“Би одоо 43 настай. Өдийг хүртэл өвчин хэлж байгаагүй мөртлөө сүүлийн үед байнга л ядарч сульдах нь ихсээд, мэдэгдэхүйц турж эхэлсэн юм. Ажилдаа түүртсэндээ тэр гээд тоохгүй яваад байсан улам л тамир тэнхээгүй болоод болдоггүй. Эмнэлэгт хандтал санаанд багтамгүй хариу гарлаа. Шинжилгээгээр би элэгний хатуурал буюу циррозтой болжээ. Элдэв муу зуршилгүй атлаа ийм аймшигт өвчнөөр өвдсөндөө гайхаж байсан ч элэгний хатууралтай болгох гол шалтгаан B вирус байсныг надад эмч хэлсэн юм. Би В вирустай гэдгээ, элгээ ингэтлээ муудсан гэдгээ энэ үед л мэдсэн”… энэ бас л энгийн нэгэн хүний яриа.
Өмнөх дугаартаа би C вирустай танил эгчийнхээ яриаг сануулга болгон оруулсан. Харин энэ бол В вирустай гэдгээ ч мэдэхгүй явсаар эцэсдээ элэгний хатууралд орсон ахимаг насны эрийн яриа. Бидний эргэн тойронд архаг халдварт В, С вирусын халдвар аваад үүнийгээ ч мэдэхгүй алхаж яваа төдийгүй уг вирусын аюулыг хожим хойно нь амсаж яваа олон хүн бий. Өөрөө ч мэдэлгүй эдгээр хүмүүсийн эгнээнд та ч гэсэн орчихсон яваа юм биш биз? Хүнийг хэлэлтгүй та ч гэсэн шинжилгээ өгөх цаг нь иржээ…
В ВИРУС ДОХ-ООС 100 ДАХИН ИХ ХАЛДВАРЛАМТГАЙ
В вирус нь С вирусын адилаар цусаар дамжин хүнд халдварладаг. Хүний арьс махтай харьцаж байдаг эмнэлгийн болон гоо сайхны багаж хэрэгслүүдийг ариутгаагүйн (вирустай хүнд хэрэглэсэн багажийг бүрэн ариутгаагүйгээс халдварлана) улмаас өнөөх аюул дагуулагч вируснууд халдварлах үүр уурхай нь болдог. Тэгвэл В вирус нь С вирус шиг зөвхөн цусаар дамжин халдварладаггүй. Цусаар ч дамжина, бэлгийн замаар ч халдварлана. Дархлалын олдмолын хам шинж (ДОХ) өвчин шиг бэлгийн замаар хүнд халдварладаг төдийгүй ДОХ-оос 100 дахин илүү халдварламтгай өвчинд тооцогддог аж. Иймээс В вирус нь ДОХ-той адил аюулт өвчний тоонд зүй ёсоор ордог байна.
ӨНӨӨДӨР…
Энэ мэт халдвар авсан В вирус тээгч манай хүн амын 10 гаруй хувийг эзэлж байна. Харин энэ тоог ихэсгэх үү, багасгах уу гэдэг нь бидний гарт буй. Сүүлийн жилүүдэд В вирусын халдвар залуучуудын дунд газар авсаар байгаа талаар мэргэжлийн эмч нар хэлж байна. Учир нь, В вирустай хүнтэй хамгаалтгүй бэлгийн харьцаанд орох, хамтрагчаа олон дахин солих, замбараагүй бэлгийн хавьталд орох зэргээс үүдэн, өнөөдөр залуучуудын дунд В вирус чимээгүй тархсаар буй. Өөрийгөө ч В вирустай гэдгээ мэдэхгүй байгаа олон хүн хавьтагч бүртээ вирусээ тараагаад яваа гэдгийг бүү март!!! Тиймээс В вирусын энэ ярианд ч бие биедээ үнэнч байх асуудал хамаатай байх нь.
