Төсвийн дагалдах хуулийн төслүүдийн
анхны хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2015.10.27/ хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ сарын 01-ний өдөр Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн аудитын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Засгийн газрын бүтцийн тухай хуулийн төсөл, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төсөл, Засгийн газрын бүтцийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байв.
Хуралдааны эхэнд байнгын хорооны дарга А.Бакей Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил, Нийгмийн даатгалын сангуудын 2016 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдаж өргөн баригдсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төсөл, Засгийн газрын бүтцийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг татан авах талаар Засгийн газраас албан бичиг ирүүлснийг гишүүдэд уншиж танилцуулсан юм.
Ингээд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд, Су.Батболд, Н.Алтанхуяг, А.Бакей нар Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд С.Баярцогт болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулсан юм.
Дараа нь байнгын хорооны гишүүдээс хуулийн төслүүдтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, М.Батчимэг нар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн холбогдох зарим заалтыг хасах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Мөн Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг Үндэсний статистикийн хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газрыг нэгтгэх тухай заалтыг хуулийн төслөөс хасч, эдгээр байгууллагыг хуучин бүтцээр нь ажиллуулах, Улсын Их Хурлын гишүүн А.Бакей Үндэсний статистикийн хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газрыг нэгтгэн Статистик, бүртгэлийн ерөнхий газар болгож Улсын Их Хурлын харьяанд ажиллуулах санал гаргасан юм. Эдгээр саналын томьёоллоор санал хураалгахад аль аль нь дэмжигдсэн тул Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуягийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор дахин санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг гааль, татварын газруудыг нэгтгэх заалтыг хуулийн төслөөс хасах, Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд, Су.Батболд нар орон нутгийн өмчтэй холбоотойгоор Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулахтай холбогдсон заалтыг хуулийн төслөөс хасах зарчмын зөрүүтэй санал гаргасан боловч байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авч чадсангүй.
Ингээд Монгол Улсын 2016 оны улсын төсвийн тухай, Хүний хөгжил болон Нийгмийн даатгалын сангуудын 2016 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдаж өргөн мэдүүлсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.
Төсвийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг дэмжив
Байнгын хороо дараа нь Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын төсвийн ерөнхийлөн захирагчид болон Сангийн яамны холбогдох албан тушаалтнууд байнгын хорооны хуралдаанд оролцсон юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт гарсангүй. Харин хуулийн төслүүдтэй холбогдуулан зарим гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын үндэслэлийг сонссоны дараа санал хурааж шийдвэрлэлээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн А.Бакей Улсын Их Хурлын Тамгын газрын 2016 оны төсвийн урсгал зардлаас 667.1 сая төгрөгийг хасч, тэр хэмжээгээр нь хөрөнгө оруулалтын зардлыг нэмэх санал гаргасан нь хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхын дэмжлэг авсан юм. Харин Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр ирэх онд болох Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн зардалд зориулж 1.8 тэрбум төгрөгийг Сонгуулийн ерөнхий хорооны ирэх оны төсөвт нэмж тусгах санал гаргасан нь гишүүдийн олонхын дэмжлэг авч чадсангүй. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл төсвийн ерөнхийлөн захирагчид төсвийн хязгаарлагдмал хөрөнгийг хэрхэн үр ашигтай зарцуулж тоо, чанарын ямар үр дүнд хүрэх нь тодорхойгүй, халтуурлаж оромдсон байдалтай байгаа тул 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн нэгдүгээр хавсралтыг Засгийн газарт буцааж, хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийн явцад дахин боловсруулж оруулж ирэх санал гаргасан нь дэмжигдсэнгүй. Үүгээр Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил, Нийгмийн даатгалын сангуудын 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг дуусгаж, энэ талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.