөгөөд насны ахарт магадлал үгүй. Маш богино нь нэгэн түр хормын насны хэмжээтэй ч байх. Адгуусны хамгийн бага хэмжээ нь үсний үзүүрийг тав хуваасны нэгэн хувь төдий хэмжээтэй ч буй. Ихийн хэмжээнд загас залгигч матар мэт нь 2700 бээр хэмжээтэй ч байх. Мөн лусын хаан Баясгалант хийгээд Шадар баясагч хоёр бээр Сүмбэр уулыг гурав дахин ороож, биеэ дэвсгэрээсээ үл хөдөлгөсөн ч цээж нь Сүмбэр уулын оройд хүрэх хэмээн номлосон. Эдгээр адгуусанд өндөгнөөс төрөх, умайгаас төрөх, илч, чийгнээс төрөх, хувилж төрөх зэрэг дөрвөн төрөл буй.
БИРДИЙН ОРОН
Замбуутивийн доор таван зуун бээр хэтэрвээс бирдийн Цайвар шар хэмээх балгад буй. Тэр хааны харшид нүглийн үйлээр хаягдаж, төгсгөл нь буяны үйлээр төгссөн
тэнгэрийн цог учрал лугаа тэнцэх төгс эдлэл бүрдсэн бөгөөд буян, нүглийн авах, гээхийг ном ёсоор үзүүлдэг Эрлэг номун хаан хэмээгч заларна. Түүний нөхөрт бирдийн гучин зургаан язгуур буй. Ер хармыг дийлэнх шүтсэнүүд бирдэд төрөх бөгөөд тэдгээрүүд үргэлжийн өлсөх ба ундаасах, мах, арьс, цус нь хатан хатингартаж, түлэнхий хожуул мэт болоод, нүүр нь үсээр бүрхэгдэн, ам нь маш ангаснаар үргэлжид зовно. Бирд үүнд анхдугаарт, идэх уух нь дотроосоо шалтгаалан зовох, хоёрдугаарт, идэх уух нь гаднаасаа шалтгаалан зовох, гуравдугаарт, идээ ундаанаас шалтгаалан зовох үндсэн гурван зовлон байна.
Бирдүүд ус, булаг хийгээд далай, цөөрөм хараад гүйн очихуйд тэнд илд, жад барьсан амьтад гэдрэг нь үлдэн хөөх хийгээд ус тэдгээр нь идээ бээр, цусанд үзэгдээд ууж, эдэлж үл чадна.
Бирдийн ам нь зүүний сүвэгч төдий, гал бадарсан, сүвээ гэдэс нь үлэмж уул мэт том тул их далайн усыг уувч хоолойн мухар уужим болоод, амны халуун хороор уусан дусал хатаж үйлдэнэ. Ийн тэдгээр идээ, ундыг саадгүй олсон ч өөрөөс шалтгаалан идэж, ууж үл чадна.
Галын илчин амнаас нь бадарснаар идсэн уусан бүгдийг шатааж орхино. Мөн өтгөн, шингэн элдэв ялгадас, илжирсэн ялзарсан өмхий үнэрт бузар зүйлийг идэж уух хийгээд зарим нэг нь өөрийнхөө махыг ч тасдан иднэ. Ариун болон сайн идээ ундааг хэзээ ч эдэлж үл чадна.
Тархмал бирдүүдийн орон нь магадлал үгүй бөгөөд тэнгэр, хүмүүний оронд ч байна. Бирдүүдийн насны хэмжээ нь хүмүүний нэгэн сарыг нэг хоногт тооцсоноор өөрийн жилээр таван зуу насалж чадна. Заримууд нь таван мянга хийгээд түм насалад үл үхэх ч буй. Биеийн хэмжээ нь нүглийн эрхээр их, бага элдэв боловч бирдийн бага нь нэг төө, томыг нь мянган бээр хэмээсэн. Эдгээр бирдүүд умайнаас төрөх хийгээд хувилж төрөх үйлтэн болой.
ТАМЫН ОРОН
Халуун там: Замбуу тивийн доор 20000 бээр өнгөрвөөс Амлашгүй их тамын дээд босго байна. Орон түүний хэмжээ зүг бүхэндээ 20000 бээрийн дөрвөлжин болой. Түүний доод суурь нь тэндээс дөрвөн түмэн бээр бөгөөд түүний дээр Маш халуун там, Халуун там, Их уйлан дуудагч, Уйлан дуудагч, Хураан дарагч, Хар шугамт, Дахин сэргэгч тамууд дээр дээрээсээ давхарлан оршино.