Бид ДОХ гэдэг энэ үгийг сонсоод л жийрхдэг. Яагаад гэвэл, энэ өвчний талаар өргөн мэдлэгтэй төдийгүй аврал үгүй өвчин гэдгийг ч мэдэх учраас үүнээс бид айдаг, өөрсдийгөө ч хамгаалдаг. Гэтэл үүнтэй ижил замаар халдварлах аюулт өвчин В вирусын талаар байдаг л зүйл мэт хүлээн авдаг. Мэдээж В вирусын халдвар авлаа гэхэд ямар аюултай вэ гэдэг мэдлэг хомс учраас тэр байх. Ингээд л анхаарлын гадуур үлдсэн В вирус өдрөөс өдөрт хүрээ хязгаараа тэлсээр… Бас хэн нэгнийг чимээгүй үхэл рүү хором хормоор хөтөлж буй.
Вирусын халдвар авснаас хойш ихэвчлэн 10-20 жилийн дараа шинж тэмдэг нь илэрнэ, гэхдээ…
Зарим тохиолдолд В вирусын халдвар авчихсаны дараа ядарч сульдахаас эхлээд шинж тэмдгүүд 14 хоногоос хэдэн сар буюу тодорхой хугацаанд илрэх нь бий. Халдвар авснаас 1-6 сарын дараа
~ Арьс болон нүдний цагаан хэсэг шарлах буюу шээс хүрэн, бараан хар цай мэт болно.
~ Биеэс ялгарч буй өтгөн цайвар өнгөтэй болно.
~ Шалтгаангүйгээр эцэж, сульдана.
~ Хоолны дур арилж, дотор муухай оргин бөөлжинө.
~ Хэвлийгээр өвдөнө.
эдгээр шинж тэмдгүүд илэрдэг байна. Гэхдээ вирусын халдвар авсан бүх хүнд ийм шинж тэмдгүүд илрэхгүй гэдгийг анхаар!!!
Гэтэл монгол хүний хайхрамжгүй зангаасаа болоод өөртөө буруу онош тавин дур мэдэн эм тангаар аргалах нь элбэг. Шинж тэмдгүүд тодорхой хугацаанд илэрч байгаад ихэнхдээ алга болчихдог төдийгүй үүнийг нь вирус тээгчид “ЗҮГЭЭР БОЛЧИХЛОО” хэмээн өөрийгөө тайвшруулна. Гэтэл энэ нь үнэн хэрэгтээ зүгээр болох биш, өвчин улам архаг хэлбэрт шилжсэний дохио буюу вирус тараагч, хадгалагч болсон байдаг аж. Энэ нь цаашлаад элэгний архаг үрэвсэлтэй болгож, архаг үрэвсэл нь элэгний эд эсийг гэмтээн сорвижуулж, энэ бүхэн эцэс сүүлдээ цирроз, бүр хорт хавдарыг бий болгодог үндэс суурь нь болдог байна.
Ямар нэгэн замаар В вирусээр халдварлачихаад шинж тэмдэг илэрнэ хэмээн хүлээгээд суугаагүй биз. Өвчин бүхэн өвдөж эхэлдэггүй!!! Үүний тод жишээ нь энэ. Вирусын халдвар авчихсан хүмүүсийн ихэнх хувь нь халдвар авснаа тэр бүр мэддэггүй. Ингэж мэдэхгүй яван явсаар өвчний явц элгийг тань аажим аажмаар мэрж хэмэлсний эцэст 10-20 жилийн дараа элэгний аймшигт өвчнөөр өвчилсөн байдаг. Яг л дээр өөрийгөө элэгний циррозтой гэдгээ гэнэт мэдсэн залуу шиг нэг л мэдэхнээ харанхуй ангал руу “унасан” байх…
Эмч нар хүртэл “Ихэвчлэн хүмүүс 40 гарчихаад B, C вирустай гэдгээ мэддэг. Харин энэ үед вирус нь аль хэдийн элгийг нь гэмтээчихсэн, архаг үедээ орчихсон байдаг” гэдгийг хэлж байна. Яагаад 40 нас гараад элгээ ингэтлээ муудсаныг, энэ үед нь яагаад элэг нь эмчилгээ авахтай, үгүйтэй мууддаг юм бол… Залуу байхдаа В вирусээр халдварласнаа мэдэхгүй удаан явах нь элгийг гэмтээх гол шалтгаан ч уг гэмтлийг нь түргэсгэх хүчин зүйлүүд ч бий. Мэдээж энэ бол согтууруулах ундаа, хорт бодисууд. Гэтэл бид 20 гараад л согтууруулах ундаа, хорт бодис болох тамхийг тогтмол хэрэглэдэггүй гэж үү? Вирус тээгч болсноо мэдэхгүйн дээр эдгээр хорт бодисуудыг тогтмол хэрэглэх нь элгийг илүү хурдан гэмтээдэг аж. Мөн энэ нас бол хүний ажлын хамгийн оргил үе. Вирус тээгч хүний хувьд ядрахаа ч мэдэхгүй ажиллах, архи – тамхийг тогтмол хэрэглэх нь элгээ гэмтээх хугацааг улам богиносгож буй хэрэг юм. Ингээд л 40 гараад эхлэхээр элэг нь үрэвсэж, хатуурч, бүр хавдартай болох нь ч бий. Тамир тэнхээгүй болсон ахимаг насныхан, тэр дундаа эрчүүд эмнэлгийн зүг зорьж, вирус тээгч гэдгээ, элэг нь хэрхэн гэмтсэнээ сая л нэг олж мэднэ. Ийм л нэг амьдралын шугманд бид орчихоод буй.
БИ ВИРУСТЭЙ БОЛЧИХЖЭЭ… ОДОО ЯАХ ВЭ?
Эрт оношлоод, тууштай эмчлүүлбэл эдгэрэх өвчин. В вирустай гэдгээ эрт мэдсэн үед вирусны эсрэг вакциныг тариулж, эмчилгээгээ эрт үед нь эхэлснээр хор уршиггүй эдгэрэх магадлал өндөр. В вирусны эсрэг урьдчилан сэргийлэх вакцин ч бий. Гэтэл вирус тээгч гэдгээ элгээ гэмтээх архаг үед орсон хойно л мэддэг нь бидний төрх байдал болсон энэ үед үүнийг засаж залруулж, зөв горьдролд нь оруулах цаг ирсэн байна. Вирус тээгч болсон гэдгээ эрт мэдэхийн тулд тогтмол хугацаанд цусны шинжилгээ өгч байх хэрэгтэй. Гэхдээ авсан хойно нь арга хэмжээ авах бус, авахаасаа өмнө сайн урьдчилан сэргийлэх нь зүйн хэрэг. Тиймээс,
Нэгдүгээр, таны арьс махтай харьцаж буй эмнэлгийн багаж хэрэгсэлтэй хянамгай хандаж, ариутгасан эсэхийг нь сайтар лавла. Ичиж нэрэлхэхгүй ариутгасан эсэхийг нь асуу, сэжигтэй санагдаж байгаа бол шалгасан ч болно. Энд таны амь нас шийдэгдэж байгаа гэдгийг бүү март!!!
Хоёрдугаарт, сар бүр, эсвэл хагас жилд нэг удаа буюу тогтмол хугацаанд цусны шинжилгээ өгч бай. Цусны шинжилгээ нь зөвхөн вирус гэлтгүй таны эрүүл мэндийн талаар хэлээд л өгнө.
Гуравдугаарт, замбараагүй болон санамсаргүй бэлгийн хавьталд орох, хамтрагчаа олон дахин солихоо зогсоо!!! Нэг нэгэндээ үнэнч байх нь таныг олон аюулаас хамгаална. Хамтрагчаа ч гэсэн цусны шинжилгээнд хамруулахаа битгий мартаарай. Хамтрагч тань В вирус тээгч гэдгээ өөрөө мэдэхгүй ч яваа юм билүү.
Дөрөвдүгээрт, Согтууруулах ундаа, хорт бодисуудын хэрэглээгээ хэрэглэхгүй байж чадахгүй юм гэхэд багасга!!! Ажлынхаа хажуугаар сайхан амар. Ингэж чадвал эрүүл байж, хайртай хүмүүсийнхээ хажууд урт наслана шүү дээ.
ТАНЫ АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНД ГАРТ ТАНЬ БАЙНА.
ТА ХАМГИЙН СҮҮЛД ХЭЗЭЭ ШИНЖИЛГЭЭ ӨГСӨН БЭ?