-Өнөөдөр цус харвалтаас сэргийлэх дэлхийн өдөр-
Дэлхийн хэмжээнд тархины харвалт нь нийт өвчлөлийн дунд тахир дутуугийн байдалд хүргэх гол шалтгаан төдийгүй, нийт нас баралтын хоёрдугаар байрыг эзэлж байна.
Манай орны хувьд ч цус харвалт өндөр орны тоонд ордог бөгөөд дэлхийн хэмжээнд харвалт эмэгтэйчүүдэд илүү тохиолдож, 10 харвалт бүрийн 6 нь эмэгтэйчүүд байна гэсэн тооцоо гарсан байна.
Тиймээс энэ жил “Би эмэгтэй хүн” гэсэн уриатайгаар харвалтаас сэргийлэх өдрийг тэмдэглэж байна.
Цус харвалт өвчнөөр эрэгтэй, эмэгтэй хүмүүс адилхан өртдөг боловч нас баралт эмэгтэйд илүү өндөр байдаг. Жирэмслэлт, жирэмснээс хамгаалах эмийн хэрэглээ, цэвэршилт зэрэг хүйсийн онцлог, нийгэм сэтгэл зүйн хямралд ялангуяа хөгжиж буй орны эмэгтэйчүүд хамгийн их цус харвалтанд өртдөг аж.
Тархины цус харвах гэж юу вэ?
Тархинд цус харвах гэдэг нь тархины судас бөглөрснөөс, эсвэл тархины судас хагарснаас тархины эд үхжин, хүн ухаан алдах, гар хөл сулрах зэргээр өрөөл татуу болохыг хэлнэ.
Харвалтыг дотор нь цусан хангамж дутагдах харвалт, цус алдалтын харвалт гэж хуваана. Цусан хангамж дутагдах харвалтын үед артерийн судас бөглөрсний улмаас тархины аль нэг хэсэгт тархины үхжил үүснэ. Цус алдалтын харвалтын үед тархины артерийн судас хагарснаас тархин дотор, эсвэл гадаргууд цус алдана. Ийнхүү тархины судас бөглөрөх, эсвэл бүрэн бүтэн байдлаа алдсанаас тархины цусан хангамж алдагдан, тархины эд эс хүчилтөрөлчийн дутагдалд орж, мэдрэлийн эсүүд үхжихийг харвалт гэнэ.
Тархи биеийн бусад бүх хэсгийн үйл ажиллагааг удирддаг тул тархины эд эс үхжихэд хөдөлгөөний болон мэдрэхүйн олон өөрчлөлт гарна. Олон улсын практикт цусан хангамж дутагдах харвалт нь нийт харвалтын 85 хувийг эзэлдэг бол манай улсад дээрх хоёр хэлбэрийн харвалт бараг ижил давтамжтай тохиолдож байна. Үүний үндсэн шалтгаан нь артерийн даралт ихсэх өвчнийг эрт оношилж, зөв эмчилж чадахгүй байгаатай холбоотой.
Дараах шинж тэмдэг илэрвэл 103 дуудаарай
Хэрэв танд
- Биеийн аль нэг хэсэг, жишээ нь нүүр, хөл, гарын булчингууд, эсвэл бүхэлдээ, гэнэт сулрах, саажих, бадайрах
- Хэлж ярихад бэрхшээлтэй, эсвэл хүний яриаг ойлгохгүй болох
- Нүд бүрэлзэх, юм хоёрлож харагдах (ялангуяа нэг нүдэнд)
- Толгой эргэх, гуйвах, гэнэт унах
- Толгой гэнэт хүчтэй өвдөх, ухаан алдах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай түргэн тусламж дуудаарай.
Цус харвалтын дараа эмчилгээг хэдийчинээ эрт хийнэ, төдийчинээ тархины гэмтлийг багасгаж, сэргэлтийг бүрэн төгс болгоно. Үүний тулд төрөлжсөн нарийн мэргэжлийн яаралтай тусламжийн баг ажиллах шаардлагатай.
Тархинд цус харвасан үед өвчтөн өөрөө тайван, хөдөлгөөнгүй хэвтэж, хүнд мэдэгдэх нь зүйтэй.
Харин гэр бүлийн хүмүүс яаралтай 103 дуудан харвалт өгсөн цаг, урьдах эрүүл мэндийн түүхийг үнэн зөв мэдүүлэн, эмнэлгийн бичиг баримтыг эмчид өгнө. Эмч иртэл дараах арга хэмжээг авна. Үүнд:
- Өвчтнийг хэвтүүлэн толгойг нь ойролцоогоор 30 градус өргөгдөж байхаар дэр ивж өгнө.
- Салхивчаа нээн цэвэр агаар оруулна.
- Даралтыг хэмжин хэт өндөр байвал уудаг эмийг нь уулгахыг хичээнэ. Эм байхгүй бол хөлийг бага зэрэг халуун усанд дүрнэ.
- Ухаангүй бол юм уулгахыг цээрлэнэ.
- Бөөлжсөн тохиолдолд толгойг хажуу тийш харуулан амны хөндийг цэвэрлэн, хиймэл шүдийг авах нь зүйтэй.
- Харвалт өгсөн цагийг эмчид үнэн зөв хэлэх ёстой. Хэдийд харвасныг мэдэхгүй бол эрүүл байсан хамгийн сүүлийн цагийг хэлж өгөөрэй.
- Эрүүл мэндийн дэвтэр, урьд хийлгэж байсан шинжилгээ, эмнэлэгт үзүүлдэг картыг хурдан бэлтгэж эмчид өгнө.
Харвалт бол бүрэн сэргийлж болох эмгэг
Америкийн эрдэмтдийн судалгаагаар тархины харвалт бүхий 100 өвчтөн
- Харвалттай 100 өвчтөний 15 нь эмнэлэгт ирэхээс өмнө нас бардаг
- Үлдсэн 85 өвчтөний 15 нь эмнэлэгт хэвтээд эхний 24 цагийн дотор нас бардаг
- Үлдсэн 70 өвчтөний 15 нь эхний 2 долоо хоног дотор нас барна
- Үлдсэн 55 өвчтөний 15 нь 2 сарын дотор нас барна.
- Үлдсэн 40 өвчтөний 15 нь 2 сараас 2 жилийн дотор нас барна
- 2 жилийн дараа 25 өвчтөн үлддэг хэмээн тооцоолжээ.Тиймээс та харвалтаас сэргийлэхийн тулд та дараах зүйлийг хийгээрэй. Үүнд:
1.Цусны даралт, сахар болон холестериний хэмжээг эмчид тогтмол хянуулж байх (биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан хоёр сар тутам, зургаан сар тутам, эсвэл жилд нэг удаа). Артерийн даралт ихсэлттэй гурван хүн тутмын нэг нь өөрийгөө даралт ихсэлттэй гэж мэддэггүй.
2.Тамхинаас татгалзах, дам тамхилдалтанд өртөхгүй байх. Тамхидалтаас болж цусны бүлэгнэлт нэмэгдэнэ. Мөн артерийн даралт ч ихэсдэг.
3.Чихрийн шижинтэй бол эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Чихрийн шижингийн улмаас тархины судаснуудад өөрчлөлт орж, харвалт үүсэх магадлал нэмэгдэнэ.
4.Өдөр бүр дасгал хөдөлгөөн хийх. Ингэснээр таны зүрх бэхжиж, цусны урсгал сайжирна. Мөн биеийн жинг тогтмол хэмжээнд барихад тустай.
Эх сурвалж: Монголын харвалт судлалын нийгэмлэг, Мянганы сорилтын сан эрүүл мэндийн төсөл