12_9c093e(1)Эдгээр найман халуун там бүхэнд ойр орчмын арван зургаан тамын орон буй. Тамд төрсөн амьтад маш тэсэшгүй зовлонг зуун голти жил эдэлж нүглийн үйлээ барагдахыг хүртэл амь лугаа үл хагацна хэмээсэн. Тэр ч хүмүүний 50 жилийг Дөрвөн их хааны 1 хоног, түүний 30 хоногийг 1 сар, 12-ыг нь нэг жилд тооцсоноор дөрвөн Их хааны насны хэмжээ нь 500 жил болно. Тэр 500 жилийг нэг хоног, тэр хоногийн гучийг нэг сар, 12 сарыг нэг жилд тооцсоноор 500 жил нь Дахин сэргэгч тамын насны хэмжээ болно. Түүнчлэн хүмүүний 100 жил болон 200, 400, 800, 1600 жилүүд нь зэргэмжлэн Гучин гурван тэнгэрийн орноос Бусдын хувилгасанд эрхээр болгогч тэнгэрийн орныг хүртэл тэдгээр орны нэг хоногийн хэмжээ болно. Энэ мэтчилэн тэнгэрийн 1000 жил, 2000, 4000, 8000, 16000 мянган жилүүд нь зэргэмжлэн Хар шугамт тамаас Халуун тамыг хүртэл эдгээр тамын орны нэг хоногийн хэмжээ болно. Энэ хоногийн хэмжээгээр тооцон эдгээр тамын амьтад өөрийн жил үүгээр 1000-16000 хүртэл жил насалж чадах буй. Маш халуун тамын амьтад завсрын галвын хагас хийгээд Амлашгүй тамын амьтад завсрын нэг галав насалж чадна.
Ер тамын амьтдын биеийн хэмжээнд магадлал үгүй бөгөөд хилэнц нүглийн үйлийг хэр хүчтэй үйлдэж хурааснаар түүний бие нь нэн их хэмээн хураасан нүглийн их, багаар бие нь том, жижиг байхаар номлосон.
Ойр орчмын там: Тэдгээр найман там бүрт дөрвөн хаалгатай төмөр хүрээ хэрэм тус бүр бий. Тэдгээрийн гадуур мөн дөрвөн хаалгатай төмөр хүрээ хэрэм буй. Тэр хаалга бүрт амьтны үлэмж там буюу ойр орчмын дөрөв, дөрвөн тамын орон буй бөгөөд эдгээр нь Галт нурман гуут там, Өмхий балчиг буюу баасны балчиг, хүүр мэт үнэрт там, Тонгоргон замт там, Олом үгүй цусан мөрөн нэрт тамууд юм.
Галт нурман гуут там нь өвдөг далдрах төдий галт нурман гуу буй бөгөөд тамын амьтад тэд орон эрж одохдоо түүнээ гишгэхүй үед арьс хийгээд мах, цус бүгдийг нурам болгон сүйтгээд өргөхийн цагт тэдгээр дахин төлжин ургах болой.
Өмхий балчиг буюу баасны балчиг, хүүр мэт үнэрт там нь өмнөх тамтай залган орших бөгөөд орон эрэгч амьтад бээр гатлахуй үед түүнд унаж толгой далдран живнэ. Тэр балчигт орших хурц, урт хошуут өт хорхойнууд тэдгээрийн арьс, мах, шөрмөс, яс, чөмгөнд тултал нүхлэн уудлаж идэн үйлдэнэ.
Тонгоргон замт там нь өмхий балчигт тамыг залгаад зүйл бүрийн хутганы ир зэрэглэсэн зам буй. Орныг эрэгч амьтад түүнээ одоод хөлөө тавихад арьс, махыг нь тасдаад, өргөвөөс дахин төлжих болой. Үүн лүгээ залгаад илдэн навчит ширэнгэн ой буй бөгөөд түүнд одвоос сүлбэгдэн хөл, гар тэргүүтэн үе гишүүн нь хэрчигдэн тасарваас сахлаг ноход ирж иднэ. Түүн лүгээ залгаад төмрийн ширэнгэн ой орших бөгөөд түүнээ одохын цагт модноо тэвдүүлэн мацуулна. Мацахын цагт өргөсний үзүүр дорогш хатгаад, буухын цагт дээш хандаж үе гишүүнүүд сүлбэгдэн хэрчигдэнэ. Тэр цагт төмөр хошуут хэрээ ирж эгэм ба толгой дээр нь суун нүдний цөцгийг нь ухан идэх болой. Эдгээр нь мэсийн хорлол тул нэгд үйлдмүй.
Олом үгүй цусан мөрөн нэрт там нь төмөр ширэнгэн ой лугаа залгаад олом үгүй буцлам шүүт усаар дүүрсэн цусан мөрөн орших бөгөөд орныг эрэгч амьтад түүнээ одож, мөрөнд унаснаар дээш, доош одоод чанагдах нь галан бадарч усаар дүүрсэн тогоонд буурцаг чанах мэт болой. Цусан мөрөн түүний хоёр захад гартаа бэрээ, гох, тор барьсан тамын сахиулаад сууж гадагш үл гаргах хийгээд гох ба тороор гадагш гаргаж, гал бадарсан их сууринд гэдрэг унаган, “Юу хүсмүй?” хэмээн асуух буй. Тэдгээр нь “Би бээр юу ч үл мэдэх, юу ч эс үзэх, тийн атал өлсмүй, ундаасмуй” хэмээхүйд гал бадарсан төмөр моголцгийг аманд нь гудрах бөгөөд буцлам ширмийг ч аманд нь цутгана. Энэ тамын насны хэмжээ магадлалгүй боловч тэдгээр амьтдын зовлонг амсах үйлийн хүч барагдах хүртэл энэ тамд зовлон амсах буй.
Хүйтэн там: Замбуутивийн доор халуун тамын харалдаа нэгэн түмэн бээрийн чанад дахь мөсөн хонгилд хүйтэн там оршино. Түүнээс 32000 бээрийн доор цэврүүт там буй бөгөөд бусад долоо нь түүнээс хоёр, хоёр мянган бээрээр зааглагдан оршино. Хүйтэн там үүнд хүйтэн нь үлгэрлэж болшгүй ясанд шингэснээр тэнд төрсөн тамын амьтдын биеийг тачигнатал чичрүүлэн, үлэмж хүйтнээр энэлүүлэхүйд тэд хамаг биеэ хумин эвхэрч, усан цэврүү суун, тэр цэврүү зуу болон түүнээс дээш үлэмж хагарахуйд амьтад тэр цэврүүг идэх бөгөөд бөгснөөс нь цус, шар ус, тос, чөмөг сэлт савирч ихэд зүдэн ядарч, шүд нь тачигнан, үс нь сэрвэгнэж үлэмж хүйтнээр энэлэн уйлан дуудах болно. Хүйтэн тамын насны хэмжээ нь Магадагийн гүнцдийн наян зоорийг гүнцдээр дүүргээд, тэндээс зуун жил болгон нижгээд нижгээд гүнцэд гаргаснаар тэдгээр гүнцдийг хоцроолгүй барснаас цэврүүт тамын насан асар урт хэмээсэн. Бусад доорд тамуудын нас нь урьд урьдаас хорин хувь илүү хэмээн номлосон.
Хэсэг бусаг там: Энэ орон нь халуун, хүйтэн там тэдгээрийн ойр орчим хийгээд хүмүүний орны муу гаслант хоосон тал, их далайн захуудаар орших буй. Энэ тамд насны хэмжээ магадлалгүй боловч тэдгээр амьтдын зовлонг амсах үйлийн хүч барагдах хүртэл уг тамд гэсгээгдэх буй. Эдгээр тамын амьтад бүгд зөвхөн хувилж төрөх болой” хэмээсэн ба мөн: Энэ ертөнцийг янагуух дор бодвол элдэв зүйл амьтдын санааны эрхээр ертөнцийн оронд хэмжээ элдэв зүйл буй. Үнэмлэхүйд бодвол ертөнцийн оронд хэмжээ үгүй бөгөөд амьтны буян хийгээд хилэнцийн үйлийн эрхээр болох буй. Ертөнцийн орон эдгээрийг сэтгэлээр тийн шинжилбэл үйл нүгүүд далай мэт санаанд багташгүй. Нэгэн үсний үзүүрт ч санаанд үл багтах орон нугууд тоосчлон элдэв зүйл хэлбэртэй оршино хэмээсэн. Илбэчин бээр тарниар элдэв зүйл үзүүлэх мэт амьтны үйл нүгүүдээр сэтгэшгүй орон нугууд гарна. Тэр мэт зургийн дүрс нүгүүдийг зураачин үйлээр зурах мэт ертөнцийн орон нугууд эдгээр бүгд сэтгэлийн үйлээр зурсан зураг мөн. Зүүдэнд үзэгдэх элдэв зүйл үзэгдэл үнэн хийгээд худал хоёулаа мөн мэт орчлонгоос хэтэрсэн үзэгдэл элдэв зүйл бүгд үнэн хийгээд худлаас ангижирсан хэмээн мэдэж үйлд. Нүглийн үйл хураасны сэтгэлийн нүүрэнд муу заяаны орон ургана. Буяны үйл хураасны нүүрэнд сайн заяат орон хийгээд төгс эдлэл ургаж үзэгдэх бөгөөд түүгээр үл барам билгийн чанадад хүрсэн үнэхээр эцсийн үе дэх арилсан машид хэтэрсэн тэр ч өөр өөрийн буянаар бүтнэ.” хэмээжээ.

www.budda.mn

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …